Зургийн тайлбар: “Солонгон бүрхүүл” төслийн хамт олны төлөөлөл. Монголын шилдэг street artist- ууд хамтран гэр хорооллын бүсэд өнгө нэмж, хүүхдүүдийн төлөө гэгээлэг орчинг бий болгохоор нэгджээ. Улаанбаатар хот 2020.10.10.гэрэл зургийг Б.Амарбаясгалан
Бид энэ удаа өсвөр насны хүүхдүүдэд зургаар дамжуулан гэгээлэг ертөнцийг бүтээж өгч буй “Солонгон бүрхүүл” төслийн залуусын төлөөллүүдтэй уулзаж ярилцлаа. Эдгээр уран бүтээлч залуус сайн сайхныг үлгэрлэн харуулахын тулд ашгийн төлөө бус сайн дураараа нэгджээ.
“Солонгон бүрхүүл” төслийн удирдагч Б.Шинэбилэг
Зургийн тайлбар: “Солонгон бүрхүүл” төслийн зохион байгуулагч Б.Шинэбилэг.Улаанбаатар хот 2020.10.10.гэрэл зургийг Б.Амарбаясгалан
“Солонгон бүрхүүл” төслийг анх 2019 оноос эхлэн санаачлан зохион байгуулсан. Уг төслийн зорилго нь хотын төвөөс алслагдсан гэр хорооллын бүсэд амьдарч буй хүүхдүүдэд урлагаар дамжуулан харах өнцгийг нь тэлэх, эерэг нөлөөллийг авчрах болоод амьдрах орчинг нь сайжруулахад чиглэгдсэн. Хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудал нийгэмд даамжирч байгаа нь тухайн хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, ирээдүйд хэн болох вэ гэсэн асуудалд сэтгэлд эмзэглэсээр ирсэн. Иймд заавал мэргэжлийн байгууллага гэлтгүй уран бүтээлчид бид нийлж, тэдэнд эерэгээр нөлөөлөх хэрэгтэй гэж бодсон. Төсөлд сайн дураараа хамрагдсан уран бүтээлчид маань хүүхдийн ирээдүйд гэрэл нэмэх, урам өгөх зургууд зурж байна. Төслийн зүгээс уран бүтээлчдэд хүүхдэд чиглэсэн мессэж өгөх агуулгатай, хурц хэлбэр дүрсгүй, зөөлөн өнгөтэй зураг зураарай гэх ерөнхий чиглүүлэг өгдөг. Бид уран бүтээлчдээ бүрдүүлэхдээ сонгоод урилга явуулдаг бөгөөд тэд маань ч нааштай хүлээж авч байна. Ямар ч цалин хөлс авахгүйгээр зөвхөн өөрсдийн оролцоог хандив болгон ажиллаж байгаа юм.
- ХҮМҮҮСИЙН ӨГСӨН УРМААР ДАРААХ ЖИЛҮҮДДЭЭ “СОЛОНГОН БҮРХҮҮЛ” ТӨСЛӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХҮЧТЭЙ БОЛЖ БАЙНА -
Өнгөрсөн жил 15 уран бүтээлч төслийн хүрээнд ажилласан бол энэ жил 24 болж нэмэгдсэн. Хэрэв хүсэлт явуулсан хүмүүсийг бүгдийг нь нэгтгэсэн бол бараг 100 гаруй болох байсан ч нэг дор олон хүн хамтарч ажиллах боломжгүй байсан. Одоогийн бүрэлдэхүүнд маань архитектор, график дизайнер, артистууд, зураасан зургийн зураач, гэрэл зурагчид оролцож байна. Гэр хорооллын нөхцөл байдлын хувьд шороотой, хашаа хана нь өгөрч муудсан байдалтай байдаг учраас байгалийн өнгө төрх сэргээж, харагдах байдлыг сайжруулахын тулд төсөлд маань архитекторууд хамтарч ажилладаг. Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгаар явж хүүхэд рүү чиглэсэн зургууд зурсан бол дараа жил хаана ямар чиглэлээр зурахаа одооноос төлөвлөж байгаа. Уран бүтээлчид маань өөр өөрийн ажилтай тул жилийн турш хамт байх боломжгүй шүүдээ.
