Энэ онд манай улс 83 сая тонн нүүрс экспортолж, тонныг нь дунджаар 105 ам.доллар байхаар тооцоолсон. Гэвч одоогийн байдлаар нүүрсний үнэ 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, тооцоолсон үнээс 20 орчим хувиар буураад байна. Харин бид нүүрсний үнийг хэт өндөр тооцоолсон нь түүхий эдийн уналттай холбоотой хилийн цаана Ганцмод боомтод Монголын нүүрс овоорч, Хятадын талаас худалдан авах сонирхол нь буурах шалтгаан болсныг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээлсэн юм. Тус компанийн мэдээлж буйгаар нүүрсний үнэ нийт 12 удаа буурч 44 орчим хувиар унаад байгаа аж.
Нүүрсний үнийн уналтыг нөхөхийн тулд биет хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзвэл одоогийн тээвэр ложистикийн хүчин чадлаар жилд 83 сая тонноос хол давахгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мөн тодотгосон. Өөрөөр хэлбэл 2024 онд тээвэр логистикийн дээд хүчин чадлаа ашиглахад 83 сая тонн нүүрс экспортолсон байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг эрчимжүүлэх шаардлагатай. Гэвч 2027 он хүртэл буюу хил холболтын бүтээн байгуулалт дуусахаас нааш манай улсын нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэхгүй бололтой. Эдийн засагч Н.Энхбаяр "Одоо Гашуунсухайт-Ганцмод боомтын гүүрэн байгууламжын бүтээн байгуулалт нь нэлээн нарийн төвөгтэй учраас гурван жил үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр 2027 он хүртэл бид одоогийн хүчин чадал дээрээ л буухаас өөр аргагүй болж байна" гэж онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!