100 онооны босгыг хэн, хэзээ давах вэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
7 минут 22 секунд

2026 оны гуравдугаар сарын 11-нд буюу өчигдөр Миами Хит багийн тоглогч Бэм Адэбайо Вашигтон Визардсын эсрэг хийсэн тоглолтод 83 оноо авч бүх цагийн түүхэнд хоёрт бичигдэж эхэллээ. 80 жилийн түүхтэй лигийн түүхэнд ердөө гурван тоглогч 80 онооны босгыг давсан байна. Харин хэн 100 онооны босгыг давж бүх цагийн түүхийг шинэчлэн тогтоох бол. Эсвэл энэ амжилт хэзээ ч эвдэгдэхгүй хэвээр байх уу гэдэг дээр анализ хийсэн дараах нийтлэлийг уншигч танд хүргэж байна.

1962 оны гуравдугаар сарын 2-нд “Philadelphia Warriors” болон “New York Knicks” багуудын тоглолт 169-147 онооны харьцаатайгаар өндөрлөж байв. Энэхүү тоглолтод Уилт Чемберлэн 100 оноо авч, өнөөдрийг хүртэл эвдэгдээгүй амжилтын эзэн болж түүхэнд үлджээ. NBA хөшгөө нээсэн тэр өдрөөс хойш хэн ч түүн шиг 100 оноонд хүрч чадсангүй. Он цагийн дарааллаар харж үзвэл 1978 онд Денвер Наггетс багийн тоглогч Дэвид Томпсон 73 оноо авч байв. Түүнээс хойш 2006 онд Коби Брайант 81, 2023 онд Дамиан Лиллард, Донован Митчел нар 71, 2024 онд Лука Дончич 73, 2026 онд Бэм Адэбайо 83 оноонд хүрчээ. Сүүлийн тоглогчдыг харвал өндөр оноо авах магадлал нэмэгдсэнийг харж болно.

Уилт Чемберлэн яаж 100 оноонд хүрэв

Хувь тоглогч гэхээс илүү тухайн үеийн сагсан бөмбөгийн хөгжил, тоглолтын арга барил ямар байсан талаар дүгнэлт хийе. Тоглолтын хэв маяг талаас харвал тухайн үед довтолгоо зонхилсон тоглолтууд байсан. Алсын зайн шидэлт байгаагүй учраас төвийн байрлалын тоглогчид илүү бөмбөгний мэдэлтэй байж. Тийм болохоор Уилт дээр зонхилсон довтолгоо их байсан. Мөн нэг тоглолтод авдаг дундаж оноо өнөөгийнхтэй ижил байсан.

Уилт тухайн улиралд 50.4 оноо дунджилсан байдаг. Энэ үзүүлэлт түүнийг 100 оноонд хүрэхэд амар байсныг харуулдаг. Орчин цагт 15-20 оноо дунджилдаг тоглогч 30 онооны босгыг давах асуудалгүй. Тэгэхээр түүний хувьд зүгээр л улирлын дундаж оноогоо хоёр дахин давуулан биелүүлсэн гэсэн үг. Бас 25 самбараас бөмбөг авалт дунджилсан. Энэ үзүүлэлт түүний оноо авах магадлалыг өсгөх чухал үзүүлэлт юм.

Тухайн өдрийн тоглолтод огт амраагүй 48 минут тоглосон. 63 удаагийн довтолгоо хийж 36-г нь амжилттай болгосон. Харин чөлөөт шугамын ард 32 удаа зогсож 28 оноог авсан байдаг. Уилт карьерын туршид 1,045 тоглолтод оролцохдоо 30.1 оноо, 22.9 самбар дунджилсан байдаг. Одоо NBA-д энэ стат-ыг дундажлах тоглогч байхгүй байна.

Мэдээж түүний бие бялдар тоглолтод өндөр оноо авах боломжийг олгосон. 216 см өндөртэй, 124 кг жинтэй тоглогчийг зогсоох хүн олдоно гэдэг юу л бол. Уилт энэ тоглолтын талаар 1987 онд 100 онооны тоглолтын 25 жилийн ойд зориулж Associated Press сэтгүүлд ярилцлага өгсөн байдаг.