Ер нь “street artist”-ууд улирлын чанартай ажилладаг. Хүйтний улиралд будаг нь царцаад гардаггүй. Үнэхээр зурах шаардлагатай үе тохиолдвол ойр ойрхон гартаа барьж дулаацуулж байгаад зурж дуусгана. Заримдаа худаг дээр зураг зурахад 2-3 өдөр шаарддаг. Ганц өдөр очоод гялс дуусгачих амархан ажил биш болж таарна. Цаг хугацаа болон ур чадвар шаарддаг урлаг. Түүнчлэн гудамжинд олон хүнд харагддаг учраас галлерейд тавигддаг уран зурагтай харьцуулахад илүүтэй шүүмжлүүлж магтуулдаг онцлогтой. Дэлхийн олон улсад бие даасан урлаг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Биднийг зурах үед хүүхдүүд бүчилж аваад, тоглоод л үнэхээр гоё хүлээж авсан. Эцэг эхчүүд нь хүртэл “Би төрсөн цагаасаа хойш энд байсан ч үнэхээр ийм гоё харагдаж болно гэж бодож байгаагүй, баярлалаа” гэх мэтээр хоолой нь зангираад сэтгэгдлээ хэлэхэд нь бидний сэтгэл ч бас дагаад хөдөлдөг. Энэ их урмаар дараах жилүүддээ “Солонгон бүрхүүл” төслөө үргэлжлүүлэх хүчтэй болж байна. Энэ төслөөр бид хүүхдүүдийн нүдэнд ассан гэрлийг хардаг болохоос ашиг олохын тулд хийгээгүй. Сүүлд бид нарт нэг хүн Хатгалд байдаг цэцэрлэгийн хана дээр зураад өг гэсэн санал тавьсан. Багаараа бүх будаг хэрэгслээ аваад тийшээ очсон. Эхэндээ цэцэрлэг гэж мэдэгдэхгүй төв зам дагуу цагаан байшин байсан. Очоод л тал талаар нь хувааж аваад шүршиж эхлээд их хурдан дууссан. Цэцэрлэг нь тараад хүүхдүүд гарч ирж харчихаад “Ямар гоё юм бэ” гээд л хашхираад үнэхээр хөөрхөн.
“Солонгон бүрхүүл” төслийн архитектор Д.Өрнөх
Зургийн тайлбар: “Солонгон бүрхүүл” төслийн төслийн архитектор Д.Өрнөх. Улаанбаатар хот 2020.10.10.гэрэл зургийг Б.Амарбаясгалан
Намайг Д.Өрнөх гэдэг. Архитектор мэргэжилтэй. Archidiom Studio зураг төслийн компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. “Солонгон бүрхүүл” төслийг өмнөх онд хэрэгжиж байгааг хараад ихэд олзуурхаж энэ жилээс хамтарч ажилласан. Улаанбаатар хотод төдийгүй монгол улсад маань шийдэх нийгмийн болоод амжиргааны асуудлууд маш их бий. Уг асуудлуудыг улс төрийн болон томоохон бизнесийн байгууллагууд шийднэ гэж хардаг. Гэвч хүн бүрийн хариуцлага оролцоо байх ёстой. Тиймээс архетектор хүмүүс суурьшлын бүсийн амьдралыг сайжруулах, ингэж амьдарч болдог гэх сэдлийг бий болгох хариуцлага байдаг учраас үүнийгээ ухамсарлаад оролцсон. Хамт олноороо энэ төсөлтэй хамтраад ажиллаж байгаа маань сэтгэл хөдлөм байна.
