
Монгол хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авсан залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэтэй ярилцлаа. Түүнийг Солиот эх киноны Бороогийн бага нас, Эргэж ирэхгүй намар киноны Түнтүүлэй болон Алдагдсан өдрүүд, Хайр бол амьдрал, Нийгмийн дайсан, Гэрлэн дохио зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээсэн залуу жүжигчин гэдгээр нь хүмүүс хэдийнэ мэддэг болоод байгаа юм.
-Юуны өмнө ЭЕШ-даа 800 оноо авсанд баяр хүргэе. Шалгалтдаа хэрхэн бэлтгэв. Аав нь саяхан өөрийн нүүр номдоо 16 настай хүү минь дурлалт залуугийн дүрд тоглож гэж бичсэн байсан. Тэгэхээр одоо ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хэрэг үү?
-Баярлалаа. Би одоо 11 дүгээр ангийн сурагч. 11 дүгээр ангидаа хэл бичгийн шалгалт өгч болдог. Тэгээд өгөхөөр шийдсэн юм. Шалгалт дөрөвдүгээр сарын эхээр болсон. Би гуравдугаар сарын сүүлээр Хайр бол амьдрал киноны зураг авалттай Дарханд байсан юм. Зураг авалтаа дуусгаад л хотод иртэл 3 хоногийн дараа шалгалт товлогдсон байсан. Хоёр хоног нэлээд сайн бэлдсэн. Яг шалгалтын өмнөх өдөр Хайр бол амьдрал киноны хотод авах нэг хэсэг байна гэдэг юм. Тэгээд л зураг авалтдаа ороод шөнө дууссан. Өглөө 09.00 цагт шалгалтдаа орсон. Нойр муутай орчихсон. Шалгалтаа дуусгаад л тэнцсэн гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ 800 оноо авна гэж үнэхээр бодоогүй. 800 оноог төсөөлөөгүй л дээ.
Сая амралтын өдөр хариугаа харсан. Бас Гачууртад зураг авалттай явж байсан юм. Жаахан сүлжээ муутай газар явсан. Хариу гарсан гээд найзууд хэлэхээр нь өөрийнхөө оноог хайж үзтэл нэлээд уншсан. Сүлжээ муу болохоор ордоггүй. Дахиад л уншаад байна. Тэгж, тэгж нэг муу юм ортол 800 гэж байна. Түүнийгээ авсан оноогоо ч гэж бодоогүй. Энэ авах ёстой оноог л харуулаад байна даа гэж бодоод дахин дахин рэфрэш хийгээд болдоггүй. Сүлжээнээсээ л болж байна л гэж бодоод рэфрэш хийгээд байлаа. Тэгсэн манай найз харчхаад "Наадах чинь 800 оноо авчихсан юм биш үү" гэхээр нь би гайхаад, хэсэг шоконд орсон. Итгэж өгдөггүй. Нээрээ авчихсан юм байх даа гэж гайхаад, жаахан бэлтгэлгүй яваад орчихсон. Өөртөө итгэдэггүй. Тийм зүйл болсон.
-16 настай хүү минь анхны үнсэлцдэг сценд тогложээ гээд аав нь бас бичсэн байсан. Кино нь гараад эхэлчихсэн байх шиг байна лээ. Ачаалал хэр их авав?
-Хайр бол амьдрал кинонд анх удаа дурлалт залуугийн дүрд тоглож үзсэн. Их сонирхолтой, нэг том сорилт болж өгсөн. Нэг үнсэлцдэг сценд орж үзлээ. Камерын урд кино группээсээ жаахан санаа зовоод эвгүй юм байна лээ. Сүүлдээ бүр кино групп ч дүүрч. Кино гарахаар нь хэдэн хүн үзэх бол. За бүр үзэх хүмүүс ч дүүрч, аав ээждээ яаж үзүүлнэ ээ гээд л баахан бодол давхар давхар орж ирээд түмэн юм бодсон. Миний үүрэг юм даа гээд л орсон доо. Номио эгч бид хоёр тохироод "Хичээж байгаад ганц л явъя" гээд явсан.

-Тэгээд ганц дубль явсан юм уу?
-Ганц дубль явсан. Бид хоёр сайн ярилцаж тохироод ярилцсанаараа явсан.
