О.Алтангэрэл: Шүүгчдээ л мөнгөтэй, нөлөөтэй улстөрчдийн дарамтаас суллаж авмаар байна. 2017 оноос хойш Монголын шүүх 2000 гаруй этгээдийг ял завшуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
48 минут 49 секунд

NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн зочноор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-----------------------

-Таны ажил тавлаг уу. Сайхан өвөлжиж байна уу?

-Тавтай сайхан байна.

-Таныг ярилцлагад урьсан хэд хэдэн шалтгаан буй. 1-рт, таны өргөн барихаар бэлтгэж байгаа товчилбол Хөрөнгө хураах хуулийн төсөл, мөн жагсаал цуглаантай холбоотой асуух хэд хэдэн асуулт байна. Хуулийн төслөө хэзээ өргөн барих гэж байна вэ ?

-Ирэх 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулаад л өргөн барина даа.

-Өргөн барихаас өмнө хэлэлцүүлгүүд өрнөж байна. Хэлэлцүүлгийн шатанд олон нийт, иргэний нийгмийн төлөөлөл, хуулийн байгууллагуудаас ямар санал ирж байна вэ ?

-Би 7 дугаар сарын 10-нд Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлыг хүлээж авсан. Ажил хүлээж авснаас хойш хамгийн эхэнд байгуулсан ажлын хэсэг бол энэ хуулийг боловсруулах ажлын хэсэг юм. Хуулийн төсөл боловсруулна гэдэг бодож байгаад биччихдэг зүйл биш. Харьцуулсан судалгаа хийнэ. Монголын нөхцөл байдлыг тодорхойлно. Баг гаргана. Гадаадын туршлагуудыг судлах гэх мэт маш их ажил болдог. Та бид хоёр ярилцаад сууж буй энэ цаг хугацаанд би сайдаар томилогдоод 6 сар 16 хонож байна. Энэ хугацаанд бүх газраас санал авсан, АТГ, УДШ, яамдаас, улсын ерөнхий прокуророос, цагдаагаас.

Хуулийн төслөө бид бэлэн болгоод, яамны цахим хуудсанд тавиад, бас дахиад бүх санал авах газрууд руу явуулсан. Хэлэлцүүлгээ хоёр түвшинд зарласан гэсэн үг. Иргэний нийгмийн байгууллагууд буюу иргэдэд нээлттэй нэг хэлэлцүүлэг хийсэн. Тэмцэгч, лайвчид олноороо хийсэн. Дараагийн хэлэлцүүлгийг бид өнгөрсөн даваа гарагт хийлээ. Энэ хэлэлцүүлэгт хуульчид, судлаачид, хуулийн байгууллагын төлөөлөл гээд 80 орчим хүн оролцлоо. Одоо бид төслөө бэлэн болсон гэж үзэж буй учраас хэлэлцүүлгийн хүрээнд гарсан саналуудаа нэгтгээд, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Тэгээд шууд өргөн барина.

-Сая таны ярианд лайвчин гэж дурдагдлаа. Б.Баярбаатар гэж иргэн буй. Иргэн Баярбаатарыг сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаагаас санал гаргаад, Зөрчлийн хуулиар 30 хоног цагдан хорьтол шүүх шийдвэр гаргаад сулласан. Та энэ үйл явдлыг юу гэж харж байна вэ?

-Шүүх захирамжийн биелэлтээ түдгэлзүүлээд сулласан. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлсний төлөө, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсний төлөө хэн ч хоригдож болохгүй. Энэ бол зарчим. Зөрчлийн хувьд авч үзвэл жилд дунджаар 200 мянга орчим зөрчил шийдэгддэг. Замын хөдөлгөөнд оролцож явтал цагдаа зогсоогоод торгоход, зөрчил болдог. Энэ 200 мянган хүн дундаас Б.Баярбаатар бол ердөө нэг тохиолдол. Харин яагаад олны анхаарлыг татав гэхээр хүн бүр машинтайгаа дүрэм зөрчвөл торгуулахаа ойлгодог боловч үзэл бодлоо илэрхийлсний төлөө хоригдлоо гэхээр олон нийт гайхаж байна. Тэгэхээр энэ асуудлыг хууль тогтоомжийн хувьд хэрхэх вэ гэдэг дээр сануулга болж өглөө. Хуульзүй, дотоод хэргийн сайдын хувьд би 200 орчим мянган зөрчлийн хэрэг шийдвэрлэж байхад тэрийг шийтгэ, энийг боль гэж оролцох эрх ч үгүй, боломж ч байхгүй. Ямар арга хэмжээ авсан бэ гэвэл шийдвэр гарсны дараа би Шүүхийн ерөнхий зөвлөл, УДШ, ШШГЕГ, цагдаагийн байгууллагын холбогдох тушаалтнуудтай заримтай нь утсаар ярьсан, заримтай нь уулзалт зохион байгуулсан. Зөрчлийн хэргийн шийдвэр буюу шүүгч баривчлах шийдвэр гаргангуут одоо гүйцэтгэж байгаа.

Уг нь гомдол гаргавал түдгэлздэг хуулийн зохицуулалттай. Харин одоо бол шүүгч шийдвэрээ гаргалаа, үүднээс нь шууд “Фургон”-доо ачаад явчихдаг. Энэ процесс зөв үү ? Бид дараагийн шатанд гомдол гаргана гэвэл хүлээх ёстой байсан юм биш үү гэдэг асуудал ярьсан. Цаашдаа хууль тогтоомжийг процессын хувьд боловсронгуй болгох ёстой юм байна. Харин хууль хэрэглэхийн хувьд бол шүүхийн өмнөөс тайлбар хийх боломжгүй. Шүүхээс зөрчлийн хуулийн зүйл заалтыг иргэн Б.Баярбаатарт хамаатай гэж үзэж, хорьсон нь хууль хэрэглэх л асуудал юм.

-Энд иргэн Баярбаатарын асуудал хөндөгдөж байгаа юм биш. Дараа дараагийн баярбаатарууд гараад ирэх вий гэх болгоомжлол төрж байна. Дабль стандарт буюу хууль тэгш үйлчлэхгүй байна гэж олон нийт шүүмжилдэг. Иргэн Баярбаатарыг хараалын үг хэлсний төлөө гомдол гаргаад шүүхээр таслаад, 30 хоног хорихоор болчихлоо. Гэтэл энд өөр хүмүүс нэр усыг нь зарлаад заналхийлээд, ална хядна гээд аюултай зүйл ярьж байна. Жишээ нь: Хотын дарга Х.Нямбаатар “Хэдэн халтар ченжүүд” гэж хэлсэн. Энэ доромж мөн үү. Гэтэл яагаад Баярбаатарыг хорив? Маргааш нь жагсаал болох гэж байсан.

