
Холын нэгэн орноос хэн нэгнээ ирэхийг сэтгэл догдлон хүлээх мөчийг мэдрэх бас л сайхан үе ажээ. Гар дээр өссөн галын зээ дүү минь Япон улсад сураад таван жилийн дараа ирж байгаа нь дүүгээ санасан сэтгэлийг улам өрдөх шиг. Яаж төрлөө, эмнэлгээс гарахад нь яалаа. Цэцэрлэгээс нь авах гэж ах, эгч нартайгаа булаацалдаж явсан үеэ эргэн санав. Миний дүү чинь бидний хайранд бөмбөрүүлж, хөл хөгжөөнт амьдралыг цэцэглүүлж ирсэн хайрын бурхан нь байлаа шүү дээ.
Манайхан ч хэн нэг нь сурахаар, ажиллахаар, амьдрахаар гээд л олон янзаар холыг зорьж, үлдсэн хүмүүс нь бэтгэрэн хүлээнэ. Аж амьдралаа дээшлүүлэх гэ зарим нь явж байгаа бол өөрийн ирээдүйн төлөө сурах их хүслээр жигээр дэлгэн хайртай бүхнээ орхиод алсыг зориход "Сайн яваарай" гэж үдэхдээ зүүн хацрыг нь үнсээд үлддэг.
Бид ч галын зээгээ тэр жишгээр үдээд таван хавар, таван намрыг үзжээ. Дүүгээ ирэх мөчийг хүлээсээр ойртох тусам холддог хорвоо гэдэг шиг цаг зогссон юм шиг... Чаг чаг чимээ нь холдоод ч байгаа юм шиг... Өдөр ирэх тусам улам санадаг ажээ. Ямар эр болоо бол. Өндөр болсон болов уу, таргалсан болов уу, турсан юм болов уу гэж бодохоор нойр ч хулждаг юм байна. Хүсэн хүлээсэн өдөр ч ирж сэтгэлийн чилээ гарч хайрт дүү минь онгоц газардаж байна гэхэд нь байн байн нээгдэх хаалганы зүг нүд тэнүүлчилнэ. Одоо л гарч ирж байгаа даа. Тэр мөн үү. Ард нь яваа нь уу. Арай биш байна гэж дотроо өөртэйгөө ярьсаар л хүлээв. Хажууд нь ээж нь бүр ч догдолж хаалга нээгдэх болгонд өндөлзөн хүүгээ гарч ирэхийг тэсгэл алдан хүлээнэ.
Хаалга нээгдэж дэлхий даахгүй аятай том эр шиг болсон залуу том хөлөө хол хол зайтай тавин алхалсаар ойртоход найзууд нь, ээж нь, урдуур гүйн орж өөдөөс нь гүйв. Олон жил хүлээсэн сэтгэлээ дэвтээж тэврэлдэн уйлах тэр л мөчид хүлээсэн сэтгэлийн үүл хурсан нулимсаа задгай асган уйлалдах нь тэр. Би ч хажууд нь тэссэнгүй уйлав.
Хол явсан нэгнээ хүлээх нь жаргал, хүрээд ирэхээр нь сэтгэлээ дэвтээх нь жаргал юм даа...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!