- ГЭР СУУРЬШЛЫН БҮС ХАМГИЙН САЙХАН АМЬДРАХ ОРЧИН БОЛОХ БОЛОМЖТОЙ -
Хөтөлбөрийн маань үндсэн зорилго нийгэмд эерэг сэтгэгдэл үүсгэх. Яагаад заавал урлаг тэр дундаа зураг вэ гэвэл нийгэмд тайлбарлах шаардлагатай, үгчлэн хэлэхэд хүндрэлтэй цогц санаануудыг хүмүүст амархан байдлаар ойлгуулдаг. Жил ирэх тусам нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа ТББ-ууд, бүлэг хүмүүсийн тоо олширсоор байгаа нь олзуурхууштай. Эдгээр хүмүүсийн тоо улам бүр нэмэгдээсэй гэж хүсдэг. Энэ нь бидний нийгэм сэрж, сайн зүйл рүү хандаж эхэлж байгаагийн дохио юм болов уу хэмээн бодож сэтгэл хангалуун байгаа. Суурьшлын бүсүүд дээр суурьшиж байгаа нийт хүн амын 60-70 хувийг гэр суурьшлын бүс эзэлдэг. Тэгэхээр гэр суурьшлын бүсийн амьдрах орчныг сайжруулах шаардлага бий болж байна. Орчныг сайжруулснаар маш олон давуу талыг бий болгож чадна. Орчин сайхан болбол сэтгэлгээ нь эерэг болохыг үгүйсгэхгүй. Бидэнд шийдэх том асуудлууд байгаа. Гэвч тоосгоны нэг ширхгээс эхэлж байж бид цаашид томоохон асуудлуудыг шийдэх боломжтой гэж харсны үндсэн дээр “Хашаа” гэдэг төслөөс эхлүүлсэн. Хашаа айлуудыг хооронд нь тусгаарлаад зогсохгүй маш чухал ач холбогдолтой.
Дараа дараагийн жилүүдэд зөвхөн зураг зурах биш иргэдийн амьдрах орчныг сайжруулаад сайн жишгийг бий болгож ард иргэддээ урам зориг өгөхүйц зүйл хийхээр төлөвлөж байна. Хэрвээ энэ зорилго биелэлээ олбол гэр суурьшлын бүс маань хамгийн сайхан амьдрах орчин болох боломжтой. Манай улс хүн ам цөөтэй учраас асуудлыг шийдэх боломж илүү их. Нэг хүн нөгөө хүндээ нөлөөлөх боломж өндөр учраас эерэг үр дүн хурдан гарна. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Хэн ч байсан нийгэмд хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж тухайн ажиллаж буй салбартаа сайн зүйлийг түгээж чадвал бидэнд гарц маш ойрхон, боломж маш өндөр бий. Хүн бүрийг сайн сайхны төлөө яваасай гэж хүсч байна.
“Солонгон бүрхүүл” төслийн график дикайнер Аяс
Зургийн тайлбар: “Солонгон бүрхүүл” төслийн төслийн график дизайнер Аяс. Улаанбаатар хот 2020.10.10.гэрэл зургийг Б.Амарбаясгалан
Аяс гэдэг нэрээр уран бүтээлээ туурвидаг. График дизайнер мэргэжилтэй. Гурван жилийн өмнөөс ханан дээр зураад “Street artist” болох гээд явж байна. Манай нөхөр Д.Дашхүү “Солонгон бүрхүүл” төсөлд байсан. Нөхрийнхөө ажилд нь туслах журмаар энэхүү төсөлд анх орж байлаа. Энэ жилээс албан ёсоор стрийт артистаар ажиллаж байна. 12 стрийт артист байдгаас би ганцаараа эмэгтэй. Уран зураг болоод бусад төрлийн бүтээлүүдийг зөвхөн галлерейд очоод үзэх боломжтой байдаг бол “Street art” бүтээлийг хэн ч хэзээ ч үзэх боломжтой. Хугацаанд баригдаж үзэх шаардлага байдаггүй. Би шинэхэн уран бүтээлч учраас энэ төслөөс маш их туршлагыг олж авч байгаа.