-Үндсэн асуудал руугаа оръё. Дабль стандарт, би бол алагчлах гэдэг юм. Монголчууд сайхан үгтэй. “Аяганы алгаас агтны алаг нь дээр” гэдэг. Хүнийг алагчлахгүй гэдэг санаа. Гэтэл манай хууль алаг болчихсон. Ер нь алаг болоод удаж байгаа. “Шувуу” ажиллагаагаар сүр дуулиантай баривчилж ирсэн Т.Бадамжунай хаана байна вэ ? Шүүхээр шийдэгдэхгүй хоёр жил болж байна. Тэгэхэд Сингапурын хил дээр саатуулагдаад яах вэ гэж байхад, шүүх 24 цагийн дотор шийдвэр гаргачихдаг системтэй. Энэ бол алагчлал мөн.

Өнөөдөр Баярбаатар гэдэг үзэл бодлоо илэрхийллээ, дүгнэлт гарлаа, шүүх шийдлээ, 30 хоног баривчиллаа. Тэгэхэд элдэв муухайгаар хараал хэлж байгаа хүн маш олон бий. Монгол Улсын иргэн хүн Үндсэн хуульд зааснаар хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Нэгийг нь барьсан бол бүгдийг нь барина. Нэгийг нь барихгүй бол бүгдийг нь барихгүй.

Хууль хэрэглээний асуудал дээр л ахиад тулж очиж байна. Энэ нь ямар айдас төрүүлж байна вэ гэхээр дахиад дуугарвал хорих юм уу. Эсвэл дуугарсан бүрийг хорих юм уу? Хугацаа нь бас тэгж таарсан. Энэ бол маш сонин тохиолдол. Жагсаал цуглаан болно гэж байсан. 20 гаруй хоногийн өмнө мэдэгдээд, албан ёсоор зөвшөөрөл нь олгогдоод, хүмүүс үзэл бодол, уур бухимдлаа илэрхийлэх гээд хүлээж байхад, яг өмнөх өдөр нь ийм шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрт ХЗДХ-ийн сайд оролцдоггүй. Шийдвэрлэсэн хойно нь “Яах вэ” гэж сайдын хувьд оролцох ёстой. Ахиж үзэл бодлоор нь иргэдээ барьж хорихгүйн тулд юу хийх ёстой вэ гэдгээ сайдын хувьд бодох ёстой.

-Тухайн үед жагсаал болно гэсэн олон нийтийн хүлээлт өндөр байсан. Татвар хураамж гээд бухимдал ахиад нэмэгдэж байсан. Яг үүнтэй зэрэгцээд хүмүүсийн дургүйг хүргэх үйл явдал болчихлоо. Үүнийг цаанаа улс төрийн зорилготой байсан юм биш биз гэж хардаж байна.

-Магадгүй. Би ч гэсэн өөрөө их гайхсан. Яагаад ийм үйл явдал болж байгаа юм. Гаргасан шийдвэр дээр нь ч маш их гайхсан. Шүүхийн шийдвэртэй холбоотой уур бухимдал улам ассан. Гэхдээ шүүхийн шийдвэр түдгэлзчихлээ. Энэ асуудал одоо цаашид журмын дагуу шийдэгдээд явах байх. Ер нь торгох ч юм уу, тохирсон шийтгэл оногдуулаад явдаг тохиолдол байна. Хэдэн мянгаараа тоологдох зөрчил байгаа шүү дээ.

-Гэхдээ хорих санал гаргасан цагдаагийн байгууллага нь таны харьяаных шүү дээ. Цагдаа яагаад ийм алагчилсан шийдвэр гаргав. Та юу гэж харж байна?

-Цагдаагийн байгууллага ийм зөрчил гарсан байна гээд прокурорт хүргүүлээд, прокурор шүүхэд хүргүүлээд, цагдаа, прокурор, шүүх гэсэн байгууллагуудын гурвалсан ажиллагаа болсон. Цагдаагийн байгууллага ихэвчлэн иргэдийн гаргасан гомдол, мэдээлэлд үндэслээд, асуудлуудаа шийдээд, прокурор руу өгдөг. Прокурор “Шүүх рүү явах маргаан байна” гэж үзвэл шүүх рүү явуулдаг. Энэ маргааныг шийдвэрлэсэн процесс дээр хүртэл ямар үндэслэлээр ингэсэн бэ гэдгийг би шалгах гэж байгаа.

-П.Цагаан гуайтай холбоотой асуудлыг та ярилаа. Тухайн үед хэвлэлээр гарсан мэдээллүүд хоорондоо зөрөөд, олон нийтийн анхааралд орчихсон. Сингапурын хил дээр саатуулагдсан гэж мэдээлэл цацагдахад, нөгөө хүн “Би саатуулагдаагүй” гэсэн. Зэрэгцээд шүүхийн шийдвэр гарсан. Энэ үйл явдлыг та юу гэж харж байна?

-Саатуулах гэж ойлголт байгаа. Манай хуулиар бол албадан саатуулах гэдгийг хорих дайтай ойлгодог. Гэтэл хилийн хориг гэж байдаг. Энэ бол шилжилт хөдөлгөөн хийх үйл явцыг саатуулж байгаа нэг хэлбэр. Энэ шилжилт хөдөлгөөн Интерполын хувьд яаж хийгддэг вэ гэхээр улс орнууд эхлээд, гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж буй этгээдийн талаар дотоодын шийдвэр гаргадаг. Иргэн Б-тэй холбоотой шийдвэр гэхэд, эхлээд Монголын шүүх “Энэ хүнийг баривчилъя” гэсэн шийдвэр гаргана. Үүний дараа цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага хамтраад, Интерполоор эрэн сурвалжилдаг. Тэрнээс нэг хүнийг эрэн сурвалжлах санаа хэн нэгэнд орохоор хийдэг ажил биш.

