СУРВАЛЖИЛГА: Салбарын шинэ сайд нь шийдэл бус үнэ судлаад явсан. Мах ямар үнэтэй байгааг сайдаар хэлүүлэлтгүй ард түмэн мэдэж байгаа

Ангилал
Эдийн засаг Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 16 секунд

Монгол хүн дунджаар нэг жилийн хугацаанд 80-110 кг мах хэрэглэдэг. Нэг хоногоор дундажлаад үзвэл 200-300 грамм махыг хүнсэндээ хэрэглэж байна. Үүнд олон зуун жилийн амьдралын онцлог, хооллолтын хэв маяг, амьдрах орчин нөхцөл гээд олон зүйл нөлөөлдөг. Тэр ч утгаараа махны үнийн өсөлт хэтэвчинд байх мөнгөтэй шууд холбогдоно. Хот суурин газрынхан жилдээ нэг удаа идэшний үеэр махаа бэлтгэж аваад харин бусад үед зах худалдааны төвөөс хэмжээ, хэтэвчиндээ тааруулан махаа авч хэрэглэж байгаа. Харин сүүлийн жилүүдэд махны үнэ тасралтгүй өссөөр. Нийслэлийн статистикийн газрын 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гаргасан мэдээллээр үхрийн цул мах 30.409 төгрөгт хүрсэн тоо баримт байна. Харин өнөөдөр бидний хүнсний гол бүтээгдэхүүн болох махны үнэ хэдэн төгрөгт хүрснийг томоохон зах, худалдааны төвүүдээр явж сурвалжиллаа.

“Хүчит шонхор” захын бод малын махны тасагт хүмүүсийн хөдөлгөөн багатай, лангуу дүүрэн махтай худалдагч харагдсангүй. Харин хүзүү, нуруу болон бага зэргийн гуяны цул махтай худалдагч нар орж ирсэн хүмүүсийг “Үхрийн мах аваарай. Бага зэрэг үнийг нь буулгаад өгнө шүү” гэх яриа энэ тэнд өрнөнө. Шалтгааныг нь асуувал махны олдоц муудсан. Үүнийг дагаад үнэ өсөж байгаа гэлээ. Харин бог малын махны тасаг хөл хөдөлгөөн ихтэй. Шалтгаан нь үнэтэй холбоотой. Хонины цул мах 1 кг нь 24.000 төгрөг, ястай мах 22.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин гулууз мах авч яваа хүн харагдсангүй. Иргэд хаа болон гуяар нь салгаж авч байгаа харагдана.

"Хүчит шонхор" захын махны худалдагч: Өмнө нь өдөрт 2-3 бүтэн үхэр аваад зарчихдаг байсан бол өнөөдөр 1 бүтэн үхрийн мах зарж чадахгүй сууж байна

Тарган үхрийн гуяны цул мах 34,500 төгрөгийн үнэтэй байна. Харин ястай шинэ мах 28,500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Намрын мах болон шинэ махны зөрүү 2,000-3000 төгрөг байгаа. Үүн дээр нэмээд тарган туранхай гэдгээс шалтгаалаад бас үнийн зөрүү үүснэ. Өнгөрсөн намраас хойш махны үнэ буухгүй байсаар өнөөдөр ийм үнэтэй болчихлоо. Өмнө нь өдөрт 2-3 бүтэн үхэр аваад зарчихдаг байсан бол өнөөдөр 1 бүтэн үхрийн мах зарж чадахгүй сууж байна. Мах үнэтэй болчихсон учраас иргэд хамгийн дээд тал нь 10 кг мах авч байна. Настай хүмүүс ирээд мөнгөндөө тааруулаад 1-2 кг мах авч байна. 60 мянган төгрөгөөр 2 кг мах авна гэдэг хэцүү шүү дээ.

Худалдан авагч: 9 кг үхрийн гуяны цул мах 252 мянган төгрөгөөр худалдаж авлаа

Хүчин шонхор захыг арай хямд гэж бодоод холоос зорьж ирж мах авдаг. 9 кг үхрийн гуяны цул мах 252 мянган төгрөгөөр худалдаж авлаа. Өнгөрсөн намар идэшний үеэр бөөний мах 1 кг-ыг нь 14.500 төгрөгөөр авч байсан. Гэтэл одоо үхрийн ястай мах 28.000 төгрөгийн үнэтэй байна. Бараг хоёр дахин нэмэгдчихсэн. Хүнд тусаж байна. Бид махгүй амьдарч сураагүй хүмүүс учраас хэцүү. Тэтгэврийн хөгшчүүл өрөвдмөөр байна. 600 мянга гаруй тэтгэвэртэй хүмүүс ийм үнэтэй мах авч хэрэглэнэ гэдэг хүнд. Төр засаг нь байсхийгээд солигдоод байдаг.

Улаанбаатар хотын төвд байрлах “Баянзүрх” захын махны тасаг хөл хөдөлгөөн ихтэй байв. Намрын буюу зооринд хадгалсан болон шинээр гаргасан махны хооронд 2.000-3.000 төгрөгийн зөрүүтэй байгаа гэнэ. Үхрийн шинэ мах ястай нь 27.000-28.000 төгрөг, гуяны цул мах 30.000-32.000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Махны үнийн өсөлт өнгөрсөн намраас эхэлсэн. Цагаан сарын өмнө дахин нэмэгдсэн гэж махны худалдаачид хэллээ.

Махны зах зээлийг тогворжуулах урт хугацааны бодлого дутагдаж байна

Махны үнийн өсөлт гэнэт бий болсонгүй цагийн эрхээр нэмэгдсээр 30 мянган төгрөгийг даваад талийж явна. Шинэхэн томилогдсон салбарын сайд нь шийдэл бус үнэ судлаад явсан. Мах ямар үнэтэй байгааг сайдаар хэлүүлэлтгүй ард түмэн мэдэж байгаа. Харин үүний оронд нөөцийн махыг улирлын онцлогт тохируулан бүрдүүлэх ажлыг хийвэл зохилтой. Тэгж чадвал өвөл, хаврын улиралд нийлүүлэлт буурснаас үүдэх үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой.

Үүн дээр нэмээд мах боловсруулах үйлдвэрийг орон нутагт байгуулах, тээврийн асуудлыг зөв аргаар шийдэх, махны гарцыг нэмэгдүүлэхэд чиглэсэн гээд олон ажлуудыг хэрэгжүүлж болно. Эдийн засгийн энгийн ойлголт гэвэл нийлүүлэлтийг нэмэгдүүлж чадвал үнийн дарамтыг бууруулж болно. Харин бид өнөөдөр 58 сая малтай гэхэд арай л хэтийдсэн үнэтэй махыг хэрэглээд байх шиг. Эцэст нь хэлэхэд төрөөс хэрэгжүүлэх бодлого богино хугацаанд үнийг тогтворжуулахаас гадна урт хугацаанд тогтвортой махны зах зээлийг бий болгоход чиглэх ёстой.

“Astralis”,  “The Mongolz” багийг буулган авч шигшээд шалгарлаа
“Astralis”, “The Mongolz” багийг буулган авч шигшээд шалгарлаа
 
Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн асуудлаар хууль зөрчиж тушаал бэлдсэн, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцож, хуулийн байгууллагад шилжүүлнэ
Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн асуудлаар хууль зөрчиж тушаал бэлдсэн, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцож, хуулийн байгууллагад шилжүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!