Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны төлөөлөлтэй Төрийн ордонд уулзаж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зохион байгуулсан ажлуудыг дүгнэж, Засгийн газар болон нийслэлийн баримталж буй бодлогын чиглэлийг танилцуулж, үр дүнгээ хэлэлцэж байна. “Чөлөөлье” үндэсний санаачилгаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тулгардаг төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, давхардсан дүрэм журам, шаардлагагүй зөвшөөрлийг багасгаж, төрийн үйлчилгээг илүү энгийн, шуурхай, цахим хэлбэрт шилжүүлж байгаа билээ.
Тодруулбал, нийслэлээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 80 гаруй төрлийн зөвшөөрлийг цахим системээр олгох ажлыг эхлүүлэн зохион байгуулж буй. Зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж, төрийн үйлчилгээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлсэн бөгөөд төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж байгаа юм.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн зөвлөгөөнөөр Засгийн газар болон нийслэлийн баримталж буй бодлогын чиглэлийг танилцуулж, цаашид бидний хамтдаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны жанжин шугам, ажиллах зарчмыг тодорхойлно. Иргэд асуудалд шинжлэх ухаанч байдлаар ханддаг, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулдаг, амьдралын чанарт нь бодит ахиц авчирдаг төрийг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилга энэ өөрчлөлтийн суурь үзэл санаа болж байна. Бид хөгжлөөс хойш татдаг хандлагууд, хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлөгдөх шаардлагатай. Бид төрийн хэт оролцоог бууруулж, хувийн хэвшлийн хөгжих орон зайг чөлөөлөх ёстой. Нийслэлийн бодлогын үндсэн зорилго бол иргэдийн амьдралын чанарыг сайжруулах. Тиймээс бид хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, мега төслийн тоогоор хэмжихгүй, иргэдийн өдөр тутмын амьдралын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаагаар хэмжинэ. Иргэн ажилдаа илүү хурдан хүрдэг болсон уу, хүүхэд нь сургууль, цэцэрлэгтээ ойр болсон уу, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авдаг болсон уу, амьдрах орчин нь аюулгүй, эрүүл болсон уу гэдэг бидний ажлын гол үнэлгээ байх ёстой. Бидний ажлын үр дүн нүдэнд харагдах ёстой. Энэ хүрээнд бид хот төлөвлөлтийн бодлогоо тодорхой болгоно. Хот байгуулалтын хөгжлийн дараагийн үе шат гэр хороолол, дагуул хотуудад өрнөнө. Хувийн хэвшил хотын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч байна.
Төр бизнесийн өрсөлдөгч бус хөгжлийн түнш байх нь зүйтэй. Бид төрийн үйлчилгээ бүрд процессын дахин инженерчлэл хийж, илүүдэл шат дамжлага, давхардсан үйл ажиллагааг арилгаж, цахим шийдлийг эрчимжүүлнэ. Төрийн албаны шинэчлэл иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ бухимдахгүй байх жижиг алхмуудаас эхэлнэ. "Чөлөөлье" санаачилга нийслэлийн аж ахуй нэгж, иргэдэд илүү их эдийн засгийн боломж, эрх чөлөөг нээж, төрийн бүтээмжийг сайжруулж, хотын өрсөлдөх чадварыг сайжруулах бодит ажил болж хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Иргэндээ ээлтэй, амьдралын чанарыг эрхэмлэсэн, залуусын хүсэл мөрөөдлийг дэмжсэн, хүүхэд бүрийн хөгжил, аюулгүй байдлыг баталгаажуулсан, бизнес эрхлэхэд таатай орчинтой Улаанбаатарыг хамтдаа бүтээхийн төлөө итгэл, сэтгэлээ нэгтгэн ажиллацгаая” хэмээн уриаллаа.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!