Байгаль нь баялагтай, иргэд нь популизмтай улсыг ямар хувь заяа хүлээж буйг Мадурогийн Венесуэл бидэнд тод харуулж байна. Венесуэл анхаарал татаж буйг ашиглаад монголчууд бид ухаан сэхээ орохгүй бол яг тэдний араас замнахад ойрхон байгааг хэлэх гэсэн юм.
За эхэлье...
Өрсөлдөх чадварыг нь тодорхойлсон 69 орноос манай Монгол 69-д оржээ. Хачирхалтай нь өнөөх сүйрсэн Венесуэл бидний дээр жагсаж байх юм. Заяа нь хая. Тэд биднээс илүү юм байна.
Товчхондоо, энэ статистик бол Венесуэлийн алдааг давтаад эхэлсэн биднийг "ухаан сэхээ ор" гэсэн дохио юм. Энэ бол саналаа худалддаг сонгогчид, салбараа худалддаг сэтгүүлчид, улсынхаа эрх ашгийг худалддаг улстөрчид, үзэл бодлоо худалддаг “хиамчид” та бидний эв хамтын хүчээр цогцлоож яваа нийгмийн үнэн төрх. Бид хүний эрх, чөлөөт зах зээл, жинхэнэ шударга ёсоо өнгө, мөнгөөр солиод ерөнхийдөө дуусч байгаагийн гор. Яг ийм нөхцөлд Уго Чавес, Мадуро шиг дотоод дарангуйлагчаа нуусан популистууд ардчиллыг нурааж, тараахад нэг их хүч хөдөлмөр, цаг хугацаа зараад байдаггүй гэдэг нь 20-р зуунаар дүүрэн батлагдсан кейс.
Эдийн засгийн өсөлтөөрөө тив байтугай дэлхийд гайхагдаж явсан Венесуэлчүүдийг популизм л ийм болгосон. Газрын баялгийг иргэддээ хүртээнэ. Нефтийг муу сайн гадныханд өгөхгүй гэж орилсон “даяар венесуэлчүүд” л улсаа сүйрүүлж Уго Чавес, Мадуро тэргүүтэй дарангуйлагчид түүнийг нь ашигласан хэрэг.
“Тусгаар тогтнол”, “Эх орноо хамгаалцгаая” гэх яриа хөөрөө бол Венесуэл, Монгол нөхдүүдэд их хүчтэй ордог шалгарсан популизм. Үүн дээр байгалийн баялаг нэмэгдчихвэл ямар ч авралгүй. Өнгөрсөн зууны төгсгөлд эхэлсэн Венесэулийн тэнэглэл, 21-р зуунд монголчуудын солиорлоор дахин нэг батлагдахад ойрхон байгааг нуугаад яахав. Муу ёр биш. Төрийг хангалттай томруулж буй популист дарга нар маань улам их хичээгээд ахиухан халамж тараачихвал Венесуэл цаашаа.
Ер нь яахаараа хаа байсан газар хөсрийн дампуурсан Венесуэлтэй бидний яг юу адилхан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ.
Ерөнхийдөө 1958 оноос хойш ардчилсан тогтолцооны эхлэл тавигдаж, 1970 оноос Венесуэлийн газрын тосны үнэ тэнгэрт хадав. Байгалийн баялагтаа дулдуйдсан венесуэлчүүд Латин Америктаа эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж эхэллээ. Яг л манайх 1990 онд ардчиллаа олж, 2009 оноос зэс нүүрсний үнэ өсч брэндийн дэлгүүрүүд Улаанбаатараар суурьшсан тэр он жилүүдтэй адил. Харамсалтай нь цээж өвчтэйн венесуэлчүүд байгалийн баялгийн орлогоо эдийн засаг руугаа шууд оруулж ядуучуудад гэх нэрийн дор хүнсийг нь хямд, байр орон сууцыг нь хямд, их дээд боловсролыг нь үнэгүй болгож халамжаа хавтгайруулав. Торго, дурданд умбасан Венесуэлд үйлдвэр ярьдаг, үнэ цэнэтэй хөдөлмөр боддог хэсэг үлэмж хоосорлоо. Эцэст нь инцляциа алдаж, улсаараа хурдтацтай ядуурав.
