Төв цэнгэлдэх хүрээлэн дотор олон улсын стандарт хангасан, хамгийн сайн гэх хиймэл зүлгийг 2024 онд шинээр дэвссэн. Гэвч тухайн хиймэл зүлэг нь бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй, халтирдаг гэх шүүмжлэл өнгөрсөн жилийн наадмын үеэр хөндөгдсөн. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд МҮБХ болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааныхан, зарим бөхчүүдтэй өнгөрсөн даваа гарагт уулзалт зохион байгуулсан.
Энэ үеэр Улсын аварга О.Хангай "Өнгөрсөн жилийн зүлэг усаа шингээхгүй байсан. Хар резин, дүүргэгч материалаа хийгээгүй байсан учраас маш их халтиргаа үүссэн. Холбооны тэргүүн хэлж байна. 30-аад хүн халтирч, дөрвөн хүн гэмтэж бэртсэн.
Манай Ховд аймгийн Чандмань сумын Б.Пүрэвсайхан заан халтирч бэртээд заал, танхимын барилдаанд барилдаж чадахгүй байх жишээний. Одоо болтол эмчилгээ хийлгээд явж байна. Энэ мэт хүндрэлтэй асуудлууд олон байна.
Тиймээс энэ зүлгийг заавал солих нь зүйтэй. Дүүргэгч материал гээд байгаа зүйлээ хар резинээр биш өөрөөр хийгээрэй" гэх байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл стадионд богино хугацаанд байгалийн амьд зүлэг тарих боломжтой талаар цахим орчинд саналаа илэрхийлсэн "Үржих үр" ХХК, "Nasun landscape" ХХК, "Swebau house" ХХК, "Ургамлын далай" ХХК зэрэг компаниудын төлөөллийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, хүлээн авч уулзаж санал солилцжээ.
Тэрбээр "Уулзалтаар мэргэжлийн байгууллагууд амьд зүлэг тарих техникийн шаардлага, шаардагдах хоног хугацаа, арчилгаа, цаг хугацааны төлөвлөлт, хөрсний онцлог зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс төлөвлөгдсөн арга хэмжээнүүд, цаг хугацааны байдал, учирдаг бэрхшээлүүд, үйл ажиллагааны онцлог, баяр наадмын бэлтгэл хэрхэн явагддаг, бидний зүгээс хүсэх шаардлагуудыг тайлбарлаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Өнөөдөр гарсан санал, шийдлүүд, хэрхэн ажиллах боломжтой шинэчилсэн албан ёсны саналууд ирмэгц нэгтгэн холбогдох удирдлагуудад танилцуулж цаашдын шийдвэр гаргалтад тусгах болно. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхний ажил үйлсэд амжилт хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!