Өмнөговь аймгаас дараах сурвалжилгыг бэлтгэв.
****************
Монгол улсын уул уурхайн гол бүс нутаг болсон Өмнөговь аймаг 2024 онд 1.4 их наядыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Уг нь 720 тэрбумыг төвлөрүүлэх байсан ч УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан төсвийн тодотголоор дахин 740 тэрбумыг нэмж нийт 1.4 их наядыг төвлөрүүлэх үүргийг хүлээсэн нь энэ.
Гэвч "халаасаа гөвсөн" Өмнөговийнхон цалин мөнгөө тавьж чадахгүй байдалд хүрэхэд ойрхон болжээ. Тус аймгийн удирдлага өнгөрсөн долоо хоногт 800 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн бол одоо 600 тэрбум үлджээ.
2025 онд 1.7 их наядыг төвлөрүүлэхээр яригдаж байгаа аж.
Даарин дээр давс нэмэх гэгчээр 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан учраас УИХ алдагдалгүй төсөв батлахын тулд аймгуудын орон нутгийн хөгжлийн санд нь хуваарилдаг мөнгөн дүнгийнх нь 10-20 хувийг танахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна.
Орон нутгийн сонгуулийн дараа Аймгийн Засаг дарга, ИТХ аль аль нь ажил аваад удаагүй байгаа энэ үед төсөв мөнгөгүйн зовлонг мэдэрч суугаа гэдгээ аймгийн Засаг дарга Н.Энхбат нуусангүй.
Төрийн албан хаагчдын цалин дээр нь нэмж олгодог 350-400 мянган төгрөгийг зогсоох эсэх дээрээ тулаад байна
Тэрбээр "Өмнөговь аймаг маань улсаас татаас авдаггүй, орон нутгийн төсвөө өөрсдөө бүрдүүлэхийн зэрэгцээ улсын төсөвт орлого төвлөрүүлдэг цөөхөн аймгийн нэг. Гэхдээ орлого их төвлөрөх тусам бүгдийг нь татчихдаг. Гэтэл иргэд аймагтаа юм хий гээд шахна, төлөөлөгчид орж ирээд асуудал яриад төсөв мөнгө ярихаар өөдөөс нь юу ч алга гээд сууж байна. Мэдээж Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй л яах вэ.
Гэхдээ өнөөдөр эцэст нь бүх мөнгөө шавхаад цалин, төрийн албан хаагчдын цалин дээр нь нэмж олгодог 350-400 мянган төгрөгийн "Нутгийн дэм" хөтөлбөрийг зогсоох эсэх дээрээ тулаад байна.
Товчхондоо Засгийн газар төсвөө сайн бүрдүүлвэл аймагт нь хуваарилна гэдэг боловч төрийн бодлого эсрэгээрээ яваад байна гэхэд буруудахгүй. Тулгамдаад байгаа энэ асуудлаар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтарч ажиллах нь чухал юм байна" гэдгийг онцлов.
Хүний эрхийн Үндэсний комиссын /ХЭҮК/ гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт арваннэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ажиллав. Энэ үеэр тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байр, цагдаагийн газрын нөхцөл байдалтай танилцсан юм.
Залуус ШШГГ-ын цагдан хорих байрны харуул хамгаалалтын албанд ажиллахаас илүүтэй уурхайд ажиллахыг чухалчлах болжээ
Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 36 албан хаагчийн орон тоотой ажиллахаас өнөөдрийн байдлаар 31 албан хаагч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд цагдан хорих байрны харуул хамгаалалтын албан хаагчид олдохоо байжээ. Эдгээр албан хаагчдыг Дотоод хэргийн их сургуульд заавал гурван сар сургах ёстой учраас залуус хотод сурч цаг алдаж байснаас аймагтаа уурхайд ажиллахыг илүүд үзэх болсон гэнэ. Тус аймагт нийт 14 том уурхай ажиллаж байна.
Түүнчлэн төрийн байгууллагынхан цалингаа голж уурхайд ажиллах болжээ. Тэд хоорондоо уурхайд 14 хоног ажиллаад олдог цалинг төрийн албанд нэг сар ажиллаж олно гэж ярьцгаадаг аж. Өөр газраас албан хаагчдыг томилж ажиллууллаа гэхэд аймагт орон, байр байхгүй гэнэ.
Өнөөдрийн байдлаар хорих ангид бэлгийн хүчирхийлэл, залилангийн гэмт хэрэгт ял сонссон 19-35 насны 10 хүмүүжигч байна. 10 хүний 6 нь бэлгийн хүчирхийллээр "аавын хаалга" татжээ. 19 настай хүүхэд гэхэд энэ төрлийн гэмт хэрэгт 15 жилийн ял сонссон байх жишээний. Ханбогд сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зүүн дөрвөн сум нь харьяалагддаг учраас аймгийн төв дээр хоригдож байгаа хүмүүсийн тоо харьцангуй бага байгаа гэдгийг албаныхан хэлж байв.
Сүүлийн жилүүдэд эцэг, эх нь уул уурхайд ажиллаж байгаагаас үүдэлтэй гэр бүл салалт, өрх толгойлон амьдарч буй хүүхдийн асуудал ихээр хөндөгдөх болжээ. Тус аймагт 2021 онд 60, 2022 онд 94, 2023 онд 112 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Эцэг эхийн хараа хяналтаас гадуур амьдарч байгаа өсвөр үеийнхэн нийлж гэмт хэрэг үйлдсэн тохиолдол олон гарчээ.
Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүүхэд хоригдвол боловсрол сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг анхааруулав. Тэрбээр "ШШГЕГ-ын олон улсын хэмжээнд тавиад байгаа тайлан мэдээн дээр цагдан хорих байрууд хүүхдүүдэд боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй явуулах орчин нөхцөлөөр хангагдсан гээд байгаа. Гэхдээ хяналт, шалгалт хийдэг хүний хувьд хэрэгжилт 100 хувь байхгүйг мэдээд байгаа юм л даа. Одоогоор хүүхэд хоригдсон тохиолдол гараагүй ч гэсэн үүн дээр анхаарч, бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй" гэв.
Засгийн газар Өмнөговиос төсөв бүрдүүлдэг мөртлөө ШШГГ-ын шинэ байр барихад зарцуулах 2.5 тэрбумыг өгөхгүй "луу унжжээ"
Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тулгамдаж байгаа өөр нэг асуудал нь цагдан хорих байр. Улсын хэмжээнд Өмнөговь, Баян-Өлгий аймгийн шийдвэр гүйцэтгэх газар нь стандартын бус барилгад үйл ажиллагаа явуулж байна. Албан хаагчдын контор 312 метр квадрат, цагдан хорих байр нь 325 метр квадрат аж.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбат "Дээрх цагдан хорих байр нь 1996 онд ашиглалтад орсон. Мэргэжлийн хяналтын байгууллагаас акталсан ч аргагүйн эрхэнд эндээ засвар хийгээд үйл ажиллагаа явуулж байна. Конторын барилга нь гэхэд 2002 оных. ШШГЕГ болон аймгийн удирдлагуудад хүсэлт тавиад 50/50 хувийн хөрөнгө оруулалтаар нийт 4.8 тэрбумаар цагдан хорих, баривчлах, контор гэсэн стандартын шинэ байрыг барихаар болсон.
Өнөөдрийн байдлаар барилгын дөрвөн давхрын цутгалт хийгээд дууссан. Ирэх 2025 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно.
Орон нутгаас орж ирэх 2.3 тэрбум төгрөг орж ирсэн ч улсын төсвөөс орж ирэх 2.5 тэрбум орж ирээгүй. Энэ талаар холбогдох байгууллагууд руу хүсэлт тавьсан.
Улсын төсөв хэлэлцэх үеэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр барилга байшингийн мөнгө тавихгүй гэх асуудал яригдсан юм шиг байна лээ. Холбогдох дарга нарт хүсэлтээ удаа дараа өгч байна. Яг эцсийн байдлаар хэрхэн шийдсэн талаар талаарх мэдээлэл алга" гэв.
Өмнөговь аймаг хоёрхон замын цагдаатай
Өмнөговь аймгийн үндсэн хүн ам нь 75 мянга. Үүн дээр уул уурхай дагасан хөдөлгөөнт хүн амын тоо Ханбогд суманд гэхэд 20 мянга бий. Тус аймгийн цагдаагийн газар нь 12 нэгж тасгаас бүрдэнэ. Сум дундын цагдаагийн хоёр хэлтэстэй. Хамгийн сонирхолтой нь Өмнөговь аймгийн замын цагдаагийн хэлтэс нь таван байцаагч нэг ахлах, нэг замын дарга, хоёрхон замын цагдаатай.
Үүний учир нь хуучин Өмнөговь цагдаагийн газар нь хэлтэс байсан бөгөөд нэрийг өөрчилсөн болохоос бүтцийг нь нэмээгүй байна. Улмаар төсөв мөнгөгүй гэх шалтгаанаар хэлтсийнхээ цөөн орон тоогоор өнөөдрийг хүртэл явна.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, Дэд хурандаа Ц.Эрдэнэбаатар "Аймгийн төв эргүүлийн дөрвөн цагдаатай. Хөдөлгөөнт эргүүлийн орон тоо байдаггүй. 5000 хүн тутамд нэг чиглэлд хоёр эргүүлийн цагдаа байх нормативтай. Аймгийнхаа хүн амын тоонд хуваагаад үзэхээр нэмээд 8 эргүүлийн албан хаагч хэрэгтэй. Ерөнхийдөө говийн бүсийн аймгуудад баг, хороо хариуцсан цагдаа байхгүй. Уул уурхайгаа дагаад ялангуяа Цогтцэций суманд хөдөлгөөнт хүн ам, тээврийн хэрэгсэл, гэмт хэргийн гаралт өндөр. Тус сум баар, ресторан ихтэй ч хэв журам болон эргүүлийн цагдаагүй. Тиймээс бүтэц орон тоог 33-аар нэмэгдүүлэх саналыг Цагдаагийн Ерөнхий газарт өнгөрсөн хоёрдугаар сард хүргүүлсэн. Улмаар 25-аар нэмэгдүүлж 2025 оны төсөвт суулгана гэх албан бичиг ирсэн ч дахин өргөн барьсан төсөв дээр хэрхэн туссаныг мэдэхгүй юм" гэлээ.
Өнгөрсөн онд аймгаас Цагдаагийн газарт машин техник, багаж хэрэгсэл гэх мэт бусад зардалд 7 тэрбумыг зарцуулжээ.