Дэлхийн шилдэг багш саяхан тодорч, Энэтхэгийн гайхалтай түүхийг бүтээж чадсан багш 1 сая ам.долларын эзэн болсон билээ.
Манай улсад өнгөрсөн жил “Шилдэг багш” нэвтрүүлгийг зохион явуулж, шилдэг багшийг 100 сая төгрөгөөр шагнасан. Анх удаа багшийн хөдөлмөрийг ийн өндрөөр үнэллээ хэмээн багш нар талархаж байсан юм. Тус нэвтрүүлгийн Ерөнхий шүүгчээр ажилласан, Дэлхийн шилдэг багшийн академийн гишүүн В.Ганзоригтой Дэлхийн шилдэг багш арга хэмжээний талаар ярилцлаа.
-Дэлхийн шилдэг багшаар Энэтхэгийн багш шалгарлаа. Шилдгийг шалгаруулах гол шалгуур нь юу байдаг вэ?
-Английн Varkey Foundation гэж байдаг. Энэ сангийн хамт олон дэлхийн боловсролын ялгааг багасгах, бүгдэд тэгш боломж олгох зорилго дор ажилладаг бөгөөд долоон жилийн өмнөөс багш нарын индекс хийж эхэлсэн. Улс хооронд төдийгүй улс дотор асар том боловсролын ялгаатай, гүн ангал байгаа судалгааг хараад судлаачид шоконд орсон. Иймээс энэ сангийн тэргүүн ерөнхий боловсролын чанарыг нийтэд нь дээшлүүлэх, хүүхэд болгонд тэгш боломж олгох, багш нарын үнэлэмжийн өсгөх зорилгоор Дэлхийн шилдэг багш гэдэг шагналыг санаачилсан түүхтэй.
Энэ хүмүүсийн ярьдгаар Нобелийн шагнал бол их, дээд сургуулиудын эрдэмтэн, багш, судлаачдад зориулагдсан гэдэг. Харин ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан ямар ч шагнал байгаагүй тул төвшинг адил болгон, 1 сая ам.долларын шагналын сантай энэ гайхалтай төслийг эхлүүлсэн.
Шилдэг багшийн гол шалгуур хүүхэд бүрд сурч хөгжих тэгш боломж олгох, тэр дундаа амьдралын боломжгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд боловсрол олгож буй багш нарыг нэлээд өндөр жингээр онцлон шалгаруулдаг. Мэдээж тэр багшийн нээсэн шинэ нээлт, инноваци, муж тосгон, хот, улсынхаа боловсролын системд оруулж буй өөрчлөлт, реформыг анхаарч шүүдэг. Товчхондоо, шилдэг багш хэдэн хүн, хэдэн сурагчдад нөлөөлж, сургууль, салбар, системийн хэмжээнд өөрчлөлт хийж, нийгмээ хэр хэмжээнд сайжруулж чадсаныг хардаг.
-Энэтхэгийн багш шилдгээр шалгарсан шалгаан нь юу байсан гэж харж байна вэ?
-Хувийн карьераа золин бөглүү тосгонд очиж амьдран, шашны вакуумд орон охид, эмэгтэйчүүдийн эрх зөрчигддөг байсан нийгмийг 10 жилийн дотор орвонгоор өөрчилж чадсан. Охин хүүхдийг гэдсэнд нь аборт хийдэг байсан бурангуй тосгоноос анхны эмэгтэй сурагч их, дээд сургууль элсэн орж, сургууль нь мужийнхаа шилдгээр шалгарч, багшийн гаргасан шинэ санаачилга улсын стандарт болж чадсан.
-Шилдэг багш 1 сая ам.долларын шагнал авдаг. Тухайн багшийн шилдэг байсныг нь мөнгөөр үнэлэх боломжгүй ч энэ мөнгөөр олон хүүхдийн төлөө санаснаа хийх боломж олгодог байх. Өмнө шалгарч байсан шилдэг багш нар мөнгөө хэрхэн зарцуулж байгаа нь олны анхааралд байдаг байх?
-Дэлхийн шилдэг багшийн шалгаруулалтын сүүлчийн шатанд шалгарсан 10 багшаас заавал асуудаг асуултын нэг нь “Та шилдгээр шалгараад 1 сая ам.доллараар шагнуулбал юу хийх вэ” гэдэг. Миний уншиж дүгнэх дуртай хамгийн дуртай хэсэг. Энд дэлхийн олон орны олон багш нар янз бүрийн л юм бичдэг.
Байрны зээлээ төлнө, гэр бүлийн хүнтэйгээ хамгийн тансаг ресторанд орно гэх мэт. Надад бол шагналын мөнгөө ажилдаа, өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө хэрхэн зарцуулах нь сонин байдаг. Энэтхэг багшийн хувьд шагналын мөнгөний талыг нь финалд үлдсэн 9 багшдаа өгнө гэдэг нь шууд нүдэнд өртсөн. Үлдсэн 50 хувийнхаа талаас илүүг нь өөрийнхөө сургууль, анги, лабораторидаа зарцуулна гэсэн байсныг санаж байна. Тэр утгаараа энэ шагналын академийн гишүүний хувьд хамгийн өндөр оноог би энэ багшид өгч байснаа санаж байна.
