
Бусдыг онц хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан гэх Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн хорих эсэх хуралдаан боллоо. Тодруулбал, прокурорын байгууллагаас тэднийг 30 хоног үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх уг асуудлыг дөнгөж сая хэлэлцээд, тэднийг суллах шийдвэр гаргасан байна.
Уг шийдвэрийг эсэргүүцэж, прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичихээр болжээ.
Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нар нь “2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх хэрэгт шалгагдаж буй.
Хохирогчийн биеийн байдал хүнд, нүднийх нь цаад аяганы яс хугарсан гэх мэдээллийг хохирогчийн аав өгөөд байгаа юм.
Мөн уг хэрэгт холбогдоод буй "Таванбогд" группийн захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн захирал Б.Амарсайхан энэ сарын 20-нд Монгол Улсын хилээр гарсан билээ.