
Маргааш буюу энэ сарын 22-нд Үндсэн хуулийн их суудлын хуралдаан болно. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд "Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгох"-оор хандсан байдаг.
Тэгвэл уг цэцийн хуралдаан нь хууль зөрчиж зарлагдсан хэмээн УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа процессийн хуулиа зөрчин зарлажээ. Тухайлбал Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 24.3т хуралдааныг хамгийн багадаа 7 хоногийн өмнө зарлаж бэлтгэл ажил ханган хуралдуулдаг хуулийн заалттай. Гэтэл энэ удаа Цэц хоёрхон хоногийн дотор хурлаа зарлаж, талуудад бэлтгэл ажил хийх хугацаа өгөхгүй яаравчилж байгаа нь хуулийн ноцтой зөрчил мөн.
Маргааш болох их суудлын хуралдаан энэ чигээр хуралдаж шийдвэр гаргавал Цэц өөрөө хууль зөрчиж шийдвэр гаргах болно.
Due process буюу процессийг зөв хийхгүйгээр зөв шийдвэр гаргах боломжгүй юм" гэжээ.