-ТӨСЛИЙН МААНЬ ЗОРИЛГО АШИГ БУС ХҮҮХДҮҮДИЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАХ-
Энэ жил Мөрөн хотын хамгийн их сурагчтай сургуулийн маш том ханан дээр “Хүүхэдтэйгээ ярилцах”, “Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх” гэсэн сэдвийн хүрээнд зурсан. Сурагчид хичээлийнхээ завсарлагаанаар гарч ирээд маш их анхаарч байсан. Хаана ч зураг зурахад том хүмүүсээс илүү хүүхдүүд сонирхож асуудаг. Томчууд зурганд ач холбогдол өгдөггүй. “Энэ будаг нь хэд гэдэг вэ” гэхчлэн ганц хоёр зүйл асуучихаад явдаг. Хүүхдүүд болохоор “Ямар гоё юм бэ, яаж зурах вэ, та яаж ингэж зурдаг юм, би том болоод зураач болно” зэргийг асууж, маш их сонирхдог. Энэ төсөл маань ашгийн төлөө бус бидний ирээдүй болсон хүүхдүүдийг бага ч гэсэн аз жаргалтай байлгах нь бидний маш том зорилго.
“Солонгон бүрхүүл” төслийн стрийт артист: Д.Дашхүү
Зургийн тайлбар: “Солонгон бүрхүүл” төслийн төслийн стрийт артист Д.Дашхүү. Улаанбаатар хот 2020.10.10.гэрэл зургийг Б.Амарбаясгалан
2006 оноос графит сонирхож эхлээд одоог хүртэл тууштай ажиллаж байна. Зөвхөн графит зурахаас гадна эхнэр Аястайгаа нийлээд ханан дээр зураг зурж эхлээд гурван жил өнгөрч байна. Зундаа гадуур зураг зураад бусад үед хүмүүсийн захиалгаар зурдаг. Мөн бусад хүмүүсийг бодвол илүү стрийт арт чиглэлээр урладаг. Энэхүү төсөлд өмнө жил ганцаараа оролцсон бол энэ жил эхнэртэйгээ хамт оролцож байна. Шинэ залуу уран бүтээлчидтэй нийлээд том бүрэлдэхүүнтэй Хөвсгөл явсан. Бээлий, бийр, маск, будаг гээд хангамж маш сайн байсан. Багаасаа хүүхдийн урлан бүтээх төвд явж, зурах дуртай хүүхэд байлаа. Намайг бага байхад хүн бүр хип хоп дуу сонсдог байснаас улдаалаад гаднаас хип хоп чиглэлийн гудамжны урлаг бүр доороос гарч ирж хүчээ авсан. Тэрхүү соёлд гүнзгий автсан. Харин Монголд ойлгодог хүмүүс цөөхөн бөгөөд цөөн хэдэн артистууд сэтгэлээрээ бүтээлээ турвидаг. Уг нь орчин үеийн гоё урлаг боловч ойлгох хүн цөөн. Энэхүү төсөлд хамрагдсанаар бусад уран бүтээлчидтэй ах дүүсийн харилцаатай болж нэг нэгэндээ олон зүйлс зааж өгсөн. Зураач хүн хэзээ ч графит зурж чаддаггүй. Академик мэдлэгээр нүдүүлсэн хүн гудамжны урлагт хөл тавих хэцүү.