Интерполоор яагаад эрэн сурвалжилж байгаа вэ гэхээр Интерполын гишүүн орнуудад баривчлах гэж буй этгээд байх юм бол бидэнд шилжүүлж өгөөч л гэж байгаа юм. Ингээд 2024 оны 5 дугаар сард Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг эрэн сурвалжилчихсан байсан. Нэг зүйлийг би онцолж хэлмээр байна. Эдгээр хүний гэм бурууг хэн ч шүүхгүй. Эдгээр хүн огт гэм буруугүй байж ч болно, гэм буруутай ч байж болно. Гэхдээ Монголын хууль бол шалгуулаач гээд л байгаа юм. Гэм буруугийн шийдвэр хаана ч гараагүй. Ингээд эрэн сурвалжилж байтал Интерпол өөрөө үүрэгтэй учраас мэдэгдэнэ биз дээ. Сингапур улс Интерполын гишүүн орон. “Эрэн сурвалжлагдаж буй хүмүүс манай хилээр орж ирсэн” гэж мэдэгдсэн. Энэ хүнийг яах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Манай талаас хүнээ шилжүүлж авна гээд хүлээж байсан. Тэр хуулийн процессыг шууд зогсоох нэг арга нь юу вэ гэхээр баривчлах захирамж хүчингүй болох ёстой. Тэр захирамж хүчингүй болчихвол Интерпол баривчлахгүй болно. Тэгвэл Сингапурын цагдаа ажиллахгүй. Энэ түлхүүр нь харин Монголд явагдчихсан. Процесс ерөөсөө л ийм.

-Та тэгэхээр энэ асуудлыг шүүх дээр байна гэж харж байна уу. Энэ бол шүүхэд нөлөөлж буй нэг жишээ мөн үү ?

-Мөн энэ бол нэг жишээ. Шүүхэд нөлөө байна гэж үзэж байна. Үүнд ямар нэг байдлаар нөлөө орсон. Ямар ч субъектээр дамжсан байж болно. Гэхдээ нөлөө хаанаас гарах вэ гэхээр баригдаж ирэх гэж байгаа хүнээс л гарна биз дээ. Тэр хүмүүс л нөлөөлж байгаа гэсэн үг. Нэгэнт болчихсон үйл явц дээр би дүгнэлт хэллээ. Авлигатай тэмцэх тэмцлийн саад бул хар чулуу нь шүүх, шүүгч болж байна гэж хэлсэн.

-Таны тэр яриаг санаж байна.

-Тэгсэн “О.Алтангэрэл шүүхийн хараат бус байдалд нөлөөллөө” гэнэ. Уучлаарай. Ямар шийдвэр гаргахыг нь заасан бол нөлөөлж байна гэж үзнэ. Ийм шийдвэр гарга, энийг хорь, энийг сулла гэвэл хараат бус байдалд нөлөөлж байна гэж үзнэ. Би гаргачихсан шийдвэр дээр үндэслэж хэлсэн юм. Нэг статистик мэдээлэл байна. АТГ 8000 гаруй хэрэг мөрдөн шалгахад, 3000 гаруй нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болж, 5000 нь прокурорт шилжээд, 700 гаруй нь шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Одоо энэ тооноос шүүхийг дүгнэж болохгүй юм уу. Т.Бадамжунай гэж хүн ирээд 2 жил болж байна. Авлигын зарим хэрэг 10-11 жил сунжирсан. Тэгэхэд хоёр хүний баривчилгаатай холбоотой шийдвэр 24 цагийн дотор гарахаар шүүхэд ямар нэг байдлаар үнэлэлт дүгнэлт өгөхгүй юм уу?

Би бол 90 хувийн шүүх гэж ярих дуртай. Монгол Улсын шүүхийн 90 хувь нь ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж байгаа. Бүх аймгийн шүүх өдөр тутам үйл ажиллагаа явуулаад, жирийн иргэдтэй холбоотой шийдвэрүүд үнэнч шударгаар гарч байгаа. Яг л албан тушаалтан, авлига, их мөнгөн дээр тулаад ирэхээр л манай шүүх нэг тийм хөшүүн хойрго, мохоо болоод явчихдаг.

-Төрийн өндөр албан тушаалтнууд тодруулбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бас шүүхтэй холбоотой комментууд хэлээд байгаа нь хэр зөв юм бэ? Энэ нь шүүхэд нөлөөлөх хамгийн магадлалтай гэж би харж байна. Манай салбарын төлөөлөл Н.Өнөрцэцэгийг 8 ишигний хэрэгтэй холбоотойгоор шүүхэд нөлөөллөө гээд бариад хорьчихсон шүү дээ. Та, би, Н.Өнөрцэцэг, өөр хэн ч байсан хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Яагаад та болохоор шүүхэд нөлөөлөөд, тайлбар хэлж болдог, сэтгүүлч яагаад тайлбар хэлж болдоггүй юм бэ?

-Шүүхийн шийдвэрийг өөрийнхөө таамагласан ёсоор гаргуулах гэж нөлөөлж болохгүй. Яг өнөөдөр эрэн сурвалжлагдаж буй хоёр хүний асуудлыг би ярилаа. Энэ хүмүүсийн гэм бурууг би мэдэхгүй. Буруутай гэж хэн ч тогтоогоогүй. Шүүх л тогтооно. Аливаа этгээдийн гэм бурууг тогтоох гэж буй шүүхийг ямар шийдвэр гаргах талаар ямар ч төрийн байгууллага, албан тушаалтан ярьж болохгүй. Үүнийг Үндсэн хуулиар хориглосон. Үр дүнгийн талаар ярих ёстой. Ярих үүрэгтэй хүмүүс. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг Үндсэн хуульд зааснаар төрийн хууль тогтоомжийн биелэлтийг УИХ-ын өмнө биеэр хариуцдаг албан тушаалтан. ХЗДХ-ийн сайд бол Засгийн газрын хуулийн ерөнхий зөвлөх бөгөөд хуулийн биелэлтийг хангах ёстой албан тушаалтан.

Би хаана ч хэлэлцээгүй, ноцтой тоо баримт хэлье. 2017 оноос хойш Монгол Улсын шүүх 2000 гаруй этгээдийг ял завшуулсан. Би баримттай ярьж байна. Энэ баримтаа хаана ч хамгаална.

Торгуулсан, зорчих эрхээ хязгаарлуулсан, баривчлуулсан эдгээр этгээдийг Монгол Улсын шүүх ял завшуулсан. Шүүхийн цэвэр буруутай үйл ажиллагааны улмаас. Үүнд хэн буруутай вэ гэхээр тухайн шүүгч нар шууд буруутай.

Тэднийг мэргэжил аргазүйгээр хангах үүрэгтэй байгууллага нь хуулиараа УДШ, тус шүүхийн ерөнхий шүүгч. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллага ХЗДХЯ-ны харьяанд байдаг. Энэ ял шийтгэлийг биелүүлэх ёстой эдгээр байгууллага шүүхээс болоод ийм асуудалтай тулгахаар, энэ асуудлыг би хөндөж тавихаас аргагүй. Шүүмжлэхээс аргагүй.

