Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хороо болон Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн төв номын сан болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар дээрх байгууллагын удирдлага, албан хаагчид хүүхийн сурч боловсрох, хөгжих, амьдрах эрхийг хангахад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа, цаашид шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал зэргээ нээлттэй ярилцлаа. Тухайлбал, Монголын хүүхдийн ордон гэхэд л 1988 онд байгуулагдсан, жилдээ 4000 гаруй хүүхдийг хөгжүүлэх, дэмжихэд чиглэж ажилладаг. Дэргэдээ Хүүхдийн спортын ордон барих төлөвлөгөөтэй гэдгээ чухалчиллаа.
Хүүхдийн урлан бүтээх төвийн тухайд, 1958 онд байгуулагдсан, жилдээ 2100 гаруй хүүхдийг 18 төрлийн 23 дугуйланд хамрагдах боломж нөхцөлөөр хангадаг. Баригдаад 68 жил болж байгаа барилга учраас барилгын бүрэн хүчитгэл яаралтай хийх шаардлагатай гэлээ.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра “Манайхаар жилд 350 мянган хүн, тэр дотроо 32 мянга гаруй хүүхдүүд үйлчлүүлдэг. Нийслэлийн хэмжээнд 4 салбар номын сантай. Мөн л барилгын чанар болоод багтаамжийн асуудал бэрхшээлтэй байсан учраас бид өөрсдөө төслөө бичээд, БНСУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр, 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн давхар олон улсын жишигт нийцсэн номын сан барьж эхэлсэн. Хүний нөөцийн дутагдал манай салбарын асуудал. Уншигчийн картыг үнэгүй болгох, хүн бүр номын сангийн үйлчилгээг тухтай орчноос авдаг байхад анхаарч байна гэдгээ онцоллоо.
НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул “Нийслэлийн хүн амын 1/3 буюу 500 мянга гаруй нь хүүхэд. Гэтэл нийгмийн чухал хэсэг болсон хүүхдүүдийг хичээлээс гадуур хөгжүүлэх төв болон хүүхэд хамгааллын чиглэлд ажилладаг газруудаа бодлогоор анхаарахгүй бол төрийн “хайр”, төсвийн хуваарилалтын гадна үлддэг байдал сэтгэл эмзэглүүлж байна. Эмэгтэй төлөөлөгч нарын орхигдуулж болохгүй дараагийн асуудал хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлын асуудал байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Д.Будзаанаас хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчил болон бусад сэдвээр цаг үеийн мэдээлэл сонслоо. Энэ бүхний эцэст бид бүх чиглэлд хамтарч хүүхдүүдээ хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхой болголоо. Энэ уулзалтаас гарсан хамгийн чухал шийдвэр нь НИТХ дотор “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих” лобби бүлэг байгуулах саналыг НИТХ-ын Хүний хөгжлийн хороо болон Эмэгтэйчүүдийн зөвлөл гаргалаа” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!