Архи ууж, мөрийтэй тоглож суухад нь зуу, зуун боливар халаасанд нь орж ирээд байхад ямар ч тэнэг Венесуэл хүн гарч ажил хийе гэж сэтгэхгүй. Энэ нь ч манайхтай тун төстэй. Хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн мөнгө, эх орны хишиг, хувьцааны ногдол ашгаа нийлүүлээд хэд хоног зад найрлачих боломж байхад гарч ажил хийж махаа зулгаах тэнэг байхгүйтэй агаар нэг.
Сая гэхэд л нэг дэд сайд эмэгтэй ашиглаж эхлээгүй ордын нэрийг бариад иргэдэд ахиад 1.8 их наядын халамж тараах талаар баярын өдөр яриад амжсан байна билээ.
Гэвч үлгэр үргэлж сайхан төгсдөггүйн жишгээр манай хоёрын гол мөнгө олдог газрын тос, нүүрсний үнэ навс уналаа. Ноён Уго, иргэн Оюунаа хоёрын баяр жаргал нэг их удалгүй эдийн засгийн хямрал, ядуурлаар солигдох нь тэр. Мэдээж үүний гол буруутан нь өнөөх л төр. Чөлөөт зах зээлийг боомилж, зах зээлийн зарчмаараа өсөж өндийж байсан бараг бүх салбараа нийгэмчилж, төрийн хуруу хумсыг шигтгэсэн венесвуэлчүүд газрын тосны салбараасаа хувийн хэвшлээ хурдтай түлхэн гаргалаа. Манай төр бүх өмчдөө 100 хувь эзэн суух гээд байгаатай тун төстэй.
Ингээд төрийн нэр зүйсэн PDVSA гэх төрийн өмчит газрын тосны компанийг томруулснаар ашиггүй олон төрийн өмчит компаниуд өргөнөөр байгуулагдав. Энэ “Буян”-аар нь төрийн оролцоо илтэд нэмэгдэн эдийн засаг хумигдаж, дарга ангийг тойрсон авлига хулгай гаарав. Яг л манай “Эрдэнэс Тавантолгой”-н үе үеийн захирлууд улсын төсвөөсөө ч их мөнгөөр наргиж байгаад орон шонд ордог шиг зүйл Венесуэлд өрнөсөн гэсэн үг.
Ингээд зогссонгүй. Венесуэл ялначууд маань 2000 оны эхээр ExxonMobile, ConocoPhillips зэрэг Америк хөрөнгө оруулагчдаа бахархалтайгаар өшиглөж гаргав. Угсруулаад Канадын уул уурхайн Crystallex international, Polar зэргийн хөрөнгийг хурааж төр улсдаа авлаа. Шанд нь бүх гадны хөрөнгө оруулагчид нь оймс бандаашны бүтэн дээрээ Венесуэлээс зугтацгаав. Нэмээд дотоодын хэдэн зуун аж ахуйн нэгжүүд нь бүхэлдээ нийгэмчлэгдэв. Манайхаар бол Ухаа худгаа аваад, араас нь ураны төслийн компани, Рио Тинтог хөөж гаргах санаатай хөдөлгөөн үр дүнд хүрсэн гэсэн үг.