2-рт, олон жил яригдаж байгаа хэргүүд шийдэгдэхгүй уддаг. Тэгсэн мөртлөө энгийн иргэдийн, ардуудын хэрэг хурдан шийдэгддэг. Энэ процессыг шүүмжлэхээс өөр арга байхгүй. Үүнийг яаж засаж залруулах талаар гүйцэтгэх засаглал эрэлхийлэх ёстой. Яагаад гэвэл хууль санаачлагч субьект учраас. Харин шийдвэр гаргахад нь огт нөлөөлж болохгүй. Тийм ч учраас бид нөлөөнд авсан шүүгчид тооцох эрүүгийн хариуцлагыг чангалж байна.

-Шүүхийн тухай хуульд ч шүүгчийн хариуцлагыг заачихсан байгаа. Таны санаачлах хууль үүнээс ялгаатай юу?

-Шүүхийн шийдвэртэй холбоотой олон нийтийн хэлэлцүүлэг тэртэй тэргүй өрнөнө. Үүнийг “Хэн ч дуугарч болохгүй” гэх ямар ч арга байхгүй. Олон улсыг хар л даа. Доналд Трамптай холбоотой шүүхийн шийдвэр ямар скандал үүсгэж байна. Улстөрчид нь ямар мэдэгдэл хийж байна. Яг адилхан. Ардчилсан улс л юм бол шүүхийн шийдвэрийн талаар шүүмжлэх, хэлэлцэх, зөв бурууг нь дүгнэх нь бидний эрх. Улстөрчид ч, иргэд ч шүүмжлэл өрнүүлэх эрх нь нээлттэй. Тэр шүүмжлэл нь ёс суртахууны хэм хэмжээ болох гээд байна шүү дээ.

“Түрүүн намайг ингэж шүүмжилсэн юм чинь одоо намайг шүүмжилж магадгүй” гээд өөр шийдвэр гаргахад шүүгчийг битгий хүргэ гэдэг асуудал. Үүнийг юугаар зохицуулдаг вэ гэхээр бусдынх нь амыг хааж зохицуулдаггүй. Тэр шүүгчийг хараат бусаар ажиллах бололцоог хангаж байж л үүнийг хийдэг. Жишээлбэл: Шүүгчид хууль бусаар нөлөөлөх гэдэг гэмт хэрэг Эрүүгийн хуульд бий. Яг сайн уншаад үзэхээр, улс төрд нөлөө бүхий том албан тушаалтан шүүг рүү утасдаад, “Энийг ингэчихээч”, “Ингэх юм байгаа юм даа” гээд эвтэйхэн ярих, юм амлах нь энэ зүйл ангид багтах уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй байгаа. Сүрдүүлэх, хүчээр далайлгах бол орсон. Заавал занаж, сүрдүүлж биш, ямар нэг байдлаар нөлөөнд орж байна ш дээ.

-Саяын тэр нөлөөлөлд багтахгүй гэж үү, Эрүүгийн хуулийн?

-Ямар нэг боломж амлаад, эелдгээр ярьж байгаа, нөхөрсөг гэмээр нөлөөлөл орохгүй байгаа. 2-рт, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй. Та шүүгч, Лхагваа шүүгч. Алтангэрэл ярьж байна “Лхагва аа! Хоёулаа олон жил нэг нэгнийгээ мэднэ. Наад нөхөртөө 3 жил өгчихмөөр байгаа юм даа” гэж яривал, та нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй. Ингэж нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн статистикийг аваад үзэхээр маш цөөхөн. Амьдрал дээр нөлөөллийн мэдүүлэг хөтөллөө. “Наадах чинь нотлогдохгүй байна” гээд хаячихдаг байхгүй юу. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөхгүй бол яах вэ гэдгийг ёсзүйн дүрмээр зохицуулдаг. Мэдүүлгээ хөтлөхгүй бол маш хатуу хариуцлага тооцдог болмоор байгаа юм. Би яагаад энэ асуудлыг хэлээд байгаа юм бэ гэхээр шүүхийг тараах гээд, муутгах гээд байгаа юм огт биш. Хараат бус, өөрөө шийдвэрээ гаргадаг шүүгч бий болгох гээд байгаа юм. Миний өвөө шүүгч байсан. Миний олон найз шүүгч. Хүний хараат байхыг хүсдэг шүүгч гэж байхгүй.

-Хүний эрхээр байхыг хүсдэг хүн гэж ер нь байхгүй ш дээ.

-Байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр, түрийчийн жишээн дээр, би тан руу залгалаа. “Лхагваа” гээд ярихаар, “Уучлаарай, Алтангэрэл ээ! Би нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй. Хөтлөхгүй бол би өөрөө асуудалд орох учраас надтай битгий хэрэг яриарай” гэж шүүгч өөрийгөө хамгаалах механизм бий болгоё гэж байгаа юм. Үүнийг ХЗДХЯ, бид дураараа хийхгүй. ШЕЗ-д санал хүргүүлээд, нийт шүүгчээс нэр усгүй санал асуулга авна.

Та нарыг хараат бус байлгахын тулд юу хийх вэ? Та нар хариулаад өгөөч? Өмнө нь ийм судалгаа ХЗДХЯ-наас явуулж байгаагүй. Шүүгчдээ л мөнгөтэй, нөлөөтэй улстөрчдийн дарамтаас суллаж авмаар байна.

Шүүх дээр итгэлтэй очмоор байна. “Манай шүүх миний асуудлыг яг л байгаагаар нь шийднэ. Хуулийн дагуу шийднэ” гэж очдог болмоор байна. Ийм учраас би шүүхийг яриад байгаа юм.

-Ил тод болж байж л энэ асуудал шийдэгдэх байх гэж яриад байна уу?

-Тийм.

-Таны хэлж байгаа зовлонгууд байгаа. Би тэрийг ойлгож байгаа. Гэхдээ зарим зүйл савнаасаа хэт халихаараа зөв байсан нь буруу болоод, буруу тийшээ явчих жишээ байдаг учраас асуугаад байгаа юм. Саяны жагсаал цуглаантай холбоотой асуудлыг асуугаадахъя. Баярбаатар гэдэг хүнийг хорьсон явдлыг ч та жагсаалтай холбоотой гэж харсан байна, зөв үү?

-Тийм.

-Би бас тэгж харж байгаа. Жагсаалын үеэр юу болоод өнгөрөв. Та өчигдөр мэдээлэл хийж байхдаа ноцтой зүйл хэлж байна лээ. Хэн, яаж, ямар мөнгө тараав. Мэдээж нэр ус хэлэх боломжгүй л байгаа байх л даа.

