Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.28) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 14 цаг 36 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу даргалав.
Эхлээд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2025 оны 5 дугаар сарын 23, 26-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураалт явуулж, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тусгасан хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн хэмээн Ч.Лодойсамбуу гишүүн танилцуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар найруулгын шинжтэй засвар оруулж, нэр томьёог тодорхой болгох хүсэлт гаргасны дагуу саналын томьёоллыг бэлтгэсэн байна.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтын дагуу санал хураалт явуулан шийдвэрлээд, үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Бадамсүрэн танилцууллаа.
Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төслийн холбогдох хэсэг, заалт, дэд заалтад нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж найруулгын шинжтэй засварыг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Бадамсүрэнгийн дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэсэн заалтын дагуу санал хураалт явуулан шийдвэрлээд, үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Эдийн засгийн байнгын хороо ийнхүү жилийн төлөвлөгөөний төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг эцсийн хувилбарын төслийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!