Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.ХАНДСҮРЭН: Аав, өвөөгийнхөө нэрийг өндөрт өргөж, амжилтаараа өнгөлж явахыг хичээдэг ч хангалттай хэмжээнд байж чадахгүй байгаа юм шиг санагддаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 54 секунд

Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Хандсүрэнтэй ярилцлаа.

-Шигшээ багийн бэлтгэлдээ гарчихсан байгаа юм байна. Хэр ачаалалтай байна?

-Ачаалал өндөр бэлтгэлүүд хийж байгаа. Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй 33 тамирчин бэлтгэл хийж байхад нэг хүн дээр ирэх ачаалал харьцангуй гайгүй байсан. Одоо бол 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдрийн 2 бэлтгэл хийж байна. Миний хувийн хувьд бэлтгэлд гарсан үедээ бүх цагаа бэлтгэлдээ зориулдаг. Яг одоо бол өдөрт 2 удаагийн бэлтгэлтэй байгаа.

-Өргөтгөсөн бүрэлдэхүүн, шилдэг 33 тамирчнаас сонгогдож, шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтсан. Сэтгэгдэл хэр байна. Өөртөө хэр итгэлтэй байв?

-Өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдахад "3а эхэллээ дээ" гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Лиг дуусаад бараг 2 сарын хугацаанд ямар ч бэлтгэлгүй байсан болохоор тийм бодол төрсөн байх гэж бодож байна. Шигшээ багийн 14 тамирчны тухайд дасгалжуулагчдын багаас нэр зарласан. Лигээс хойш бэлтгэл хийгээгүй байсан болохоор өөртөө итгэлгүй байсан. Хасагдчих ч юм билүү гэсэн айдас байсныг нуухгүй.

-Шигшээ багийн бүрэлдэхүүн цалинтай юу?

Шигшээ багийн тамирчид нэг ч төгрөгийн цалин авдаггүй. Энд байгаа тамирчид ажил, амьдрал бүх зүйлээ орхиод бэлтгэлдээ гарчихсан байгаа. Маш их хичээл зүтгэл манай охидуудаас гарч байгаа гэж хэлж болно. Бидний хувьд гаднын тэмцээнд Монгол Улсаа төлөөлж орно гэдэг нэр төрийн хэрэг гэж бодож, маш их хичээдэг.

-Бэлтгэлтэй үедээ ажил хийх боломжгүй. Тэгэхээр санхүүгийн хувьд асуудал үүсэх нээ?

-Ажлаа ч хийгээд бэлтгэлээ ч амжуулаад явж байгаа охидууд бий. Үнэхээр амар биш. Энэ ачаалалтай бэлтгэлийн завсраар амрах зав өөртөө гаргахгүй бол амаргүй шүү дээ. Даанч тийм боломж хэцүү. Би гэхэд банканд ч юм уу аль нэг байгууллагад харьяалагддаггүй. Зөвхөн спортдоо бүх зүйлээ зориулж, мэргэжлийн тамирчин гэсэн статусаа хадгалахыг хичээдэг. Ажил хийгээд хажуугаар нь бэлтгэл сургуулилт, тэмцээнд уралдаанаа амжуулан гэдэг амар биш учраас бэлтгэл сургуулилтдаа бүх цаг заваа 100 хувь зарцуулж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Гэхдээ нөгөө талдаа миний санхүү гэж нэг юм байгаа. Орлого нь 0, зарлага нь их болчхоор тэрийг зохицуулж явахад Монголын өнөөгийн нийгэмд амьдрахад хэцүү. Өмнө нь аав, ээждээ эрхлээд л санхүүгийн асуудлаа даатгачихдаг байсан бол одоо бүгд миний толгой дээр ирчихсэн. Би өөрөө л бүх зүйлээ шийдэх ёстой болж байгаа юм. Гэтэл надад орлого байхгүй. Гадны улсад легионер тамирчнаар тоглож байхдаа хуримтлуулсан хадгаламжруугаа орох жишээний.

-Багаасаа спортоор хичээллэсэн үү. Анх хэрхэн волейболоор хичээллэхээр болж байсан бэ. Энэхүү спортын юу нь таныг өөртөө татдаг вэ?

-Би 16 настайгаасаа волейболоор эрчимтэй хичээллэж эхэлсэн. Үеийнхээ хүүхдүүдийг бодвол харьцангуй өндөр байсан учир сургуулийн биеийн тамирын багш нар “Спортоор хичээллэ ээ, үгүй бол дэмий гонзгой боллоо” гэж хэлдэг байлаа. Иймд нэг удаа сургуулийн волейболын Гансүх багшийнхаа хэлснээр бэлтгэлд явж үзэж байсан даа. Үүнээс хойш волейболд эргэлт буцалтгүй орсон. Улмаар Гансүх багш маань намайг, өөрийн найз болох Д.Солонго багшид захиж, даатган энэ спортын эхлэлийг тавьж өгсөн. Волейболын спортод багийн тоглолт их чухал. Багийн тоглолт гаргахын тулд хүн нэг бүрийн хүчин чармайлт хэрэгтэй болдог. Үүгээрээ миний сонирхлыг их татдаг.

-Волейболын спортыг олон залуус хичээллэн, сонирхох болжээ. Та анхлан суралцаж байгаа хүүхэд багачуудад зөвлөгөө өгнө үү. Юунд сайн анхаарах хэрэгтэй вэ?

-Битгий шантраарай гэж хэлэхийг хүсдэг. Ямар ч хүн тэгээс эхэлдэг. Хүн бүхний түүх ингэж эхэлдэг. Бүх хүний эхлэлийн шугам адилхан. Тэндээс харин өөрийн ур чадвараа гозойж, сайжрах хэрэгтэй. Хэзээ ч бүү өөрийгөө гол. Удаан, жоохон байсан ч хамаагүй сайжраад л бай. Энэ бүхэн үр дүнд хүргэнэ. Яагаад гэвэл надад шантарсан чадахгүй байсан үе зөндөө бий. Бүр маш их гэж хэлсэн ч болно. Буцаад яагаад энэ бүхнийг эхлүүлсэн билээ, яагаад хийгээд байгаа билээ гэдгээ бодох их чухал шүү гэж хэлмээр байна.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Миний хамгийн том зорилго бол Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Монголын шигшээ багаасаа тоглон амжилт гаргах. Монгол Улсын шигшээ багийн амжилтыг ахиулах, үүнд өөрийн хувь нэмрээ оруулах юм шүү дээ. Өөрөө чадахгүй бол чадах хүүхдүүдийг бэлдэж, заавал амжилт гаргана аа л гээд бодчихсон байгаа.

Он гарсаар Монголбанкны алт худалдан авалт 29.3 хувиар буурч 4.3 тонн болов
Он гарсаар Монголбанкны алт худалдан авалт 29.3 хувиар буурч 4.3 тонн болов
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.