-Та дэлхийн шилдэг багш шалгаруулах ажиллагаанд очиж оролцож байсан байх аа. Энэ жил онлайнаар шалгаруулалт явагдах шиг боллоо. Өмнө нь шалгаруулалтын ажиллагаа хэрхэн явагддаг, ямар уур амьсгалтай байдаг талаар хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн жил Дубайд болсон арга хэмжээнд бүтэн оролцсон. Маш гоё арга хэмжээ болдог. Өмнөх жилийн арга хэмжээнд манай боловсролын сайд уригдан очиж байсан уг нь. Шилдэг багш шалгаруулах ёслолын өмнө Дэлхийн боловсролын форум гэж болдог юм. Тэнд боловсролын салбарын дэлхийн шилдгүүд цугларч тулгамдаад байгаа асуудал, шийдлийг ярилцдаг. Зүйрлэвэл, Боловсролын Давос эсвэл Боловсролын Каннын арслан юм уу даа. Манай боловсролын салбарт ажилладаг, энэ салбараа өөрчлөн сайжруулахыг хүсч байгаа хүн бүр заавал очиж оролцох ёстой арга хэмжээ. Шилдэг 10-т үлдсэн орны багш нарын хөгжөөн дэмжигчид гээд хөл бөмбөгийн дэлхийн аварга шиг фэн, фанатууд ирж тэр том зааланд эх орныхоо багшийг дэмжин уухайлдаг. Дэлхийн топ одууд, алдартай жүжигчид, улс төрчид, бизнесменүүд ирж дэмжин нэг оройг хамтдаа, хамгийн гол нь маскгүй өнгөрөөдөг гайхалтай арга хэмжээ л дээ. Уг нь жил бүр Дубайд зохион байгуулдаг байсныг болиулж ирэх жил Лондонд болох сурагтай байсан. Үүнээс хойш олимп шиг дэлхийг тойрон тив, улс дамжин жил бүр газар нь өөрчлөгдсөн зохион байгуулагдахаар болсон байгаа. Нэг нартай өдөр энэ арга хэмжээ Монгол Улсад зохион байгуулагдаж, монгол багш дэлхийн шилдэг болно гэдэг итгэл үнэмшил, бас зорилго надад бий. Үүний төлөө бүгдээрээ хамтран ажиллах хэрэгтэй байна.
-Манайд өнгөрсөн жил албан ёсны эрхтэйгээр шилдэг багш шалгаруулах реалити шоуг зохион явуулсан. Түрүүлсэн багш дэлхийн багш нартай өрсөлдөнө гэж байсан. Энэ ажил юу болсон юм бол?
-Монголдоо анх удаа ерөнхий боловсролын сургуулийн шилдэг багшийг шалгаруулж 100 сая төгрөгөөр шагнасан. Энэ бол гайхалтай эхлэл байсан. Үүнийг төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн хүмүүс бүгд хамтран зохион байгуулсан. Уг нь бол дурын багшийг дурын хүн санал болгоод дэлхийн шилдэг багшид нэр дэвшүүлэх нь нээлттэй байдаг. Гэхдээ эхлээд улсынхаа шилдэг нь болоод тэр хүнээ дэвшүүлбэл илүү боломжтой шүү гэдгийг энэ сангийнхан эртнээс хэлээд байгаа. Өнгөрсөн жилийн эцсээр Монголын шилдэг багш шалгараад саяны дэлхийн шилдгийн шалгаруулалтын өргөдөл хүлээн авах хугацаанд амжаагүй. 2021 онд бид түүхийг нь бичээд явуулна. Дэлхийн шилдэг багшийн шалгаруулалтад оролцох эрх бүх багшид нээлттэй. Гэхдээ дэлхийн шилдэг гэдэг шалгуур юу вэ гэдгийг эхлээд сайн судалж ойлгоорой гэж хүсч байна.
-Таны хувьд Монголын шилдэг багшийг шалгаруулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Сүүлийн шатанд үнэхээр шилдэг багш нар үлдсэн шүү дээ. Шүүхэд хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?
-Ний нуугүй хэлэхэд хэл ам, хов жив амар байгаагүй. Аймаг, дүүргээрээ талцсан багш нарын дунд янз бүрээр хэлүүлэн, сошиал медиагаар ор үндэсгүй хардагдах эвгүй байсан. Манай нөгөө хоёр шүүгчид ч гэсэн янз бүрийн мессеж ирж байсан. Тиймэрхүү мөчидхөн бодолтой хамт олонтой хүмүүс дэлхийн дэвжээнд гарах боломжгүй. Бие биенийхээ сайхан, сайн давуу тал биш юм гэхэд ядаж өөрөөсөө жаахан ч гэсэн илүү хүнийг хүлээн зөвшөөрч сурах, биесээ хүндлэн харьцах, хайрлах хандлага зөвхөн багш нар гэлтгүй манай нийгэмд асар их дутагдаж байгаа. Энэ нэг муухай атаархуу, хардамтгай, юм болгонд хохирогчийн сэтгэлгээгээр ханддаг зангаа бултаараа засмаар байна. Багш нарыг ийм хандлага гаргахад үнэнээ хэлэхэд үнэхээр гайхсан даа.
-Шилдэг багш шалгаруулахын гол зорилго нь юу юм бэ?
-Та анзаарсан бол багш хүнийг хэн ч байсан, ахмад настай хүн ч чи гэж хэлдэггүй. Дандаа та гэж гуайлдаг. Ийм хүндтэй мэргэжил. Энэ дэлхий ертөнцийг өөрчлөх хүчийг бэлддэг, ирээдүйг цэнэглэдэг, бид нарын ярьдаг хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоох асар том хүч багш нарт байдаг. Саяхныг хүртэл бид баялгийн шударга бус хуваарилалт, тэгш бус байдал гэж ярьдаг байсан бол одоо, бас ирээдүйд боловсролын тэгш бус байдал, боломжийн шударга бус байдал хамгийн том эрсдэл бас аюул болохоор байна. Энэ аюулын ерөндөг нь манай багш нар гэж би хувьдаа хардаг.