Ашиглалтад орохгүй хэр нь жилээс нь жилд төсөвт өртөг нь нэмэгдсээр байгаа барилга байгууламжууд олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл Үндэсний Аудитын газраас эл сэдвийн хүрээнд аудит хийжээ. Аудитын ерөнхий дүгнэлтэд, төсөвт өртгийн нэмэгдэл зардалд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн төсөл, арга хэмжээний 62.7 хувь нь зураг төслийн алдаатай, ажлын тоо хэмжээг зургаас илүү тооцсон, давхардуулсан, материалын үнийг өсгөсөн зөрчил нийтлэг байгааг дурджээ.
-Жил ирэх тусам барилга байгууламжийн төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүн НЭМЭГДЭЖ байна-

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүн жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2024 оны төсвөөр 2,896,601.2 сая төгрөгийг барилга байгууламжид зарцуулахаар баталжээ. Энэ нь 2023 онтой харьцуулахад 43.0 хувиар, 2020 онтой харьцуулахад 2.7 дахин өссөн байна.
Харин Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд 2,426,478.6 тэрбум төгрөгийг барилга байгууламжид зарцуулахаар баталсан нь 2024 онтой харьцуулахад 16.3 хувиар буурч, 2020 онтой харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэн ба 2016-2025 оны төсвийн жилд дунджаар төсөвт өртгийн 22.7-36.6 хувийг санхүүжүүлж байна.
-Төсөвт өртгөө нэмэгдүүлэхээр ирүүлсэн саналын 31.3 хувь нь ҮНДЭСЛЭЛГҮЙ байна-
Тэгвэл өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээ буюу 208 төсөл арга хэмжээний нэмэгдэлд аудит хийжээ. Ингэхэд 145 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг анх 902,137.6 сая төгрөгөөр батлагдаж байсан бол 1,050,207.7 сая төгрөг болж нэмэгдсэн байв.
Түүнчлэн Үндэсний аудитын газраас 2023 онд хийсэн аудитаар 313 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг 823,514.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр санал ирүүлсний 14.6 хувь нь үндэслэлгүй гэж дүгнэсэн бол 2025 онд ирүүлсэн саналын 31.3 хувь нь ҮНДЭСЛЭЛГҮЙ байна гэж дүгнэжээ.
-НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ: Материалын үнийг жишиг үнээс өндрөөр тооцсон, хэрэгцээ шаардлагагүй, үндэслэлгүй ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн зэрэг зөрчлүүд илэрч байна-

Аудит хийж дүгнэлт гаргасан 145 төсөл арга хэмжээнээс 61,665.1 сая төгрөгийн алдаа илэрчээ. Үүнийг нарийвчлан авч үзвэл,
- Материалын үнийг жишиг үнэ, зах зээлийн үнээс өндрөөр тооцсон - 26
- Төсөвт ажлын тоо хэмжээг зураг, материалын түүврээс илүү тооцсон - 25
- Анхны батлагдсан төсөв, гэрээнд тусгагдсан ажлыг нэмэлт ажлын төсөвт давхардуулан төлөвлөсөн - 23
- Хэрэгцээ шаардлагагүй, үр ашиггүй ажлыг хийж гүйцэтгэхээр төсөвт тусгасан - 21
- Ажлын үндэслэлд орсон ажилбарыг ажлын тоо хэмжээнд оруулж давхардуулан тооцсон - 15
- Материалын орцын норм болон механизмын үнэлгээг өөрчилж нэмэгдүүлсэн - 9
- Өмнө хийгдсэн ажлын цалингийн зардлыг шинэчилсэн тарифаар тооцсон -6
- Тоног төхөөрөмжийн зардлыг материалын зардалд тусгаж шууд зардалд оруулсан - 6
- Үндэслэх зураггүй төсөв боловсруулсан - 3
- Төсөл, арга хэмжээний багцад орсон барилгын зураг төсөл алдаатайгаас хэсэгчлэн дүгнэлт гаргасан -1
Тэгвэл төсөл, арга хэмжээний зураг төсөл, ажлын тоо хэмжээ, төсвийн үндэслэл, тооцоололд алдаа илэрч байгаа нь захиалагчийн болон зураг төслийг хянаж, баталгаажуулах чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, төлөвлөх үйл явц, төсөвт өртгийн тооцоололд тавих хяналт хангалтгүй байгааг харуулж байна.
-Шаардлага хангаагүй төсөв, арга хэмжээг төсөвт суулгаж, баталж байгаа нь өртөг нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна-
Эл нөхцөл байдлаас шалгаалан аудитаас хэд хэдэн үндсэн дүгнэлтийг гаргажээ. Тухайлбал, төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг хуульд тусган, баталж байгаа нь төсөвт өртөг нэмэгдэх үндсэн шалтгаан болж байгааг дурджээ.
Түүнчлэн нэг маягийн болон ижил төстэй төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт суурилан төлөвлөх эсвэл тодорхой тооцоо, үндэслэлгүйгээр ойролцоо дүнгээр төсвийг төлөвлөж баталсны дараа зураг төсвийг боловсруулан магадлалаар баталгаажуулснаас шалтгаалж төсөвт өртгийг өөрчлөх шаардлага үүсэж байна.
-Аудитаас 101 зөрчилд 61.6 тэрбум төгрөг төгрөгийн албан шаардлага хүргүүлжээ-
Иймд эл аудитын нийцлийн дүгнэлттэй холбоотойгоор Ерөнхий аудитороос Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яаманд албан шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, 101 зөрчилд 61.6 тэрбум төгрөг төгрөгийн сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлагыг хүргүүлсэн аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!