Энэ оноо эвдэгдэхгүй байх магадлал өндөр

Үүнийг хэд хэдэн өнцгөөс тайлбарлаж болно. Одоо цагт ямар ч тоглогч талбай дээр 48 минут тоглох боломжгүй. Багууд супер од тоглогчдоо бэртэл, гэмтэлд алдахаас сэргийлж улирлын дундуур 5-10 тоглолт амраадаг. Мөн нэг тоглолтод тоглох минутыг дасгалжуулагчдын баг шийддэг болсон. Бас тоглолт эрт шийдэгдсэн бол супер од тоглогчид талбайг чөлөөлж сэлгээний тоглогчид талбайд гардаг. Тэгэхээр энэ оноонд хүрнэ гэдэг хувь тоглогчдын хувьд амаргүй даваа гэсэн үг.

Багийн тоглолт хамгийн чухал болсон. Талбай дээр гарч байгаа бүх тоглогчдоор бөмбөг дамжина. Тэгэхээр нэг тоглогчид олон шидэх боломж бараг гарахгүй. Тухайн үед довтолгоог чухалчилдаг байсан бол одоо хамгаалалт ялалтад нөлөөлөх чухал стратеги болсон. Давхар хамгаалалт, бүсийн хамгаалалт, хувь тоглогчийг хамгаалах гээд ойлголт орчин цагт бий болсон.

1960-1970 онуудад хурдан хэмнэлтэй сагс тоглодог байсан. Тухайн үед нэг баг дунджаар 120-130 довтолгоо хийдэг байсан. Харин өнөөдрийн хувьд нэг баг дунджаар 90-100 довтолгоо гүйцэтгэж байна. Бас 50 дээш хувийн довтолгооны гүйцэтгэлтэй баг тэр бүр олдохгүй.

Сайн шидэгч энэ оноог эвдэх боломжтой юу

Зарим аналист, мэргэжилтнүүд, спортын сэтгүүлчид сайн шидэгч 100 онооны босгыг давах боломжтой гэсэн өнцгийг гаргаж ирж байсан. Гэхдээ энэ бас л бүтэшгүй зүйл. Тэгвэл NBA бүх цагийн үеийн хамгийн шилдэг шидэгч Стефен Карригаар жишээ авч үзье. Түүний хувьд карьертаа Портландын эсрэг 36 минутыг талбайд өнгөрүүлж 62 оноо авч байсан. Мэдээж түрүүн дурдсанаар супер од тоглогч нэг тоглолтод хамгийн багадаа 10 минут амардаг. Тэгэхээр Карри талбайд 48 минутыг өнгөрүүлэх боломж байхгүй. Энэ нь түүнийг бэртэлд алдах эрсдэлтэй алхам учраас. Бас нөгөө талдаа урд шугамын хамгаалалт орчин цагийн сагсан бөмбөгт хамгийн чухал. Тэгэхээр ямар ч тоглогч дур зоргоороо шидээд байх боломжгүй.

Уилт Чемберлэний амжилт эвдэгдэхгүй байх магадлал өндөр

Түүний дунджилсан статик үзүүлэлт орчин цагийн тоглолтын арга барил гээд ямар ч өнцгөөс харсан 100 оноог давах боломжгүй байхгүй гэхэд болно. Тэгэхээр 1962 оны гуравдугаар сарын 2-нд болсон тэр тоглолт NBA-д олон зуун жилийн турш эвдэгдэхгүй рекорд хэвээр байна. Мэдээж хөгжлөө дагаад 70, 80 онооны босгыг давах тоглогчид нэмэгдэнэ. Гэхдээ хэн ч түүн шиг 48 минут талбайд тоглох боломжгүй. Бас улиралд 50-аас дээш оноо 20-оос дээш самбар авсан цагт 100 онооны босгыг давах талаар бодох хэрэгтэй. Тэгэхээр 100 онооны босгыг энд хүрээд дуусгая.

ЕРӨНХИЙ САЙД: Хүүхэд гэмт хэрэгт холбогдвол хариуцлага хүлээхгүй тухай  ямар ч ойлголт байхгүй
ЕРӨНХИЙ САЙД: Хүүхэд гэмт хэрэгт холбогдвол хариуцлага хүлээхгүй тухай ямар ч ойлголт байхгүй
 
Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!