-Жүжигчин Ц.Номингийн хувьд нэлээн эгч байх аа?
-Нэлээн хэд эгч. Номио эгчтэй пёртнерлоход их амар байсан. Ер нь зөвлөөд явчихдаг. Яг тэр сценд ороход кино групп, найруулагч О.Цэгмэд ах "Бүгд чимээгүй. Хэсэгтээ ямар ч мааз байхгүй" гэж анхааруулаад л бүгд чимээгүй болсон. Бид хоёрыг төвлөрүүлэх гээд л хичээсэн. Бид ч хоорондоо ярилцчихсан байсан болохоор хичээж байгаад л ганц явсан. Тэр сцен бид хоёрт хоёуланд нь эвгүй байгаа юм чинь. Номио эгч ч "Хоёулангийн насны зөрүү хэд билээ. Түүнийгээ бодсон ч эвгүй юм аа" гээд л ярилцсан. Би болохоор гэрийнхэндээ, аав ээждээ яаж үзүүлнэ ээ гэж бодоод хоёулаа л ичсэн байдалтай байсан.
-Аав ээж нь киног нь үзсэний дараа юу гэж хэлэв?
-Хүүгээ том болсныг анзаарлаа л гээд байх юм билээ. Яг үзэхэд нь би хажууд нь байгаагүй. Угаасаа байж чадахгүй ч үгүй юм байна лээ /инээв/
-Хүмүүсийн хамгийн мэддэг дүр нь Солиот эхийн Бороогийн бага нас, Эргэж ирэхгүй намар киноны Түнтүүлэй байх. Аав нь өөрөө найруулагч хүн болохоор уг хүүхдүүдээ урлагаас хол байлгах гээд чадаагүй гэж нэг подкастад орохдоо ярьсан байсан. Тоглоход хамгийн хэцүү дүр нь аль нь байв?
-Аав найруулагч болохоор ах бид хоёрыг урлагаас аль болох хол байлгах гэдэг байсан л даа. Зовлонг нь мэддэг болохоор л тэр байх. Хэдэн сараар ч хамаагүй зураг авалтад яваад өгнө. Гэрийнхнээсээ хол, гэрийн бараа харахгүй. Тиймээс бид хоёрыг анхандаа хол байлгая л гэж үздэг байсан. Солиот эхийн проб фэйсбүүкээр зарлагдсан юм. Бид хоёр бичлэгээ хийж явуулаад тэнцсэн. Тэгсэн аав нэгэнт тэнцсэн юм чинь өөрсдөө мэд гэж хүлээн зөвшөөрөөд явуулсан. Пробод орох үедээ орно. Зарим үедээ санал ирнэ. Янз бүрээр л сонгогдож байсан. Хэцүү гэвэл Солиот эхийн Бороогийн дүр. Ер нь их хэцүү дүр, хүнд зохиол. Анх удаа камерын өмнө уйлах шаардлага гарсан. Долоон настай хүүхдийн хувьд их хүнд байсан. Анхны натур. Гэрээсээ хол анх удаа сар гаруй явж үзсэн. Ер нь хүнд байсан.
-Ах, дүү хоёр нэг дүрийн бага, том насыг харуулна гэдэг бас онцгой тохиолдол байх?
-Бид хоёрт тэр нь давуу тал болчихсон. Тэгээд л проб өгөөд тэнцсэн. Нэг дүрд адилхан хүмүүс байх ёстой гээд ах дүү хоёр яваад орчхоор тэнцүүлсэн байх.

-Сүүлд бас Нийгмийн дайсан киног аав нь найруулаад, ах дүү хоёр хоёулаа тоглосон байсан?
-Нийгмийн дайсанд бид хоёр бас проб өгсөн. Ах өмгөөлөгчийн туслах Мөрөнгийн дүрд, би жагсаал зохион байгуулдаг Галтын дүрд проб өгсөн. Тэгээд харин би Золбоогийн дүрд тэнцээд орсон. Хүмүүс аав нь найруулагч болохоор хүүхдүүдээ шахсан л байна гэдэг юм. Бид хоёр жинхнээсээ проб өгсөн. Кастинг хийж байгаа бүхэл бүтэн баг байгаа. Манай аав дангаараа шийднэ гэж байхгүй л дээ.
