Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах МАН-ын Бага хурлын шийдвэр, АН-гүй бол ажлаа өгнө гэж намын бага хурал дээрээ мэдэгдсэн Ерөнхий сайдын байр суурь хоёрын ард олон асуудал хөвөрч буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, сайд Н.Учрал өөрийн цахим хуудастаа "Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга миний бие улс төрд үүссэн нөхцөл байдлыг үл харгалзан, өдөр тутмын ажил үүргээ явуулж байна. Улс орны амьдралд завсарлага байдаггүй.
Тийм ч учраас Засгийн газар төрийн хууль, ард түмний өмнө хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, ажлаа хийж, асуудлаа шийдэж байна.
Гэтэл улс төрийн нөхцөл байдлыг ашиглан, зохион байгуулалт, өндөр төлбөр мөнгөтэйгөөр Төрийн тэргүүн болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн дунд элдвээр яс хаях, холбож гүтгэх нь хир хэмжээнээс хэтрэн хальж байгаад нэн харамсаж байна.
Нэр бүхий сайтууд Монголчуудын ёс жудаг, хүн чанарыг умартан, хэнд ч тохиодог, туулж давдаг зовлон бэрхшээлийг хүртэл хараал зүхэл болгон эрээ цээргүй аашлахаа зогсоохыг хүсэж байна.
Захиалагчаасаа мөнгийг нь авсан ч гэлээ хүний эрхийн гишгэж болохгүй хэм хэмжээ, баримт нотолгоонд үндэслэж, бодит үнэнийг мэдээлэх давах эрхгүй шугам бий шүү гэдгийг сануулъя.
Нэгэн цаг үед адилхан Монгол хүн болж төрсөн, хайрлах эх орон нэгтэй, ээж аав, хань ижил, үр хүүхэдтэй атлаа биесээ хүмүүн бусаар харааж зүхэлгүй, эргээд уулзах нүүртэй, ахиад учрах боломжтой үлдэцгээе" гэжээ.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!