Ц.Шийрэвчогдон: Монголчууд хамгийн үнэтэй байгалийн цэвэр үнэт эрдэнэсээрээ бурхан шүтээнээ урлаж ирсэн ард түмэн

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 19 секунд

Өндөргэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхны шашны их сургуулийн Урлахуйн ухааны тэнхимийн эрхлэгч, шүтээн урлаач Ц.Шийрэвчогдонтой зээгт наамал болон зургийн урлагаар шүтээн хэрхэн урладаг талаар ярилцлаа.

-Та сургуулиа товч танилцуулаач?

-Монголын бурхны шашны их сургууль 55 жилийн түүхтэй ууган их сургуулиудын нэгт тооцогддог. Тэр дундаа манай Урлахуйн ухааны тэнхимийг 2010 онд МУСГЗ, Бурханч лам, доктор, Гэвш Г.Пүрэвбатын багшийн санаачилгаар байгуулж байлаа. Ингээд манай тэнхим МУСГЗ, Бурханч лам, доктор, Гэвш Г.Пүрэвбатын багшийн нэрэмжит болсон түүхтэй.

-Бурхан, шүтээн урлахад ямар дарааллаар явдаг юм бол?

-Шүтээн зургийг бүтээхийн тулд суурь дэвсгэрээс эхэлдэг. Ямар бурхан бүтээхээс шалтгаалаад өөр өөрийн уламжлалтай. Жишээ нь, дагинас хандууд бүтээх гэж байгаа бол эмэгтэй хүний бүсэлхийгээр ороосон даавуу гэх мэт нарийн номлол байдаг. Шүтээн урлах даавуугаа заавал ихэс дээдэс хутагт хувилгаад, багшаас адис хүртэж жанлавлуулдаг. Цагаан даавуу суурь дэвсгэрээ татаад цардана. Цардахын тулд малын арьснаас гаргах, заримыг нь загаснаас гаргадаг тусгай цавуу бий. Даавуу татахдаа тэлүүр мод ашиглана. Тэлүүр модыг ууланд очоод эх дэлхий, этүгэн газар, нарнаас гуйна. Уулын модонд очоод наран ээвэр газраас гаслангүй мод гуйж авдаг. Үр жимс дэлгэрсэн модыг хэлнэ. Ингэж модоо сонгодог. Суурь дэвсгэр бэлэн болоход будгаа бэлтгэнэ. Будаг бүгд байгалийн шороон будаг байна. Шороон будгийн давуу тал өнгөө алддаггүй. Усанд жаахан хэврэг болчих гээд байдаг. Будгаа бэлтгэхдээ бас л маш олон шат дамжлагаар явна. Шуудай шорооноос жаахаан будаг гарна. Будгаа бас жанлавлуулна. Ингээд цавуутайгаа хольж бэлтгэнэ.

Бурханд алт өргөнө гэж бий. Байгалийн цэвэр алтыг нунтаглаж бурхандаа өргөдөг. Энэ бүх зүйл гар ажиллагаагаар явна. Хажуугаар хүний сэтгэл ороод байгаа юм. Бид будгаа найруулсан ч номоо уншина. Даавуугаа цардсан ч номоо уншина. Шороон будгаа гаргахдаа ч номоо уншина. Энэ бүхэн сэтгэл дээр тогтоно. Тэр сэтгэл хаанаас эхлэх вэ гэхээр шүтээн урлаачийн тухай билэг чанарын номлол байна. Гаанжуурын 211 дүгээр боть дээр Урлахуйн ухааны бүлэг гэж байдаг. Шүтээн урлаачийн эрдмийн билэг чанар, эмийн билэг чанар гэж байдаг. Шүтээн урлаач маань яг л тэр билэг чанарын дагуу байх ёстой. Ингээд шүтээнээ сайн өдөр харж эхэлнэ. Шүтээн урлаачийн сэргээн ариусгах найман сахил гэж байна. Багш, ринбүүчи нараас сахилаа авна. Бурхнаа урлах бясалгалаа хийнэ. Ингээд шүтээнээ урлана. Бурхнаа бүтээхдээ тарниа уншаад л шүтээнээ урлана. Тэгвэл тэр жинхэнэ бурхан, шүтээн болно хэмээн ном сударт бичсэн байдаг.

-Бурхан шүтээн урлах нь их нарийн дэг жаягтай байх. Шүтээн болгох гол зарчим нь юу байдаг юм бол?

-Бурхан бүр өөрийн тэг хэмжээтэй. Хөлийн улнаас зулайн орой хүртэл бурхан өөрийн айлдсан тэг хэмжээг бид хувь хэмжээний онол гэж ярьдаг. Төгс гэгээрсэн бурхны дүрийг бүтээнэ гэдэг агуу их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл. Бурхан бүтээхээс гадна урлаг яваад байдаг. Дотоодын сэтгэл болоод бид түүнийг харахад гоо сайхны урлаг яваад байдаг.

-Бурхан урлахад тэгэхээр их цаг хугацаа орох нь ээ?

-Ямар бурхныг яаж урлахаасаа хамаараад 2, 3 жил бүтээсэн бурхан ч байна. 2-3 сард бүтээсэн ч бурхан байна. Бурхны тэг хэмжээ, будаг өнгө тооноос хамаараад дотоод ажиллагаа гэж байдаг. Дагнаас, ажиллагаа, гэрэл сүүдэр гаргах, алт өргөх зэрэг ажиллагаа байна. Энэ ажиллагаануудаа хэр нарийн хийхээс шалтгаалаад бурхан урлах хугацаа янз бүр байдаг. Түүнээс тогтсон хугацаа гэж байхгүй.

-Бурхан бүтээхдээ алт өргөдөг гэж ярьсан. Мөн өөр төрлийн үнэт зүйлс ордог уу?

-Хуучны бурхдын алт гялалзаад гялтганаад байж байдаг. Монголчууд бурхан шүтээндээ хамгийн үнэтэй алт, шүр, сувд зэрэг байгалийн цэвэр үнэт зүйлсийг ашигладаг. Цамын маск, бурхан шүтээн хамгийн үнэтэй байгалийн есөн эрдэнийн чулуугаар уламжлалтай.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 1 хэм дулаан
Улаанбаатарт 1 хэм дулаан
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!