ХЭҮК-ын гишүүний шаардлагын хэрэгжилт 72 хувьтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 57 секунд

Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтэд зориулсан хэвлэлийн бага хурлыг 2024 онд нийт 35 удаа зохион байгуулсан. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар өнгөрч буй 2024 оны ажлаа дүгнэж, ирэх 2025 онд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим ажлын талаар товч танилцууллаа.

Хэвлэлийн бага хуралд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар оролцлоо.

Хэвлэлийн хурлын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтэд ахиц гаргахад төрөөс онцгойлон анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн хүрээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд оновчтой, бодит арга хэмжээ авах, УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтэд Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн халдашгүй чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг онцоллоо.

Үргэлжлүүлэн 2024 онд авч хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцууллаа.

Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д танилцуулснаар УИХ-ын 37 дугаар тогтоол батлагдсан.

УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг Засгийн газарт хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасан бөгөөд УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг үнэлэх хэлэлцүүлгийг үүрэг хүлээгч талуудыг оролцуулан 2025 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мөн ХЭҮК-оос “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр”-ийн төслийг 7 бүлэгтэй боловсруулж, УИХ, Засгийн газарт хүргүүллээ. “Хүний эрхийг хангах үндэсний 1 дүгээр хөтөлбөр”-ийг анх 2003 онд Засгийн газраас баталсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан учир ХЭҮК 2 дугаар хөтөлбөрийг боловсруулах, батлуулах ажлыг манлайлж гүйцэтгэх санаачилга гаргасан. Энэ хүрээндээ эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж хөтөлбөрийг боловсруулж, Монгол Улсын 21 аймаг, алслагдсан дүүргийн оршин суугчдаас санал авах хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгээс гарсан саналыг тун удахгүй холбогдох эрх байгууллагуудад хүргүүлнэ.

Мөн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний 27 шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 55 зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах зорилгоор хүргүүлсэн дээрх шаардлага, зөвлөмжийг хүлээж авсан эрх бүхий албан тушаалтан заавал биелүүлэх үүргийг ХЭҮК-ын тухай хуулиар хүлээдэг. Тиймээс 2024 оны эхний хагас жилд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн Комиссын гишүүний нийт 17 шаардлага, Комиссын гишүүний 26 зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн.

Комиссын гишүүний дээрх 17 шаардлагын 71 заалтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үзэхэд хэрэгжилт 72 хувьтай үнэлэгдлээ. Хариу ирүүлээгүй хэрэгжилт 0 хувиар үнэлэгдсэн 2 шаардлага байна.

Харин холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлсэн Комиссын гишүүний 26 зөвлөмжөөс

  • Хариу ирүүлэх хугацаа болоогүй- 4
  • Хариу ирүүлээгүй хугацаа хэтрүүлсэн-1 зөвлөмж байсан тул бусад 21 зөвлөмжийн 79 заалтад хяналт шинжилгээ үнэлгээ хийж үзэхэд хэрэгжилт 75 хувь байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр мониторинг хийсэн талаар танилцууллаа. ХЭҮК нь 2012, 2016, 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийсэн.

Энэ удаа УИХ болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр нэр дэвшигчийн сонгогдох эрх, иргэний сонгох эрхийн зөрчилд мониторинг хийж, илрүүлсэн асуудлын мөрөөр зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, олон нийтэд тухай бүр мэдээлэл өгч ажиллалаа. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, суурин газраас алслагдмал нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ гүйцэтгэсэн.

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг нийт 37 хуулийн төсөлд 185 санал хүргүүллээ.

2024 онд түүхэндээ хамгийн олон буюу нийт 1286 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэлээ. Гомдол, мэдээллийн тоо нэмэгдэж байгаа нь нэг талаасаа хүний эрхийн зөрчил нийгэмд олноор гарч буй мэт харагдаж байгаа боловч нөгөө талаасаа иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголт нэмэгдэж буйн тод илрэл юм.

Өөрөөр хэлбэл, эрхээ мэддэг иргэн өөрийнх нь ямар эрх зөрчигдөж байгааг, хаана хандаж шийдвэрлүүлж болох талаар мэдлэг, ойлголттой байдаг. Энэ утгаараа ХЭҮК-т хандах иргэдийн тоо олширч байгаа юм.

ХЭҮК-т ирсэн нийт гомдлын шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн гэх гомдол 33.4 хувь, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн гэх гомдол 16 хувь, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх гомдол 15 хувийг эзэлж байна.

Уг гомдол мэдээлэл болон ХЭҮК-ын гишүүдийн санаачилгаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 122 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа. Нийт хяналт шалгалтын 32 хувийг халдашгүй чөлөөтэй байх эрх, 30 хувийг хүүхдийн сурч боловсрох эрх, 22 хувийг хөдөлмөрлөх эрхийн асуудал эзэлж байна.

Монгол Улсын цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор 11 сэдвийн асуудлын хүрээнд “Хүний эрх ба Технологи” олон нийтийн хяналт шалгалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаар хүлээн авсан гомдлын хүрээнд 7 дүгнэлт гаргасан.

Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, арилгахад хүний эрхийн боловсролыг бүх нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нь хамгийн үр дүнтэй арга байдаг. Энэ утгаараа иргэд, олон нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцод заасан хүний эрх, эрх чөлөөний агуулгаар

  • Нийслэлд нийт 78 удаагийн сургалтад 7448 иргэнийг
  • Орон нутагт нийт 380 удаагийн сургалтад 16500 орчим буюу нийт 23 мянга гаруй иргэнийг хамрууллаа.

Түүнчлэн хүний эрхийн боловсролыг бүх нийтэд түгээхэд албан бус боловсролоор дамжуулж тухайн байгууллага, салбарт хүний эрхийн сургагч багш бэлтгэх нь чухал юм. Тиймээс

  • УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороотой хамтарч их, дээд сургуулийн 100 оюутан
  • Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тэгш тусгал ТББ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай хамтран хүний эрхийн 199 сургагч багш бэлтгэлээ.
Р.БАТСОЛОНГО: Томуу, томуу төст өвчний хамгийн ноцтой нь зүрхний булчингийн үрэсвэл үүсгэж хүүхэд шоконд ордог
Р.БАТСОЛОНГО: Томуу, томуу төст өвчний хамгийн ноцтой нь зүрхний булчингийн үрэсвэл үүсгэж хүүхэд шоконд ордог
 
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!