Б.Батзаяа: Дэлхийн аваргыг дэргэдээс нь тайлбарлах жимийг гаргах байх...

Ангилал
Спорт
Огноо
Унших
20 минут 14 секунд

Спортын тайлбарлагч Б.Батзаяатай хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар ярилцлаа. Тэрбээр 2006 оноос хойш 20 дахь жилдээ 6 дахь хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ тайлбарлаж байгаа юм. Өөрөө ч хөлбөмбөгийн Монгол Улсын шигшээ багийн тамирчин явсан түүхтэй билээ.

-Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс энэ жилийн ДАШТ олон онцлогтой болж байх шиг байна. Мэргэжлийн тайлбарлагч талаас хэрхэн харж байна вэ?

-Энэ жилийн дэлхийн аварга түүхэндээ хамгийн олон баг оролцож байна. 1930 онд анхны дэлхийн аварга болоход 13 баг оролцож байсан бол энэ тоог бараг 4 дахин нэмсэн баг оролцож байна. 32 багтай байхад өмнөх дэлхийн аваргууд илүү сонирхолтой байсан юм шиг санагддаг. 48 болоход хүмүүс сул тоглолтууд гарна гэж бодсон. Би ч тэгж л бодсон. Гэтэл сул тоглолтууд харьцангуй бага байна. Төсөөлж байснаас хамаагүй сонирхолтой, жижиг том багууд бүгд сайн тоглож байна. АНУ, Мексик, Канадад болж байгаа учраас цагийн зөрүү жаахан асуудалтай байгаа ч өдөрт дөрвөн тоглолт тайлбарлаад явж байгаа. Шөнө 00.00 цагаас өдрийн 12.00 цаг хүртэл чанга л юм.

Хөлбөмбөг даяаршиж байгаа нь харагдаж байгаа байх. Португал, Ардчилсан Конго улсууд үзлээ. Кабо Верде гэж жижигхэн арал улс өмнөх Европын аварга Испани улстай тэнцлээ. Үнэхээр энэ дэлхийн аварга гоё болж байна. Сул тал гэвэл АНУ, Канадад болж байгаа тэмцээнүүдэд визний асуудал жаахан хүнд байна, тамирчдад. Зөвхөн үзэх гэж байгаа хүмүүс ч биш тамирчид, дасгалжуулагчдад хэцүү асуудал тулгарлаа. Ираны багаас арын албаны олон хүмүүсийн виз гарсангүй. Ганын тамирчин Томас Бартэйн виз Канад руу гарсангүй. Тиймэрхүү сөрөг талууд байна. Эдгээр улсууд террорист халдлагад өртөж байсан. Тиймээс хамгаалалтаа нэлээд өндөр зэрэглэлд аваад байна л даа.

-Дэлхийн аваргад анх удаа орж байгаа улсуудыг үзэгчид муу тоглоно гэсэн дүгнэлттэй байсан. Гэтэл “Таамаг будилуулсан бөх” гэдэг шиг л өөр уур амьсгалтай байлаа. Үүнийг та тайлбарлаад сууж байхдаа хэрхэн дүгнэж байв?

-Дөрвөн улс шинээр орж байгаа. Бүгд тун давгүй тоглолоо. Бүгдээрээ бараг эхний гоолоо оруулчихлаа. Иордан, Узбекстан, Курасао эхний гоолоо оруулсан. Кабо Верде гоолдоогүй ч Испанитай тэнцсэн. Хаалгач нь Бозинья гээд нөхөр дэлхийн од боллоо шүү дээ. Бараг 10 сая дагагчтай болчихсон байна лээ. 40 настай карьер нь бараг дуусаж байсан хүн. Гэтэл карьерынхаа төгсгөлд дэлхийн од боллоо. Тэгэхээр шинэ баг маш гоё орж ирлээ. Шинэ багуудыг бид дутуу үнэлж байсан. Муу тоглоно, олон оноогоор хожигдох байх, дэлхийн аварга сонирхолгүй болох байх гэсэн тун дажгүй шүү. Узбекстан тоглотол манай монголчууд тоглож байгаа юм шиг адилхан царайтай. Файзуллаев гэж нөхөр гоолдчихоод гүйж байхад нь юун монгол хүн бэ гэж андуурмаар зураг гарж ирсэн. Гоё байна.

-Манай холбоо нэлээд асуудалтай байгаа. Дэлхийн аварга болж байгаа болохоор намжаад байна уу?

