Ковид 19 цар тахалд дэлхийн олон улс орон эдийн засгаа ниргүүлж байна. Цар тахал дэлхий даяар тархаж эхлээд 10 сар болж. Энэ хугацаанд бут ниргүүлэх нь ниргүүлээд, эргэж босох нь босч байна. Гэтэл манай улс аюултай тулахад “бэлтгэх байдал”-аа авах бүхэл бүтэн 10 сарын хугацаа байсан. Энэ бол бүх шатанд төлөвлөж, тооцоод амжих хугацаа.
Гэтэл дотооддоо халдвар тархаад хагас сар хүрээгүй аж ахуйн нэгжүүд цалингаа тавьж чадахгүйд хүрч, айл өрх наад захын хэрэглээгээ худалдан авч чадахгүйд хүрээд байгаа нь нөгөө бэлтгэлгүйн хар гай гарч байна. Хэдийгээр Ерөнхийлөгч санаачилга гаргаж, өрх бүрд 1 сая төгрөг тараах, 200 мянгыг бэлнээр, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр тараах санаачилга гаргасан ч улс төржүүлээд өнгөрлөө. Энэхүү нэг сая төгрөгийг хүүхдүүдэд сар бүр олгодог 100 мянган төгрөг орлох үүрэг хүлээв. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж байгаад ингэж хэлсэн юм. Нэг хүүхэдтэй өрх сардаа 100 мянган төгрөг, жилдээ 1.2 сая төгрөг төрөөс авч байгаа. Үүнийг хангалттай гэж үзэж байна аа гэж...
Яахав, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Бас дээр нь Засгийн газарт зөвлөх үүрэгтэй ерөнхийлөгч нь бүхэл бүтэн бодлого боловсруулчихсан. Уг нь, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг л зөвлөчихсөн бол, заавал нэг сая гэж зарлаагүй бол Засгийн газар арай өөрөөр харах ч байсан байж болох...
Гэтэл хүүхэдгүй залуу өрх, тэтгэврийн насны ахмадууд энэхүү төрийн хайр халамжаас гадуур үлдэж байна. Дэлхийн олон оронд цар тахлаас эдийн засгаа аврах гарц нь иргэддээ мөнгө тараах байлаа. Тухайлбал, АНУ-ын Засгийн газраас хүн бүрд 1200 ам.доллар, хүүхдэд 500 ам.долларын нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. Япон улсад гадаад дотоод гэж ялгалгүйгээр хүн бүрд 100,000 иен, жижиг бизнест 500,000 иен, аж ахуй эрхлэгчид 1000,000 иен, компанид 2000,000 иен олгов.
Энэ нь иргэдээ мөнгөтэй болгосноор дотоодын худалдаагаа сэргээх замаар эдийн засгаа тогтворжуулах тактик байлаа.
ОНОЛ: Мөнгөний нийлүүлэлт эдийн засгаа аврах гарц
Цар тахлын үед эдийн засгаа хэрхэн сэргээх талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, профессор, эдийн засагч Л.Оюуны сэтгэгдлийг хүргэж байна.
1980 аад оноос эхэлж унаж буй эдийн засгийг сэргээж байсан арга бол мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Үүнээс өмнө бол эдийн засгийн хүндрэлийн үед мөнгөний нийлүүлэлтээ хумиж, инфляцаас зайлсхийдэг байсан. Гэвч 1980 оноос хойш мөнгөтэй байж л амьдрал үргэлжилнэ хэмээн үзэж, мөнгийг нийлүүлдэг болжээ. Энэ арга хэд хэдэн оронд туршигдсан. Хамгийн сүүлд АНУ эдийн засгийн хямралын үедээ томоохон үйлдвэрүүдэд мөнгө тараасан. Миний мэдэж байгаагаар автомашины нэгэн үйлдвэрт 400 тэрбум ам.доллар шууд өгсөн. Тэгэхдээ “Ажилчдаа битгий халаарай, цалинг нь цагт нь тавьж байгаарай” гэж хэлсэн. Ингээд ажилчид нь цалинтай учраас автомашинаа үйлдвэрлэдэг. Авсан цалингаараа гараад худалдаа хийдэг. Худалдан авалт нь цаад үйлдвэрүүдээ дэмжээд явчихдаг.
Ер нь, эдийн засгийн хүндрэлийн үед мөнгө хомствол байдал хүндэрдэг гэдгийг би олон жишээн дээрээс харсан.
2015 онд Америкийн эрдэмтэн Ангус Дэйтон гэдэг хүн хэрэглээгээр дамжуулж эдийн засгийг дэмждэг гэдэг онолоор Нобелийн шагнал хүртсэн. Хэрэглээг зогсоохгүйн тулд аж ахуйн нэгжүүд болон хүмүүс мөнгөтэй байх ёстой.
Хэрэглээтэй холбоотой Япон улсын нэгэн туршлага ч бий. Цунами болж эдийн засаг хүндэрсэн. Энэ үед Ерөнхий сайд Шинзо Абэ “Бидэнд нөөц бий. Тиймээс хэрэглээгээ хуримтлуулж, ихээр авах хэрэггүй. Авдаг хэмжээгээрээ л худалдан авалт хийж байгаарай” гэж хэлсэн. Ард түмэн нь ч түүний үгэнд орсон. Тодорхой хугацааны дараа “Одоо эдийн засгаа сэргээе. Жаахан илүү хэрэглээрэй” гэж хэлсэн. Хүмүүс аялал зугаалгаар явж хэрэглээгээ нэмж эхэлсэн үеэс эдийн засаг нь сэргээд ирсэн. Тэгэхээр, хэрэглээг нэмэгдүүлж байж эдийн засгийг дэмждэг болох нь энэхүү жишээнээс харагдаж байна.
Миний хэлэх гэсэн гол санаа аж ахуйн нэгжүүдэд мөнгө нийлүүлэх хэрэгтэй. Фэйсбүүк зэрэгт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ярьж байна. “Хэдэн хүнээ халчихмааргүй байна. Гэтэл борлуулалт алга. Төр засаг биднийг жаахан дэмжээд өгөөсэй” гэсэн байдлаар саналаа хэлж байна. Тиймээс мөнгө нийлүүлэх шаардлагатай болж байна. Гэвч мөнгийг нийлүүлэхдээ огцом нэмж болдоггүй. Тэгвэл тэр өдөртөө өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Өөрөөр хэлбэл, инфляц өснө. Бараа бүтээгдэхүүн огцом дуусна. Ингээд эдийн засаг шууд уналтад ордог. Нэг уналтад орсон эдийн засаг сэргэхдээ хэцүү. Тиймээс бага багаар, зогсоочихгүй төвшинд мөнгийг нэмэгдүүлэхгүй бол эдийн засаг унадаг.
Мөнгийг нийлүүлэхдээ Засгийн газар Монгол банктай хамтрах хэрэгтэй. Тэд мөнгийг ямар хэмжээгээр нэмэгдүүлэх вэ гэдгийг нарийн мэдэж байгаа. Миний дүгнэлтээр, цохих газар нь аажмаар мөнгийг нэмбэл эдийн засаг сэргэнэ.