-Эхлээд нэг зүйл заавал хэлэх ёстой. Энэ бол дийлэнх хувь нь иргэдийн, органикаараа, төр засагтаа үгээ хүргэх гэсэн, асуудлууд дээр шийдэл дэвшүүлсэн, бухимдлаа илэрхийлсэн жагсаал байсан. Тэгэхгүй бол болохгүй бүтэхгүй асуудлыг нь тасалж авч байгаад, бүх асуудлыг тэгээд хэлчихсэн юм шиг мушгиад байна ш дээ. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь органик оролцоо маш өндөртэй жагсаал байсан. Энэ жагсаал дээр бид онцгой анхаарч ажилласан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, яаж хамгаалах вэ гэдэгтээ биш, төрийн хувьд үүнийг яаж хязгаарлах вэ гэдэгтээ биш, яавал иргэдийнхээ жагсах, цуглах эрх чөлөөг эдлүүлэх вэ гэж онцгой анхаарсан. Жагсаал дээр бид албадлага хэрэглээд, хүч түрээд, баахан цагдаа нараар албадуулсан юм ерөөсөө хийгээгүй. Тэнд чанга яригчтай нь түүгээрээ яриад, тугтай нь тугаа, лоозонтой нь лоозонгоо бариад, бүгд өөрсдийн эрх чөлөөгөө эдэлсэн. Үүнд нь ямар ч хязгаарлалт учруулаагүй.

-Тэр нөлөөний зүйлүүд нь юу байсан бэ гэдгийг тодруулаад, товчхон хариулж өгөөч?

-Тэгэнгүүт энэ жагсаал дундуур хууль бус зүйлүүд гарч ирсэн. Жагсагчдыг эд мөнгөөр татах чинь Монгол Улсын хуулиар хориотой шүү дээ. Тэгэхэд жагсагчдыг эд мөнгөөр татсан, мөнгө төгрөг цуглуулсан, данс үүсгэсэн, тодорхой зорилго агуулсан зүйлүүд гарсан.

-Данс үүсгэсэн гэвэл угаасаа тодорхой юм биш үү?

-Бага хувь нь. Би баримттай зүйл ярьж байна. Таамаглал яриагүй. Энэ бол жагсагчдын бага хувь нь. Тэр дундуур ямар зорилготой нь мэдэгдэхгүй хүмүүс гарч ирсэн. Мөнгө тарааж байна уу, мөнгө өгөв үү, та нар мөнгө авсан уу гэсэн хүмүүс гарч ирсэн.

-Асууж яваад байна гэсэн үг үү?

-Тийм.

-Эдгээр хүн ямар санаа зорилготой байсныг мэдэхгүй. Жагсаж буй иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал гарсан.

-Машиныг ярих гэж байна уу?

-Тийм. Машинтай дайрч орсон. Хүмүүс ярагдаад, зам тавиад гаргангуут, цагдаа очингуут ухасхийн зугтсан. Хүмүүс өөрсдөө бутарч холдоод байгаа болохоос биш, замд нь хүн таарвал дайрахаар. Уг этгээдийг шалгасан. Би нэр усыг нь хэлэхгүй. Гэхдээ уг этгээд хүнийг санаатай алах гэмт хэрэгт урьд нь ял шийтгүүлсэн байсан. Нэр устай нь яривал хүний ял шийтгэлтэй холбоотой юм чинь хүний хувийн нууцад орчихоод байгаа шүү дээ. Энэ этгээдийг шалгаж байгаа. Ямар санаа зорилгоор тийшээ орсон юм. Бусдын амь нас, эрүүл мэндэд яагаад тийм аюултай нөхцөл байдал үүсгэсэн юм.

-Тэр машин өөрийнх нь байсан юм уу?

-Хүний нэр дээр байдаг машин. Банк бусын нэр дээр байдаг машиныг унаж яваад, дайрч орж байгаа байхгүй юу. Олон хүн дайрсан бол яах юм. Монголын түүхэнд эмгэнэлт хар өдөр болно шүү дээ. Дөнгөж олны өмнө Германд тийм үйл явдал тохиолдлоо шүү дээ. Олон хүнтэй газар луу машинтай дайрч орсон.

Тэнд чинь хүүхдээ дагуулчихсан, амралтынхөө өдөр явж байгаа эмэгтэй хүмүүс, настай хүмүүс, залуучууд, зөндөө хүн байсан. Бусдын эрх чөлөөнд халдсан хэд хэдэн этгээдтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Тухайлбал: Цацрал гэж эмэгтэйг та талаас нь түлхсэн, эрх чөлөөнд нь халдсан этгээдүүдийг шалгаж байна. Жагсаалын өмнө “Ална” энэ тэр гэж сошиалаар ярьсан, мэдэгдэл хийсэн хүмүүсийг бас шалгаж байна. Бусдыг хутгалаад байгаа дүр гаргаж явсан этгээд өмнө нь 4 удаа ял шийтгүүлсэн байсан. Тэр этгээдийг шалгаж байна. Одоо ямар үйл ажиллагаа явагдаж байна гэхээр, дараагийн жагсаал, цуглааны үеэр иргэдийн амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулж болохуйц этгээдүүдтэй холбоотой ажиллагаа л явагдаж байна.

-Хамтарсан ЗГ-ын ажилд дүгнэлт хийх гэсэн л жагсаал байсан шүү дээ. ЗГ-ын үйл ажиллагаа муу байна гэсэн. Та ЗГ-ын гишүүний хувьд юу гэж хүлээж авч байгаа вэ?

-Жагсаалын дараа ЗГ-ын хуралдаан болж, Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, “Жагсаал цуглаанаар тавьсан шаардлагууд дээр анализ хийгээд, шийдвэрлэх арга хэмжээний талаар танилцуул” гэдэг үүрэг өгсөн. Бид сонсдог байх ёстой шүү дээ. Иргэд маань үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх шаардлага гараад, жагсаж байна гэдгийг ямагт хамгийн эхний ээлжинд бодож байх ёстой. Яагаад жагсаж байна биш. Яагаад жагсав биш. “Шалтгаантай учраас жагсаж байна. Бид биелүүлэх ёстой” гэж улстөрч хүнийхээ хувьд бодох ёстой. Үнэхээр бухимдах ёстой асуудлууд байгаа шүү дээ. Үүнийг шийдвэрлэх ёстой. Бид мега төслүүд, олон арга хэмжээ ярьж байна, хамтарсан ЗГ. Үр дүн, эдийн засагт үзүүлэх нөлөө нь бага зэрэг хоцроод байна гэж харж байна. Яг одоо бол иргэдийн тавьж байгаа асуудлууд үндэслэлтэй байна. Бид үүнийг иргэддээ аль болох ээлтэйгээр шийдвэрлэх ёстой.