-Намжаад ч гэж дээ. Байж л байгаа. Асуудал үүссэн ч мөнгө иднэ. Үүсээгүй ч мөнгө иднэ. Улс төртэй холбогдчихсон. Манай хөлбөмбөгийн зарим хүмүүс ч нийлчихсэн. Өөр амьдрах арга уг нь зөндөө л байгаа шүү дээ. Заавал хүүхдүүдийн ирээдүйг хулгайлж амьдрахаасаа ичдэггүй юм байхдаа л гэж би хувьдаа боддог. Уг нь манайд боломж зөндөө байгаа. Манайхаас жижиг газар нутагтай, манайхаас цөөхөн хүн амтай, хөлбөмбөг яаж хөгждөг юм бэ гэмээр улсууд гарч ирж байхад манайх яагаад болохгүй гэж.

-Таны хувьд шөвгийн 8, шөвгийн дөрөвт ямар улсууд гарч ирнэ гэж таамаглаж байв. Шинэ багууд таамгийг хэр будилуулж байна вэ. Ер нь энэ дэлхийн аваргад аль улс түрүүлэх вэ?

-Би тэмцээний өмнө Португал, Францыг сайн явах болов уу гэж харж байсан. Эхний тоглолтуудыг харахад Португал тааруу тоглочихлоо. Энэ гэхдээ дөнгөж л эхний тоглолт шүү дээ. Өнгөрсөн дэлхийн аваргад Аргентин хожигдоод түрүүлж байсан. Испани, Португал бүгд л хожигдож, тэнцэж эхлээд цаашаа явсаар байгаад түрүүлдэг. Тэгэхээр дэлхийн аварга дөнгөж л эхэлж байна. Эхний тоглолтын дараа харахад Франц, Англи үнэхээр сайн байна. Англи ийм нээлтийн тоглолтыг хамгийн сүүлд 2018 онд л хийсэн байх. Испани тааруухан эхэлчихлээ. Ер нь Испани нэг их хол явахааргүй харагдаж байна. Янмалын гэмтэл нь гайгүй болоод л тоглохгүй бол хэцүүхэн л харагдсан. Бразил тун дажгүй эхэллээ. Аргентин Лионил Месси энэ жил 39 настай хүн шүү дээ. 35-тайдаа дэлхийн аварга болоод, тухайн тэмцээний шилдэг болж байсан. Энэ жил 39 настайдаа нээлтийн тоглолтдоо хеттрик буюу гурван гоол оруулаад өөрийгөө хэн гэдгийг харууллаа. Төсөөлөмгүй зүйлүүд цаашаа олон болох байх гэж бодсон шүү. Сенегал яаж тоглох бол, Япон яаж тоглох бол гээд харахаар гоё, гоё тоглолтууд гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Ажаад байхад бүх телевизээр ээлжлээд бүх тоглолтыг тайлбарлаад байх шиг харагдсан. Хувь хүний хувьд цагаа хэрхэн зохицуулж байна вэ. Ядралт хэр байна вэ?

-Ядралт зөндөө байна. Таван телевизээр шөнийн дөрвөн тоглолтыг бүгдийг нь тайлбарлаж байгаа. Ntv, Nsport нэг байранд байгаа болохоор нэг телевиз гэж хүмүүс хүлээж аваад байх шиг байна лээ. Ядаж байхад бүгд хол хол зайтай. Нэг нь Кино үйлдвэр, нөгөө нь Үндэсний телевиз, нөгөөх нь бүр Хан-Уул дүүрэгт. Нэг нь хотын төвд. Шөнө түгжрэлгүй тулдаа л амжиж очоод байна. Сүүлийн хэд хоногт л сайхан нойр авч чадлаа. Үнэхээр ядарсан тулдаа л унтлаа. Эхний хэдэн өдөр бол маш хэцүү байсан. Гэнэт л Америкийн цаг руу солигдчихоор чинь хэцүү шүү дээ. Эхний хэдэн өдөр ядраад, толгой өвдөлттэй байсан. Одоо арай гайгүй болж эхэлж байна. Агаар, нар, салхи үзсэн чинь гоё байна. Тэгэхгүй дандаа л шөнө гарч ирээд, шөнө нь ажиллаж, өдөр нь унтах чанга л даа. Ингээд яриад суусан гоё байна.

