Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүд утасны хамаарлаасаа болж, цахим дээрэлхэлтэд өртөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 9 секунд

Утас бүхнийг орлох болжээ. Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад халуун яриа өрнүүлдэг байсан бол одоо дэлгэц ширтэнгээ чимээгүй хооллох нь нийтлэг. Хүүхдүүд гэрээсээ гарч найзуудтайгаа тоглохоос илүү утсаараа тоглож, бичлэг үзэж, гудамжинд хаа сайгүй дэлгэц ширтэх хүмүүс зөрнө. Халуун дотно яриа, дулаан тэврэлт, хүүхэд нас гар утасны гэрэлд бүдгэрч амьд харилцаа алга болсныг хүүхдийн хөл хөөр тасардаггүй 10 жилийн сургуулиас харж болно.

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй. Атал сургуулиуд нам гүмхэн байна. Хүүхдүүд нэгнээ санасан шинж алга, хөл хөдөлгөөн ч бага байсан юм. Хотын төвд байрлах МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулиар ороход дөнгөж хичээл завсарлаж байлаа. Харин хүүхдүүд энд тэнд утсаа шагайж сууцгаах нь ердийн л үзэгдэл мэт болжээ. Анзаарвал, утас ширтээд хамт яваа, хажууд суугаа найзтайгаа ганц ч үг сольсонгүй, нүд рүү нь харсангүй. Харин тик ток-ийн богинохон дүрс бичлэг найзуудыг нь орлож байх шиг. Ганц сургуулиар ороход л ийм дүр зураг угтав.

Бага насны цагаахан дурсамж, тоглож гүйлдэх инээд, найзынхаа гараас чанга атгах мэдрэмж энэ бүхэн ухаалаг утасны хүйтэн гэрэлд сарнижээ.

Сэтгэлзүйч Ч.Уянга: Зарим тохиолдолд хүүхдүүд хэт утасны хамаарлаасаа болж цахим дээрэлхэлтэд өртдөг.

Харамсалтай нь, цахим орчин, ухаалаг утасны хэрэглээ энэ бүгдийг орлохын хэрээр бараан сүүдэр ирээдүй болсон хүүхэд залуусыг нөмрөх болсныг анхаарлын гадна орхиж болохгүй. Энэ асуудлыг бид энэ удаагийн сурвалжилгаар хөндсөн юм.

Мэдээж технологийн дэвшлийг дагаад мэдээллийн эрин зуунд ухаалаг утас, цахим орчин бидний амьдралын нэг хэсэг болсон ч хүүхдүүдээс илүү байх ёсгүй нь үнэн. Магадгүй өнөөдөр завгүй аль эсвэл ядраад хүүхдэдээ цаг гаргахаас төвөгшөөж утсаа тоглуулахаар өгсөн бол, хүүхэд тань утсаараа олон цаг тоглодог бол энэ нь энгийн зүйл биш аж. Хүүхдүүд утасны хамааралтай болохын хэрээр цахим дээрэлхэлтэд өртөж эрүүл мэнд, сэтгэлзүйгээрээ хохирдог болохыг Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургуулийн сэтгэлзүйч Ч.Уянга хэлж байлаа. Түүний хэлснээр утасны хамааралтай хүүхдүүд хичээлтэй дургүй болох, хэт их сатаарах зэрэг асуудал үүсдэг аж. Үргэлжлүүлэн хэлэхдээ “Зарим тохиолдолд хүүхдүүд хэт утасны хамаарлаасаа болж цахим дээрэлхэлтэд өртдөг. Ийм тохиолдол манай сургуульд нэг, хоёр тохиолдол бүртгэгдэж байсан. Анхаарах шаардлагатай хүүхдүүдэд сэтгэлзүйч ганцаарчлан уулзаж зөвлөгөө өгдөг. Манай сургуулийн тухайд сургуулийн орчинд утасны хэрэглээг хязгаарладаг тул донтолтын байдал харьцангуй бага” гэсэн юм.

Хүүхдүүд ч бас сургууль дээрээ утас ашигладаггүй болохыг уралдан ярьцгааж байлаа. Тэд нэгнээсээ өрсөж “би утас хэрэглэдэггүй” гэж шуугилдаж байлаа. Сурагчдын төлөөлөл болох гуравдугаар ангийн сурагч Ц.Хүслэн бидэнд ухаалаг утасны хор хөнөөлийг хэрхэн ойлгосон тухайгаа ярив. Тэрбээр “Би утас ашигладаггүй. Гэртээ цөөхөн минутаар үздэг. Утсыг их ашиглавал нүдний хараа муудаж, хичээлдээ муу сурч, донтох эрсдэлтэй болдог гэдгийг ээж маань надад зөвлөсөн. Үеийн найзууддаа хэлэхэд утас бага ашиглаарай хичээлээ сайн хийгээрэй” гэсэн юм.

Гар утас хэрэглээ нь архи тамхи шиг хор хөнөөлтэй

Биднийг тавдугаар сургуулиар ороод гарахад тэнд хүүхдүүд хоорондоо яриа өрнүүлж, шуугилдсан хөл хөдөлгөөнтэй илүү амьд орчинтой байлаа. Сургууль дээр утасны хэрэглээг хориглох нь нэг талаараа анхаарал төвлөрлийг сайжруулж, хичээлээ хийх, нэг ангийнхан, найзууд, багш сурагчдын хоорондын харилцааг илүү сайжруулах давуу талтай. Тус сургуулийн хувьд анги бүрд утас хураалгадаг хайрцагтай бөгөөд хичээл тарахад ангийн дарга нар нь утсыг нь тарааж өгдөг байна. Ийм боловч бусад үед утас ашигладаггүй, дэлгэцийн хамааралгүй гэж ойлгох нь эндүүрэл биз. Тус сургуулийн Мэдээлэлзүйн багш Ж.Дэлгэр ч үүнийг үгүйсгээгүй. Түүний хэлснээр хүүхдүүдийн дунд утасны донтолт нийтлэг асуудал гэнэ. Тэрбээр “Энэ асуудлын талаар хүүхдүүдтэй их ярилцдаг, сэдвийн дагуу бие даалт өөрсдөөр нь хийлгэдэг. Гэхдээ ухаалаг утсыг зөв хэрэглээ талаас нь сургалтын хэрэглэгдэхүүн болгож ашиглах боломжтой” гэж байлаа. Мөн сурагчдын хувьд өөрсдөө ухаалаг утасны хэрэглээг багасгах аргыг санаачилж, ангидаа утсаа хураадаг болсон нь утасны хамааралтай болсон хүүхдүүдийг хичээл дээр утаснаас “холдуулах” чухал ажил болсныг Ж.Дэлгэр багш яриандаа тодотгож байлаа.

Мөн Эрүүл мэндийн зөвлөгөө хүргэдэг “И Клиник”-ийн судалгааг харвал дэлгэцийн донтолт нь архи, тамхи шиг хүүхдийн эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг тул анхааралдаа авах шаардлагатайг сануулжээ. Дэлгэцийн хэрэглээ нь тархинд допамин ялгаруулж, мэдрэлийн сэрлийг удирдах чадварт муугаар нөлөөлдөг аж. Кокайны адил тархины гадаргуу, духны хэсэгт нөлөөлдгийг тогтоожээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 12 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 12 хэм дулаан, бага зэргийн бороотой
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.