Увс аймгийн Зүүнговь суманд хүний боом өвчин гарсан. Малчид хөдөлгөөн нь удааширсан, өвчний шинж тэмдэгтэй малаа нядлаад халдвар авсан байна. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга асан Д.Нарангэрэл цахим хуудастаа сэрэмжлүүлсэн юм. Тэрбээр “Идэшний цаг ойртож байгаа үед хотын бид өвчтэй малын мах авах эрсдэлтэй.Баталгаатай айл, газраас мах, идэшээ авахгүй бол ч боомоор өвдөх нь байна шүү” гэж анхааруулжээ.
ЗӨСҮТ-ийн өгсөн мэдээллээр, дээрх тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцад халдвар авсан болохын энэ сарын 7-ны өдөр аймагийн ЗӨСТ-д хийсэн молекул биологийн /PCR/ шинжилгээгээр баталгаажуулсан байна.
Өвчлөл бүртгэгдсэн голомтын бүс нутагт ЗӨСТ-өөр ахлуулсан баг Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, сумын онцгой комисстой хамтран хариу арга хэмжээг салбар хоорондын түвшинд зохион байгуулан ажиллажээ. Мөн хөл хорио тогтоосон байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, одоогоор халдвар авсан иргэд аймгийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж биеийн байдал нь дээрдсэн аж.
Хүний боом өвчин нь жилд 4-5 удаагийн тохиолдол бүртгэгддэг байна. Аюултай нь, амь насанд халтай бөгөөд хатиг гарах, арьс үхжих, булчирхайн хэлбэрээр цочирдох зэргээр хүндэрдэг аж. Ялангуяа өвчтэй малыг нядлах үеэр халдвар авах эрсдэл өндөр. Мөн боом өвчний халдвар газрын хөрсөнд 30-аас дээш жил тэсвэрлэх чадвартай тул газар тариалан эрхлэгчид халдвар авах эрсдэл өндөр байдаг аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!