-Манай монголын үзэгчдийн уур амьсгал ямар байна вэ?

-Манайхан гоё байгаа. 2018 оноос хойш бид зун асарт дэлхийн аваргаа үзээгүй. Ковид гараад, Ковидоор европын аваргаа үзэж чадаагүй. Өмнөх дэлхийн аварга өвөл болсон. Өвөл асарт үзнэ гэж юу байх вэ. Ингээд харахаар өмнөх дэлхийн аваргаар асар бага ажилласан. Энэ дэлхийн аваргаар асрууд их гарсан байна. Хүмүүсийн хувьд маш гоё үзэж байгаа харагдаж байна.

-Энэ дэлхийн аваргаар шууд дамжуулалтын эрх авсан телевизүүд ухардаггүй болсон. Олон улсад дэлхийн томоохон тэмцээнүүдийг шууд дамжуулахдаа яаж дамжуулдаг, эрхээ хэрхэн авдаг, үүнийгээ яаж үзүүлдэг юм бэ?

-Хүмүүс намайг л ухраахаа болиулсан юм шиг л ойлгоод байгаа. Би уг нь IPTV хоорондоо тохирсон зүйлийг л мэдээлж байгаа шүү дээ. Би харин ухрахгүй шүү гэдэг мэдээллийг өмнө нь мэдээлж аргаа олоосой гэдэг үүднээс мэдээлсэн. Бүр аргыг нь зааж өгч байгаа шүү дээ. Дэлхийд телевизүүд дижитал хэлбэр рүү шилжиж байна. Тиймээс арай өөрчлөгдөж байна л даа. Манайх шиг телевиз тавиад үздэг, реклам гардаг нь өөр болж байна. Энэ өөрчлөлтүүд урьд нь бараг ороод ирчихсэн байсан. NBA бараг үзэж чадсангүй. Ухрахгүй болсон. NBA тийм байдал руугаа шилжсэн. Түүнтэй адилхан хөлбөмбөг шилжиж байна. Үүнийг манайхан хөлбөмбөгөөр л анзаарч эхэлсэн болохоос өмнө нь монголд аль хэдийн нэвтэрчихсэн. Зарим контентыг төлбөртэй л үздэг. Өөр юм үздэггүй. Манайхан хөлбөмбөг дээр л сайн ойлгож байна. IPTV цаанаасаа хэдэн тэрбумаар эрхийг нь авч байгаа. Тиймээс ч цаанаасаа өөрсдийнхөө шаардлагыг тавьж байна. Тэгэхгүй бол ухрааж үзвэл олон тэрбум, саяар эрхийг нь авсан хэрэг нь гардаггүй ч юм уу, тиймэрхүү байдал үүсдэг. Бөөн маргаан, хэрүүл боллоо. Энэ бол болдог зүйл. 2006 онд дэлхийн аваргаар анхны албан ёсны эрхийг худалдан авч шууд дамжуулж байсан. Бас л бөөн хэрүүл болсон. Тухайн үеийн кейс арай өөр. Гэхдээ их төстэй. Телевизүүд оросын сувгуудаас шууд дамжуулчихдаг. Тэр үед С1 телевиз албан ёсны эрхийг нь аваад ингэж болохгүй гээд бөөн асуудал үүссэн. Зарим телевиз эхний тоглолтыг оросоос шууд дамжуулсан. Орос тайлбартай, дээр нь монголоор орчуулж нэмээд л явсан. Тухайн үедээ бөөн асуудал болсон. Зохиогчийн эрхийн ямар ч мэдлэггүй байсан. 4-5 жил хэрүүл болоод, сүүлдээ ойлгоод ингэж болохгүй юм байна гэдгийг телевизүүд нь ч ойлгосон, үзэгчид нь ч ойлгосон. Энэ ч гэсэн яг л эхэлж байна. Дижитал гэдэг чинь ийм зүйл шүү гэдгийг ойлгуулахын эхлэл боллоо. Ер нь 7900 төгрөг төлөөд үзэх нь зүйн хэрэг. Түүнийгээ л төлчихвөл ухрааж үзэх эрх нь нээлттэй. Ийм том контентыг 7900 төгрөгөөр л үзэж байгаа шүү дээ. Манайхан бүх зүйлийг л үнэгүй үзсээр байгаад түүн шигээ байлгах л гээд сурчхаад байгаа юм. Хүүхдүүд, залуучууд үзэж чадахгүй байна л гээд байгаа. Би ч гэсэн мэддэг бол үнэгүй үзүүлчихмээр л байна шүү дээ. Эрхийг нь цаанаасаа үнэтэй зараад, тэр үнээр худалдаад авчихсан юм чинь яалтай билээ. Дэлхийд тоглоомын дүрэм нь өөрчлөгдөөд байхад түүнийг өөрчлөх эрхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд багахан ч гэсэн төлбөр төлөх нь зах зээл. Ингэж зарж байж контент нь үнэ цэнтэй болно. Тамирчдын цалин өндөр болно. Тэмцээний өрсөлдөөн бүр гоё болно. Одоо NBA, UFC бүгд л тийм болж байна. Үүнийг бид ойлгох хэрэгтэй. Хурдан ойлгох тусмаа л хурдан уусаж явна. Хуучин шигээ үнэгүй юм нэхээд суугаад байвал бид ч хөгжихгүй. Гадныхан ч контентоо зарахгүй. Өгөлцөж, авалцахгүй байдалд хүрэх болов уу л гэж бодож байна.

