Үндэсний дээд лигийн "Play off" хагас шигшээ цувралын ээлжит тоглолт "Хасын Хүлэгүүд", "Сэлэнгэ Бодонс" багийн хооронд боллоо. Ээлжит тоглолтоор "Хасын Хүлэгүүд" баг 12 онооны зөрүүтэй "Сэлэнгэ Бодонс" багийг хожиж, цувралыг 3:1-ээр тэргүүлж эхэлсэн юм. Багийн хожилд гол нөлөө үзүүлсэн туршлагатай холбон тоглогч О.Сэргэлэнгийн сэтгэгдлийг хүргэж байна.
Тэрбээр "Өнөөдөр эсрэг баг маань цувралын харьцааг тэнцүүлэх гэж нэлээн хүчтэй орж ирэхийг мэдэж байсан. Бид багаараа тайвшрахгүйгээр өөрсдийн бодсон тактикаараа явахыг хичээлээ. Сүүлийн гуравдугаар үед бид энэ давуу талаа биелүүлж чадлаа. Сэлгээнд сууж байхдаа талбай дээр байгаа дутуу байрлалуудаа мэдээд ер нь бол ингэхэд болох юм байна гэж бодоод талбай дээр гарч ирээд хийхийг хүссэн зүйлээ хийлээ.
Ахлах дасгалжуулагч солигдох зэрэг зарим зүйл болсон ч манай баг сэтгэлээр унахыг хүсээгүй. Өөрсдийн гэсэн тогтсон дүрмүүдтэй түүнийгээ дагахыг хичээлээ. Сүүлд нь хэлэхэд манай хүү сагсан бөмбөг тоглодог. Тиймээс талбай дээр ингэж тоглодог шүү гээд өөрийн биеэр үлгэрлэхийг маш их хүслээ.
Нэмээд хэлэхэд "Сэлэнгэ Бодонс" багийн удирдлагууд NBA-д тоглож байсан, дэлхийн хэмжээний тоглогчийг авч ирсэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ багийн эсрэг цувралын бүх тоглолтууддаа манай баг сэтгэл хангалуун, бас "Сэлэнгэ Бодонс" багийг хүндэлж тоглож байгаа" гэсэн юм.
О.Сэргэлэн нь энэ удаагийн тоглолтод 9 оноо, 9 оновчтой дамжуулалт, дөрвөн удаа бөмбөг тасласан юм. Хамгийн чухал нь энэхүү үр дүнтэй тоглолтоо хамгийн хэрэгтэй цагт буюу сүүлийн үед гаргаснаараа онцлог байлаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!