-Том төсөл хэрэгжүүлээд ирэхээр дургүйцдэг хэдэн тал байгаа шүү дээ, урд хойно гэдэг ч юм уу. Гадны нөлөө орж ирдэг. Саяын жагсаалд тийм зүйл байсан уу? Өмнөх жагсаалууд дээр байсан л гэж ярьдаг юм байна лээ.

-Жагсаалууд дээр бидний анхаарч харах ёстой юм байгаа. Тухайлбал: Өнгөт хувьсгал гэж асуудал яригддаг. Манайхтай адил хөгжиж буй, байгалийн баялаг ихтэй орнуудад өнгөт хувьсгал нэрийн дор засаг төрийг тогтворгүй болгодог. Байгалийн баялгаа төлөөллийнхөө төв байгууллагаараа дамжуулаад, шууд ардчиллынхаа оролцоог хангаад явах ард түмний эрх, эрх чөлөөнд халддаг. Яваандаа улс орныг доройтолд хүргэдэг ийм зүйлүүд байна аа. Саяын жагсаалын үеэр “Өнгөт хувьсгал” гэдэг ном нэлээд их тараагдсан.

-Нээрээ тийм ном байсан шүү.

-Өнгөт хувьсгал гэж юу вэ, өнгөт хувьсгалыг яаж хийх ёстой вэ гэсэн ном. Гадны оролцоо гэдэг юм уу, жагсаал цуглаантай холбоотой энэ бүх зүйлийг шалгах үүрэг нь тагнуулын байгууллагад байдаг учраас би эрх хэмжээндээ хамаарахгүй зүйлийг ярьж чадахгүй. Улстөрчийнхөө хувьд хэлэхэд, Монгол Улс мөнгөтэй байх, байгалийнхаа баялагт эзэн болох, монгол хүний амьдрал ахуй дээшлэх нь таалагдахгүй хүмүүс байгаа шүү дээ. Байгаа. Өөрсдийнх нь эрх ашиг гэж байгаа. Биднийг үзэн ядна гэхээсээ, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүд байгаа. Тэднийг бид бүх түвшиндээ бодож байх ёстой.” Бид хөгжих ёстой шүү, хүний дайтай байх ёстой шүү. Үүнд саад бэрхшээл байдаг шүү” гэж ойлгож байх ёстой.

-Таны өргөн барих гэж байгаа хууль их хүлээлттэй байгаа юм шиг байна. Батлуулж чадах болов уу. Танай танхимынхан дэмжих болов уу?

-Би танхимд танилцуулсан. Ний нуугүй хэлэхэд, зарим хүн нэлээд эргэлзсэн. Яг асуудлыг Ерөнхий сайдын үгээр шийдсэн. Ерөнхий сайд юу гэж хэлсэн бэ гэхээр “Бидэнд 2 сонголт байна. Нэг бол авлигачидтайгаа нүүр тулна. Нэг бол ард түмэнтэйгээ нүүр тулна. Би бол авлигачидтайгаа нүүр тулахыг сонгож байна. Хуулийн төслөө улам сайн болгоод, оруулаад ирээрэй” гэсэн. Одоогоос сар гаруйн өмнө. Тэгэхээр танхим дээр би санаа зовохгүй байна. Бид хэлэлцээд, өргөн барьчих байх.

Тэнд очоод санаа зовох зүйлүүд байна аа. Ил, далд эсэргүүцэж байгаа гишүүд нэлээд байна. Би үүнийг нэг боломж гэж харж байгаа. Бид харъя л даа. Хэн нь яг үнэнээсээ сонгуулиар авлигатай тэмцэнэ, авлигачдыг ална хядна гэчхээд, буцдаг юм. Хэн нь үгэндээ байгаа юм. Хэн нь хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн талд байгаа юм. Хэн нь энэ заваарсан юмаа, хуримтлагдсан муу муухайгаасаа салж урагшаа явах хүсэл тэмүүлэлтэй байгаа юм. Үүнийг харах сайхан боломж гэж харж байгаа. Би бол батлуулна л гэж үзнэ.

-Яг ийм хуультай хэдэн улс байна вэ?

-Яг ийм нэртэй хуультай 2 улс байна. БНСУ, нөгөөх нь Европын холбооны Серби байна. Ийм нэртэй хууль яагаад ховор байна гэхээр, хөгжиж байгаа улсууд авлигатай тэмцэхдээ хууль бус хөрөнгийг нь хураах ёстой гэдгийг олон жилийн өмнө холбогдох хууль тогтоомжууддаа суулгаад, хэрэгжүүлээд ирчихсэн байна.

-Манай Эрүүгийн хуульд ч гэсэн хөрөнгө хураах заалт байгаа шүү дээ.

-Би танд жишээ баримттай хэлье. Европын холбоонд манай залуучууд очоод, туршлага судалж байгаа. Манай орны нөхцөл байдлыг гадныхан хэлж байгаа, “Танайх үнэхээр өвөрмөц” гэж. Яагаад манайх өвөрмөц болчив оо. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах тухай заалт Эрүүгийн хуульд 2002 оноос оруулж эхэлсэн. Гэхдээ тусдаа зүйл заалт байхгүй. Эд хөрөнгө хураах ял гэж байсан юм. Эд хөрөнгө хураах ялын тодорхойлолт дунд 1 өгүүлбэр байгаа. Бидэнд одоо байгаа ганц юм нь тэр. Тэр нь “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хурааж, эд хөрөнгө хураах ялыг нэмэгдэл ял хэлбэрээр оногдуулна” гэсэн өгүүлбэр. Хэрэгждэггүй. Процессгүй бол хуулийн зүйл заалт хэрэгждэггүй юм. Яаж хураах юм. Хэн хураах юм. Ямар журмаар хураах юм бэ гэдэг нь байхгүй бол хэрэгждэггүй. Хураасан хөрөнгөө хаана байлгах юм. Дараа нь яах юм гэдэг процесс байхгүй. Ийм тунхаг шинжтэй зүйл заалт байсан. Энэ хооронд юу болов оо? Өршөөлийн хуулиуд гарлаа. 2007, 2009 оны гээд 10 гаруй өршөөлийн хууль гарсан.

-Танай нам гаргасан шүү дээ, 2015 оны Өршөөлийн хууль.