-Шинээр орж ирсэн дүрмүүд дэлхийн аваргыг хэр өөрчилж байна вэ?

-Хэд хэдэн дүрэм шинээр орсон. Хэтэрхий ерөнхий, өөрчлөлттэй дүрэм орж ирээгүй л дээ. Шар хуудас болон булангийн цохилт, дугаар харах дүрмүүд орж ирсэн. Бөмбөг тэр чигээрээ робот болчихлоо. Дотор нь технологи бүрэн байж байдаг. Бидний тоглодог бөмбөгөөс тэс ондоо. Харахад бөмбөг боловч дотор нь технологийг оруулаад өгчихсөн. Усны завсарлага гэж нэг завсарлага нэмсэн. Энэ нь нэг талаараа зөв ч юм шиг. Халуун газар болж байгаа. Тамирчид маш их ядарч байгаа. Шөрмөс татна, гэмтэл бэртэл авна. Эдгээр нь хөлбөмбөгт тодорхой хэмжээгээр өөрчлөлт авчирч байна. Яагаад гэвэл усны завсарлагаар тамирчид хоорондоо тактикаа ярилцана. Түүний дараа тоглолтын хэв маяг өөр болж байна. Тоглолтын хэмнэл өөрчлөгддөг болсон. Маш өрсөлдөөнтэй хоёр баг завсарлагааны дараа намжмал байдалд орно. Эсвэл намжмал тоглолт хурц болох ч юм уу, иймэрхүү өөрчлөлтүүд гарч байна. Шинэ дүрэм гарч ирэх болгонд л хүмүүс гайхдаг. Эхэндээ дасахгүй хэцүү. Тэгээд яваандаа дасна. Хэдэн жилийн дараа байнга байсан дүрэм шиг дасчихдаг. Түүн шиг хэдэн жилийн дараа дасчих болов уу л гэж бодож байна.

-Дэлхийн аварга болгоноор шинэ залуу, онцлох од төрдөг шүү дээ. Жишээ нь, 2018 оны дэлхийн аваргаар Мбаппе гарч ирж байсан. Түүн шиг энэ жил шинэ од төрөх болов уу?

-Мбаппегийн хувьд дэлхийн аваргад үнэхээр сайн тоглодог. 2018, 2022 он үнэхээр сайн байсан. Энэ жил ч гэсэн маш сайн байгаа. Шинэ од гэхээсээ илүү клубуудийн түвшинд өндөр зэрэглэлд тоглож байгаа тамирчид өөрсдийгөө дэлхийн түвшинд сайн тоглохоо батлан харуулах боломж гарч ирж байна. Жишээ нь, английн тамирчид, норвегоос Эрлинг Холанд гэдэг ч юм уу. Шинээр гарч ирж байгаа тамирчдад өөрсдийгөө харуулах боломж нь илүү байдаг. Тэр цоорно гэдгийг нэрлэхэд хэцүү л дээ. Нэлээд олон тоглолт явж байж дундаж гарна. Нэг тоглолтод сайн тоглож болно. 2-3 тоглолт явж байж өөрийгөө харуулаад, дэлхийд үнэлэгдээд эхэлнэ. Тэгэхээр одоо дүгнэх арай эрт юм болов уу л гэж бодож байна. Хуучин аваргууд ч өөрсдийгөө харуулах эхлэл л болж байна гэж харж байгаа.

