Өнгөрөгч амралтын өдрүүдэд МАН-ын Бага хурлын VIII хуралдаан болж, намын даргаараа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг сонгосон. Түүний хувьд Бага хурлын гишүүдийн 86 хувийн саналаар сонгогдсон юм. Тэгвэл Улс төрийн намын тухай хуулиар дараагийн процесс нь шинээр сонгогдсон намын даргаа УДШ-ээр бүртгүүлэх явдал юм. Тодруулбал, хуульд заасны дагуу 60 хоногийн дотор намын өмнөх дарга буюу Л.Оюун-Эрдэнэ шинээр сонгогдсон дарга Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлийг хүргүүлнэ. Улмаар дээд шүүх 30 хоногийн дотор өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх буюу нийт 90 хоногийн дотор асуудал эцэслэгдэх юм.
Энэ талаар Улс төрийн намын тухай хуульд дараах байдлаар заажээ.
13.7.Нам хуулийн этгээд болохын хувьд оршин байгаа газрын албан ёсны хаяг, хөрөнгө, түүний өөрчлөлттэй холбоотой бүртгэлийг холбогдох шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.
14.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэн тухайн намыг намын бүртгэлд бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн Тамгын газар ажлын гурван өдрийн дотор өргөдөл гаргагчид бичгээр болон цахимаар хүргүүлж, нийтэд мэдээлнэ.