-Өө за, тэрийг ярья. Аз болж 2012 онд хууль тогтоогчид маань анзаараад, Эрүүгийн хуульд хууль бусаар хөнгөжих гэдэг зүйл заалт оруулсан. Албан ёсоор гэмт хэрэг боллоо. Тэгээд хойноос нь Өршөөлийн хуулиуд гараад байсан. 3 удаа Өршөөлийн том хууль, дунд нь 1 удаа асар том Эдийн засгийн ил тод байдлын хууль гарсан. Манайх засгийн эрхэнд байхдаа баталсан. Үүний дагуу, хуулийн ганц зүйл заалтаар хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болсон байхгүй юу. Та санаж байвал, өнгөрсөн жилүүдэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хэрэгсэхгүй болгосон гээд асар олон авлигач хэргээсээ мултарсан. Одоо тэгээд яах юм? Хуульзүйн хувьд ямар ч боломж байхгүй. Зарим хүн “Хууль тэртэй тэргүй байгаа” гэдэг. Байхгүй. АТГ-ынхан хэлж байгаа. Авлигын хуульд хөрөнгөтэй холбоотой нэг зүйл заалт байгаа. Процесс байхгүй, хэрэгждэггүй. Ингээд яах юм бэ гээд мухардалд орчихсон.

Тэгээд манай улс ямар байдалд орсон бэ гэхээр авлигачдаа мэдээд байдаг. Авлигачид нь түмний нүдэн дээр тансаг амьдарна. Бүх сайн сайхныг эдэлж хэрэглэнэ. Сонгуульд асар их мөнгөөр өрсөлдөнө. Ялна. УИХ-ын танхимд сууна. Дараагийнхаа хулгайг хийнэ. Ийм циклийг хэн, хэзээ, яаж зогсоох юм бэ гэдэг хариултгүй болчихсон. Олон удаа Өршөөлийн хууль гарсан. Тэгэнгүүт яасан бэ гэхээр 2002 оны хуулийнхаа ганц өгүүлбэрийг баринаа аа, хэдүүлээ. Гэмт хэрэг үйлдэж, хөрөнгөтэй болж болохгүй. Олсон бол хураалгана. 2012 оноос энэ бол гэмт хэрэг болсон. Эрүүгийн ял шийтгэл хүлээнэ. Дундуур нь Өршөөлийн хууль гарсан байна.

Өршөөл бол чиний шоронд хоригдох ялыг өршөөсөн болохоос чиний хулгайлсан юмыг чиний хөрөнгө гэж өршөөгөөгүй. Өршөөлийн хуульд хамрагдсан байсан ч хөрөнгөө олж авна. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байсан ч хөрөнгөө олж авна. Эдийн засгийн ил тод байдлын хуулиар мэдүүлсэн ч гэсэн хөрөнгөө олж авна. Ийм концептой л хууль.

-Өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын хуулийг ашиглаад ял шийтгэлгүй үлдсэн хүмүүс ч гэсэн таны хуулиар эргээд асуудалд орно гэсэн үг үү. 2002.09.01-нээс хойш гэсэн байсан, тийм ээ?

-Тийм.

-Хууль ухарч үйлдэх үү? Шүүхийн шийдвэр гарсны дараа. Эрхзүйн байдлыг дээрдүүлж байгаа бол хуучин хуулийг хэрэглэж болно. Одоо таных дордуулах гээд байна. Хуулийг буцаан хэрэглэхгүй гэх зарчмыг тайлбарлаач?

-Эрүүгийн эрх зүйн алтан зарчмуудыг давж алхахгүй. Үндсэндээ ял шийтгэлтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулахгүй. 2022 оны хуулиар одоо ял шийтгэл оноох юм бол хөнгөрүүлсэн хэлбэрийг ашиглана.

Одоо мөрдөж байгаа, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн шалгах процесс нь эрүүгийн эрх зүйн процесс биш. Хөрөнгийг нь тусгай нэгж шалгана. 2022 оны Эрүүгийн хуулиар авлига авсан, тендер зохицуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзье. Хуулийн дагуу ял шийтгэл оногдуулах хугацаа нь дууссан. Гэвч хөрөнгийн эх үүсвэр хууль бус байгаа учраас одоо эзэмшиж байгаа хөрөнгөө хураалгах ёстой. 2012 оноос хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хүн үндэслэлгүй хөрөнгөжсөн бол ялыг нь оноож, хөрөнгийг нь хураана гэдэг нь тусдаа процесс. Өнгөрсөн, алдагдсан процессыг Эрүүгийн хуульгүйгээр олж авч болно. Яаж гэвэл Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг үүсгэж, шүүхээр шийдвэрлүүлнэ.

-Нийтийн албан тушаалтантай тэмцэж байгаа хуулийг дээрээс эхэлж хэрэгжүүлэх ёстой. Тантай хамт нэг танхимд сууж байгаа Р.Эрдэнэбүрэн багын найзынхаа нэр дээр 1.1 тэрбум төгрөгийн 2 зогсоол, 1 байр авсан ч Өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Энэ хууль үнэнээр хэрэгжинэ гэдгийг Р.Эрдэнэбүрэнгээс эхэлж харуулах ёстой байх...

-Хууль санаачилсан бол нэг хүнтэй холбоотой асуудал ярихгүй. Гэхдээ хуулийг дагаж мөрдөх журам гаргана. Хэнээс эхэлж шалгаж вэ гэдэг дараалал гаргах учиртай. Эхний эрэмбэд 2002 оноос эхлэн, төрийн өндөр албан тушаал хашиж байсан бүх хүн багтана. Дагаж мөрдөх журмын тухай хуулиар өнгөрсөн хугацаанд Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч гээд бүгд шалгагдана. Ийм зарчим баримтална.

-Одоогийн Ерөнхийлөгч нэг ч бизнесгүй мөртлөө хадгаламжтай. Х.Батттулга, Ц.Элбэгдорж, Н.Багабанди, Н.Энхбаяр гээд Ерөнхийлөгчийн суудалд сууж байсан хүмүүсийг шалгах уу?

-Шалгана.

-Бусад хүнийг улстөрч доромжилж болдог. Энгийн хүн бусдыг доромжлохоор хууль хурдан үйлчилдэг. Ийм тэгш бус зарчим байна. Авлигатай холбоотой хэрэг 10, 20 жилээр сунжирдаг. Иргэнд тэгш бус үйлчилдэг хуулийг эрх мэдэлтэй хүмүүс дээр яаж хэрэгжүүлэх бол?

-Хэлэлцүүлэг дээр “Шүүх, хуулийн байгууллагуудад анхаарах шаардлагатай байна” гэх асуудал яригдсан. Ялгаварлал, нөлөө тодорхой байгаа учраас хууль, шүүх байгууллагаа яах вэ гэж Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь ярьсаар ирсэн. Бүгд эрх тэгш шийдвэрлэгддэг бол ямар ч асуудал алга. Бид анхдагч хуулийг санаачилж байна. Процессыг заачихна, тодорхой байгууллагууд нь байгуулагдана, прокурор нь хянана, эргээд шүүхэд очих учраас энэ асуудалд санаа тавиад байна.

