УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 41 гишүүн НДШ-ийг бууруулах зорилго бүхий нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн боловч намуудын бүлгээр хэлэлцэх шаардлагатай гэж үзэн, хойшлуулсан юм.
Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг дээрх хуулийн төсөлтэй танилцаад, УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдэгдлээ.
Хуулийн төсөлд дараах суурь гурван асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Үүнд:
1. Өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
2. Ажил олгогчоос ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
3. Ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоож, хязгаарлах зэрэг хамаарна.