
БНСУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд аялал жуулчлалын салбарын буцалтгүй тусламжийн төсөл амжилттай хэрэгжиж "аялал жуулчлалын сургалтын төв" албан ёсоор нээлтээ хийлээ.
Хоёр улсын засгийн газар хоорондын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг бэлтгэх Монгол улсын анхны "Аялал жуулчлалын цогц сургалтын төв" 2025 оны 5-р сарын 29-ний өдөр албан ёсоор үүд хаалгаа нээсэн юм. Тус төслийг БНСУ-ын Аялал Жуучлалын Төрийн өмчит Корпорац (КТО) гүйцэтгэсэн билээ.
Аялал жуулчлалын сургалтын төв нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын сургалт болон дадлагын ажлыг явуулах боломжтой анги, танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаараа онцлогтой. Түүнчлэн жилд шинээр 850-2600 хүн, давтан сургалтад 1800-5700 хүнийг хамруулах хүчин чадалтай.
Нийт 2739,8 м2 талбайтай ба 250 хүний багтаамжтай сургалтын танхим, 10-30 хүний багтаамжтай 6 танхим болон хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй танхимуудаас бүрдэж байна.