-Ер нь шалгалтын процессыг алагчлахгүй хийх зориг байна, тийм үү?

-Албад ямар байхаас шалтгаална.

-Улс төр нь бохир. Цагдаа, шүүх, прокурор нь асуудалтай. Эхлээд үүнийг цэгцэлчхээд, хуулийг хэрэгжүүлэхгүй бол Засгийн газар дээр авлига хээл хахууль, цагдаа дээр замбараагүй байдал үүсэх магадлал асар өндөр гэж хараад байгаа юм...

-Үйлдэл өөрөө үлгэрлэлийг бий болгоно гэдэг. Дуугарах, хариуцах эзэнгүй явсан энэ асуудлыг цэгцлэх алхам хийхгүй бол болохгүй. Тухайлбал: Шүүмжлэлд өртөөд байгаа АТГ, прокурор, шүүх нийлээд улс төрд нөлөөлнө. Авлига авсан этгээдийг 12 жил хорих заалттай. 12 жил хорьж болох тогтолцоо зүйл ангиа мөрд гэж даатгадаг байж. Хууль бус хөрөнгийг хураа гэдэг асуудлыг даатгахгүй байна гэж байхгүй. Энэ бол хуулиа хэрэглэж, хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл. Бусдын нөлөөнд автахгүй гэх шүүгч олон бий. Хүч чадал бол эрх мэдэл, мөнгөнд байна. Эрх мэдлийг нь хязгаарлаж болно. Ирээдүйд хууль бусаар хөрөнгөжиж болохгүй, хураалгадаг гэх ойлголтыг, мөн хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг ард иргэд мэдээлдэг, тэмцдэг байхад ач холбогдолтой хууль.

-Авлигын индекс ухарч, иргэдийн төрд итгэх итгэл буурч байна. Алсдаа парламентын хувь заяанд нөлөөлж болзошгүй. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд асуудал үүсэх вий дээ. Хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсооход анхаарах нь чухал. Саяхан болсон жагсаалын өмнө бригадын генерал Р.Чингисийг жагсаал санхүүжүүлэгч гээд Ерөнхий сайд мэдэгдсэн. Та Р.Чингисийг албанаас нь чөлөөлсөн. Тэр хүний тухай мэдээлэл нотлогдсон юм уу. Яагаад шүүхийн шийдвэр гараагүй байхад чөлөөлчхөв?

-Р.Чингисийг Монгол Улсын Ерөнхий сайд “Хууль бус үйл ажиллагаа явуулсан” гэсэн. Ерөнхий сайдыг мэдээллээр хангадаг хэдэн хэдэн субьект бий. Р.Чингис хэд хэдэн хэрэгт буруутгагдсан. Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүн. Хэнийг кабинетдаа байлгах вэ гэдгийг тогтоодог.

Би Р.Чингисийг зарчим баримталж чөлөөлсөн. Гэмт хэрэгт хүнийг шүүх ялладаг. Харин ноцтой буруутгаж, Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн учир ажлаас нь чөлөөлж, шалгах ёстой гэж үзсэн. Р.Чингис генералыг гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Хэрэв гэм буруугүй нь тогтоогдвол би ажлаас чөлөөлсөн хариуцлагаа хүлээнэ. Эрх зүйн процесс ингэж явагдана.

-Дотоодын цэрэг гэдэг бол манай цагдаагийн байгууллага, хууль тогтоох үйл явцад маш их ач холбогдолтой. Гэтэл дотоодын цэргийн штабын даргаа чөлөөлсөн нь цэргийн эргэлт шиг зүйл болох нь уу гэж хардахад хүргэлээ. Ийм нөхцөлд таны хууль хэрэгжих үү. Хууль бүрэн циклээрээ ажиллахад, нугалаа гарах вий гэхээс эмээж байна.

-Хамааралгүй этгээдүүдийн эд хөрөнгийг хураах, мөн өс хонзонгоор өрсөлдөгчийнхөө өмч хөрөнгийг хураачих вий гэх айдас бий.

-Энэ хуулийн 5.1-т “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутайг шүүхийн тогтоолоор тогтоогоогүй нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх, чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж байгаа. Энэ заалт хэвээрээ юү? Агуулгыг нь тайлбарлаач.

-“Гэмт хэрэг үйлдсэнийг гэм буруутай гэж шүүх шийдвэр гаргах шаардлагагүй” гэдэг нь өршөөгдөж байгаа хүний шалгагдаж байсан бүх хэрэг нь тогтоогдоход, шүүх дээр очихгүйгээр прокурор хэрэгсэхгүй болгочхож байгаа юм. Яаж гэхээр “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг Өршөөлийн хуулиар харж үзээч” гэх утга бүхий өргөдөл гаргана. Авлига өгөөд, нэг өргөдөл бичээд, өршөөгдчихнө. Ингээд Өршөөлийн хуульд хамрагдаж, хууль бус хөрөнгөө хураалгаагүй бол иргэний журмаар хэргийг нь шийдье гэх санал гаргасан. 100 саяас давбал, прокурор эрүүгийн хэрэг үүсгэнэ. Заавал хөрөнгийг нь хурааж, ял шийтгэл оногдуулна.

-Энэ хууль батлагдлаа гэхэд авлига буурах уу?

-Авлига нийгмийн гэмт үзэгдэл. Авлига буурна.

-Энэ хуулийн төсөл чуулганы босго давахад хэцүү байх болов уу гэж бодож байна.

-Бас эргэлзээ төрүүлэхүйц, төслийг сайжруулах асуудал байна. Урамшуулал олгох дээр хүртэл эргэлзээ бий. Ямартай ч АН-ын төлөөлөл, говийн бүсээс сонгогдсон гишүүд, ХҮН-ын зөвлөлийн гишүүд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Үндсэн хуулийн 16.3-т хөрөнгийг шударгаар олж авах ёстой гэж заасан байдаг. Надад бол хамгийн том ололт байх болно. Батлагдахгүй байгаа шалтгаан нөхцөл нь үнэн байвал бид сайжруулахад анхаарна.

ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо
ЭЗБХ: Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо
 
Х.Булгантуяа: СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргаар газар зохион байгуулагчаараа 20 жил ажилласан хүнийг сонголоо. Санхүүгийн салбар ийм байхад яаж хөгжих юм бол оо
Х.Булгантуяа: СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргаар газар зохион байгуулагчаараа 20 жил ажилласан хүнийг сонголоо. Санхүүгийн салбар ийм байхад яаж хөгжих юм бол оо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!