-Таныг тун удахгүй Америкад очиж дэлхийн аваргыг дэргэдээс нь тайлбарлана гэсэн мэдээлэл явж байсан. Хэзээ очиж, ямар тоглолтыг тайлбарлах төлөвлөгөө нь гарсан уу?

-Монголын тайлбарлагчид анх удаа газар дээр нь очиж тайлбарлах ажлыг Сүлд телевизийн хамт олон зохион байгуулж байна. Шөвгийн 32 болон 16-ийн хоёр тоглолтыг бид газар дээр нь тайлбарлах ажилтай байгаа. Амжилттай дамжуулж чадвал Монгол Улсад анх удаа энэ том тэмцээнийг цэнгэлдэх хүрээлэнгээс нь монгол хүн тайлбарласан тохиолдол болно. Үүнийг анх хэлж байхад нь би эргэлзэж л байсан. Одоо ойртчихсон, олон зүйлүүд нь тодорхой болчихсон учраас догдолж байна. Цэнгэлдэхэд нь очоод тайлбарлана гэхээр итгэж чадахгүй, догдолж байгаа. Яг очоод тайлбарлавал нулимс унагах байх аа. Цэнгэлдэх хүрээлэнгээс нь тайлбарлана гэдэг чинь өөрөө итгэмгүй зүйл. Дахиж олдохгүй боломж. Тэгэхээр дэлхийн аваргыг шууд дамжуулах босгыг өндөр болгоно гэсэн үг. Дэлхийн аваргыг дэргэдээс нь тайлбарлах жимийг гаргах байх. Хоёрын хоёр тоглолтыг тайлбарлана гэхээр итгэж өгөхгүй л догдолж байна.

-Дөнгөж эхний тойргийн тоглолтууд явагдаж байна. Цаашдаа 32, их шөвөг, бага шөвөг рүү ороод ирэхээр тоглолтууд улам л чангарах байх. Төсөөлөл хэр байна вэ?

-Одоо бүр ширүүн болно. Хөлбөмбөг маш хурдан хугацаанд өөрчлөгддөг. Эхний тоглолтуудад тааруу байсан багууд солилцоо, тактикаа өөрчлөөд л сайн тоглоно. Бусад багуудаа маш хурдан судална. Дараа дараагийн тоглолтод олон зүйл өөрчлөгдөх болов уу. Дэлхийн аваргаас гурван баг хэсгээс гардаг болчихсон учраас бүх багууд давуу тал үүссэн. Эхний хоёр тойрогт хожигдсон ч хожоод гараад ирэх боломж байгаа учраас хэсгийн сүүлийн тоглолтууд маш өрсөлдөөнтэй тоглолтууд болох болов уу гэж бодож байна.

-Таныг дэлхийн аваргыг тайлбарласан 20 жилд үзэгчид дагаад өсөж, хөгжиж, боловсорсон байх?

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж тайлбарын хамгийн чухал ажлын нэг хэсэг нь үзэгчдийн боловсролыг нэмэгдүүлэх, мэдлэгийг нэмэх, дэргэдээс нь үзэх соёлыг заах олон үүрэгтэй. Манайд сошиал орчинд хараал, ерөөл бичээд л маш их юм болдог. Үүнийг болиулах талаас нь бид нөлөө үзүүлж чаддаг болов уу гэж бодож байгаа. Албаар тоглолтын дундуур гоё гоё, сонирхолтой түүхүүд ярьдаг. Үүн дээр нөлөөлөл чухал болов уу гэж бодож ярьдаг. Анх бол манай үзэгчид хэцүү байсан. Үнэхээр хэцүү байсан. Одоо харьцангуй гайгүй болчихсон. Үнэхээр хүмүүжээгүй хүмүүс байна л даа. Гэхдээ тэр хүмүүс нь хамаагүй бага болсон гэж бодож байгаа. Бүгдээрээ дэлхийн аваргаа соёлтой үзье, гоё үзье. Ирээдүйд илүү олон гоё тэмцээнүүдийг үзэх байх. Монголчууд маань CS-ээр, сагсанбөмбөгөөр олон спортоор амжилт гаргаж байна. Амжилт гаргасан үе болгонд нь бид тамирчдаа боловсон дэмжиж урамшуулах нь чухал юм шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ
 
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Абэ Үта Их дуулгад 12 дахь удаагаа аваргаллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!