УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар: Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, процессын дахин инженерчлэл хийх асуудалд үзэл баримтлал боловсруулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахлаад ажиллаж буй. Ажлын хэсэг ирэх долоо хоногт дүгнэлтээ гаргаж УИХ-ын тогтоол болж гарах учраас ХЭҮК ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлттэй танилцаж өөрсдийн саналаа өгөх зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд маш олон зүйл цахимжихаар төлөвлөсөн байгаа. Хувь гишүүний хувьд кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдалд санаа зовж байна.
Кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтнүүдтэй хамтарч судалгааны ажил хийж байгаа. Харин мэдээллийн аюулгүй байдал талаас ХЭҮК-той хамтарч ажиллах шаардлага байна гэж харж байгаа. Учир нь Монгол Улсад хиймэл оюуны технологи хувь хүний мэдээллийг ашиглан олон нийтийн далд ухамсарт нөлөөлөх арга техник хэрэгжиж байж болзошгүй гэсэн хардлага бий. Үүнд тодорхой хэмжээний судалгаа хийгдэж байна. Судалгаанд ХЭҮК-ын оролцоог хангахгүй бол нийт ард иргэдийн далд ухамсар болон зан төлөвт өөрчлөлт орох хэмжээний технологийн хэрэгжилтийг манай улсад хэрэгжүүлж байна гэж харахаар байгаа.
Энэ нь Үндэстний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа асуудал. Бид өөрсдөө кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлын хоцрогдлоос болоод ийм нөхцөл байдлыг аль хэдийн нээгээд өгчихсөн байгаа. Тиймээс хүний эрх, үндэсний эрх ашиг зөрчигдөж болох эрсдэлтэй томоохон асуудалд ХЭҮК цаашид анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!