ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл яамныхаа хуулийн гол бодлогын хэрэгжилтийг хариуцсан даргаар контрабандын хэргээр дөрвөн жилийн хорих ял шийтгүүлж, ял эдэлж байсан хүнийг томилжээ.
ХЗДХЯ-ны Хуулийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг нь дээрх ялаасаа Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдсөн юм. Өөрөөр хэлбэл, төрийн албаны шударга зарчим алдагдаж, хууль зөрчигчдийг хууль хамгаалагчийн төрийн алба руу оруулсан үйлдэл гэж шууд хэлж болохоор байна.
Б.Батхуяг нь 2005 онд албан тушаалынхаа байдлыг ашиглаж, бусадтай бүлэглэн "Онц их хэмжээний ноолуурыг хууль бусаар хил нэвтрүүлсэн" гэх хэргээр ял шийтгүүлж байжээ.
Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах албан хаагчид тавих нийтлэг шаардлагыг "Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, авлига албан тушаалын болон бусад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх, цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх" гэж тодорхойлсон байдаг.
Тодруулбал, тэрбээр 2005 оны зургаадугаар сарын 15-ны шөнө Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг хилийн 574-р тэмдэгтээр хилийн боомтгүй газраар Ц.Мөнхбаяр, Б.Түмэнжаргал, Х.Алтангэрэл нартай бүлэглэж, албан тушаалынхаа байдлыг ашиглан 21-81 ӨМА улсын дугаартай ЗИЛ-130 машин, 10-58 ӨМА улсын дугаартай УАЗ-469 машин ашиглаж Ц.Мөнхбаяр, Б.Түмэнжаргал, Х.Алтангэрэл нартай бүлэглэн ноолуур хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр ял шийтгэгдэж байжээ.
Ингэхдээ тухайн үед Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар "онц их хэмжээний ноолуурыг хууль бусаар хил нэвтрүүлсэн" гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч хэдэн кг ноолуур байсныг тогтоох боломжгүй гэж үзэн зүйл ангийг 175.2 дахь хэсгээр өөрчлөн хөнгөрүүлж Б.Батхуягт дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оноосон бол шүүгдэгч Ц.Мөнхбаярт гурван жил, зургаан сарын хугацаагаар, Б.Түмэнжаргал хоёр жил, нэг сарын хугацаагаар, Х.Алтангэрэлд хоёр жил, гурван сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж байв.
Тэгвэл шүүхээс шийтгэх тогтоолыг үйлдсэнээс хойш Б.Батхуягийн хувьд 28 хоног цагдан хоригдсон байх бөгөөд үүнийг нь ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Гаалийн ерөнхий газрын 8.8 сая төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Б.Батхуягийг, бүлэглэн хэрэг үйлдсэн этгээдүүдийн хамтаар өршөөж байжээ.
ХЗДХЯ гэдэг бол энэ улсад хууль засаглах уу, хулгайчид засаглах уу гэдгийг шийддэг, бодлого боловсруулдаг газар. УИХ-аар хэлэлцэн батлагддаг бүхий л хууль тогтоомж, бодлогын асуудал энэ яамаар, энэ бодлогын газраар дамжих учиртай. Үүнээс гадна ХЗДХЯ-ны бодлогын газрын даргын албан тушаал бол яамандаа дээрээс гуравт эрэмбэлэгддэг том ранктай ажил алба. Түүний харьяанд асуудал орсон хил хамгаалахаас эхлээд цагдаа, шүүх шинжилгээ гээд томоохон агентлагууд багтдаг билээ.
Тиймээс шударга ёсны зарчимд нийцээгүй, контрбандын хэрэгт орж ял шийтгүүлсэн хүнийг томилсон уг томилгоогоо ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл тайлбарлах зүй ёсны асуудал мөн.
Сэтгэгдэл (28)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!