-Ахлах ангийн сурагч болчихсон учраас ирээдүйн мэргэжлээ тодорхойлсон байх. Урлагаараа явах уу, ямар чиглэлээр явахаар болсон бэ?
-Ер нь сонгочихсон. Жүжигчин, найруулагчаар сурна. Аав ч гэсэн Эргэж ирэхгүй намраас хойш "Одоо өөрөө мэд" гээд л орхисон. Киноны санал ирэхээр хүмүүс ихэвчлэн аав руу ярина. Тэгэхээр аав "Би мэдэхгүй өөртэй нь ярь" гэдэг болсон. Тэгээд одоо ихэвчлэн өөрөө мэддэг болсон доо. Зохиолоо уншиж байгаад л сонголтоо хийдэг байсан.
-Ээж нь ямар мэргэжилтэй юм бэ. Охин дүү нь бас кинонд тоглосон харагдсан. Цааргалахгүй байна уу?
-Манай ээж бас урлагийн хүн /инээв/. Дуурийн дуучин. Аав кино найруулагч. Охин дүү бас урлаг руу яваад орчихсон. Кинонд тоглочихсон /инээв/.
-Кино зураг авалт дундуур ЭЕШ-даа бэлтгэх хэр хүнд байв?
-Кино зураг авалт дундуур тийм зав гарахгүй шүү дээ. Маш шахуу хуваарьтай. Бүтэн киног 10 хоногт дуусгана гэж үзнэ. Өдөрт 20 гаруй сцен төлөвлөгөөн дээрээ зоочихсон. Өдөр болгон шөнийн зураг авалттай. Тэгээд юун дундуур нь ЭЕШ бэлтгэх. Ямар ч завгүй байж байгаад ирж байгаа юм чинь. Гурав хоног нам бэлдээд оръё гэж байтал 3 дахь хоног дээр нь зурагтай болж таараад, хоёр хоног бэлтгээд орсон. Тэгж орсон гэхэд маш амжилттай шалгалтаа өгсөндөө баяртай байгаа.
-Жүжигчин, найруулагч мэргэжлээр хаана сурахаа тодорхойлсон уу?
-Гадаадад сурна л гэж төлөвлөсөн. Тиймээс давхар англи хэлээ судалж байгаа.
-Гадаадын уран бүтээлчидтэй ажиллах гарц урлагийн салбарт харьцангуй нээгдсэн юм шиг анзаарагддаг. Мөн Түнтүүлэйгийн дүрээрээ олон улсын кино наадмаас шилдэг дүрийн шагнал хүртсэн байх аа?
-Эргэж ирэхгүй намар киноны зураглаач нь герман хүн, дууны найруулагч нь америк хүн байсан. Ер нь мэргэжлийн түвшинд ажиллана шүү. Манай монголтой харьцуулахад арай өөр түвшинд ажилладаг юм байна лээ. Тэр нь ч амар. Намайг хүмүүс Түнтүүлэй, Бороогийн дүрээр их таньдаг байсан. Одоо ч тэр үеэсээ шал өөр болчихсон. Ямар сайндаа Эргэж ирэхгүй намар киноны зураг авалт 2019 онд хийгдсэн. Тэгээд Ковид гараад нээлтээ хийж чадахгүй явсаар байгаад 2022 онд нээлтээ хийсэн. Түнтүүлэйд тоглоход 10 настай байсан. 2022 онд нээлтээ хийхэд 13 настай шал өөр болчихсон. Гурван жилийн хугацаанд нэлээд том болчихсон. Нээлтийн үзвэр дуусаад хүмүүс Түнтүүлэйг хайгаад. Гол дүр нь хаана байна гээд хажууд ирчхээд асуугаад. Тэр ёстой эвгүй мэдрэмж байна лээ. Амараа ах хажууд зогсчихсон. Ёстой эвгүй санагддаг юм байна лээ.
-Магадгүй үеийнхэн нь ярилцлагыг нь унших байх. Юу гэж зөвлөх вэ?
-Хүн хичээвэл чаддаг юм шүү. Өөрийнхөө төлөө хичээгээрэй гэж л хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!