Ингээд улсаараа эдийн засаг нь сүйрч, авлига хулгайд идэгдэн түмэн олны уур бухимдал дээд цэгтээ тулж авлигачдыг, капиталист бизнесийнхнийг үзэн ядаж эхлэхэд ухаант Уго Чавес хаа нэгтэйгээс гэнэт гарч ирэх нь тэр. Капиталист гэж нэрлэгдсэн “Новшнуудтай” өмнө нэг тэмцээд ялагдсан популист босогч түүнийг шоронгоос гаргаснаар 1999 оны ардчилсан сонгуулийн тогтолцоогоор мань хүн Ерөнхийлөгч болчихов. Харамсалтай нь Уго Чавесийн тусгаар тогтнолын нэр зүүсэн Боливарын хувьсгал, “байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээмжтэй тараах” уриа лоозонд итгэсэн ихэнх венесуэлчууд хэдхэн жилийн дараа ардчиллаа алдаж, нэг хүний дарангуйлал дор ядуурлын ангал руу улсаараа унахаа даанч таамагласангүй.
Гагцхүү эдгээрээс хамгийн их хэл ам, эсэргүүцэлтэй тулсан өөрчлөлт нь чөлөөт хэвлэлийг дуугүй болох ажил байдаг. Венесуэлчүүд нэн түрүүнд сөрөг хүчний хэвлэлүүдийн амыг барьж, нэг том телевизийн сувгийг хаасан. Нэмээд үг сөрсөн бүхнийг өөрсдийн томилсон шүүгч, хуулийнхнаар далайлгаж үндэслэлгүй хэргүүд хүлээлгэн хорихыг нь хорьж, зармыг нь цөлж орхилоо. Үргэлжлүүлэн төрийн мэдлийн суртал ухуулгыг бий болгосон юм. Ингээд бодит мэдээлэл замхарч, зөвхөн эрх баригчдын л дуу хоолой нийгэмд хүрч, өнгө өнгийн тархи угаалтуудаар иргэдийг “шампундаж” гарав. Манайд бол улс төрийн эрх мэдэлтэн бүр хувийн телевиз, сонин, сайттай байдаг болоод удаж буй. Хувийн сэтгүүлч нь хүртэл нийгмийн бужигнуулах хүртлээ бүх юм утгаа алдлаа. Ковидын дараанаас нэг найруулагчийн дохиурт нэг хэсэгтээ хэвлэлийн эрх чөлөө үгүйрсэн шиг.
Венесуэлийг хурдацтайгаар балран сүйрэхэд хүргэсэн дараагийн газар бол Төв банк нь юм. Манайхаар бол Монголбанк, түүний ерөнхийлөгч хавьцаа гэсэн үг. “Тэтгэврийн зээл тэглэ”, “мөнгө хэвлэ” гэхээр шууд хэвлэчихдэг Лхагвасүрэнтэнгүүд маш амжилттайгаар Төв банкны бие даасан байдлыг эрх мэдэлтэнд аваачиж тушааж, эдийн засгаа хорлодог шиг юм. Зээл тэглэсэн тэр зовлонг нь одоо улсаараа үүрэх гэж байна. “Эрдэнэс силвер” компани нь дампуурч, ахмадууд санхүүгийн хүндрэлд улам оров. Түүгээр ч барахгүй том сонгуулийн өмнө хар жагсаалтад байгаа иргэдээ өршөөж эдийн засгаа их, бага шоглоод авсан.
Н.Учралын тавьсан төв банкны дараагийн Ерөнхийлөгч С.Наранцогт ч гэсэн ялгаагүй мэт харагдаж байна. Ажил аваад удаагүй ч даргад бол хурдтай таалагдах алхмаа тэтгэврийн зээлийн сарыг 36 сар болгох ажлаараа нотлон харуулсан.
Энэ мэтээр дэлхий дээр шалгарсан дампуу улсыг яг араас замнаад байгаа бид дор бүрнээ дүгнэлт хийх цаг болжээ. Одоо л энэ популизм, баялгийн тэгш хуваарилалт, төрийн өмч гэх хорт зүйлсээс салахгүй бол Монголд Мадуро төрөх хангалттай хөрс суурь бүрдээд байна. Магадгүй төрчихсөн ч байж мэднэ.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!