- ГАДУУР ЯВАХ ҮЕДЭЭ ХООСОН ХАНА ХАЙГААД Л АЛХДАГ -
Гадуур явах үедээ хоосон хана хайгаад л алхдаг. Хоосон гоё хана харахаар цаанаасаа зурмаар санагдаад байдаг. Гудамжний урлагийн хувьд хуучин эвдэрсэн хананд зураг зурахад ямар ч асуудалгүй байдаг. Учир нь хэн нэгэн өмчлөлийн асуудал ярихгүй. Харин төслийн хүрээнд бол толорхой төсөв зарж хийж байгаа болохоор аль болох шинэ хана дээр удаан хадгалагдах бүтээл хийх чухал байсан. Түүнчлэн гадаргууг нь янзалж стандарт болгож байгаад зурахгүй л бол хэсэг хугацааны дараа зураг дээрх хүний нүүрний хэсэг нь уначихвал эвгүй харагддаг. Зарим орон нутгуудад бидэнд шаардлагатай байсан кран, шат олдоогүй. Эхэндээ хүмүүс ойлгохгүй байсан учир тоохгүй байх явдал гарсан. Кран хэрэгтэй байгаагаа хэлсэн боловч цемент зуурдаг кран аваад ирэх гэх мэт. Зураачид зогсох аюултай учраас хүн зогсдог кран гэж хэлсэн. Уг нь хайгаад л байгаа боловч аймгийнхаа хэмжээнд олдоогүй болохоор эрчим хүчний газрынх нь краныг түр авч хэрэглэсэн. Том сургуулиудын ханыг бүхлээр нь зурах төлөвлөгөөтэй очсон ч техник хэрэгслийн улмаас боломжоороо зурж дуусгасан. Цаашид гудамжны урлагаар илүү олон хүн зураасай гэж боддог. Заавал зурахгүй байсан ч интернэтээс ядаж ганц удаа хайгаад тодорхой ойлголттой болоосой гэж хүсдэг. Би олон сайн дурын аянд оролцсон боловч хамгийн нийгэмд чиглэсэн даацтай нь “Солонгол бүрхүүл” байсан.
“Солонгон бүрхүүл” төслийн зураасан зураач н.Сүрэн
Зургийн тайлбар: “Солонгон бүрхүүл” төслийн төслийн зураасан зураач н.Сүрэн. Улаанбаатар хот 2020.10.10.гэрэл зургийг Б.Амарбаясгалан
Намайг Сүрэн гэдэг. Артист нэр маань Suzi. Би Итали улсын Булани хотын урлагийн академийг зураасан зургийн мэргэжлээр төгсөөд дөрвөн жил болж байна. График дизайн, гэрэл зургийн чиглэлээр ажилладаг. Энэ жил “Солонгон бүрхүүл” төслийн зохион байгуулагчдаас урилга хүлээж аваад уг төсөлд уран бүтээлчээр оролцсон.
- ӨӨРИЙГӨӨ БҮҮ ГОЛООРОЙ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ -
Хөвсгөл явсан уран бүтээлчдийн ихэнх нь“Street Art” чиглэлийн артистууд байсан. Би бол том хэмжээтэй зураг зурж, загвар гаргаж байгаагүй. Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” сургуулийн гаднах ханан дээр зурсан зургийн загварыг багаараа ярилцаж байгаад хар зурааа гаргаад “Unicef”-т шалгуулсан. Хүүхдүүдэд зориулсан болохоор мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах ёстой. Зурж эхлэхдээ л өнгө будаг бүх зүйлээ тохируулсан. Миний хувьд цацдаг будгаар анх удаа зурсан. Маш их туршлага хуримтлуулсан. Уран бүтээлчид зурсан зураг бүртээ сэтгэлээ шингээж зураад тэр маань хүүхдүүдэд сайхан сэтгэгдэл төрүүлсэн нь надад маш сайхан байсан. Урт ханан дээр зурахад өөрөө бие дааж зурсан болохоор хувь уран бүтээлчээс маш их чадвар шаардсан. Шинэ зүйл сурах нь надад хэрэгтэй. Бусдад ч туслаад өөртөө ч туршлага хуримтлуулж чадсан маань цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах урам зоригийг би болгож байлаа. Надад цаашид сурах зүйл их бий. Сурсаар л байх болно. Хүмүүс зураг зурахыг амархан гэж боддог. Аливаа зүйлийг хялбархан хийгдчихдэг юм шиг санадаг. Гэвч олон жил хичээн зүтгэж, хөдөлмөрлөж байж сайн бүтээл төрдөг. Тийм учраас үнэ цэнэтэй байдаг.
Дуртай зүйлээ олсон бол түүнийгээ хийгээд л байх хэрэгтэй. Өнөөдөр болохгүй байлаа гэхэд маргааш учир нь тайлагдана. Өдөр тутамдаа зуршил болгоод хийгээд явбал нэг сар эсвэл жилийн дараа эзэн нь болоод эзэмшээд явна. Тийм учраас өөрийгөө бүү голоорой. Хичээл зүтгэлтэй байгаарай.
“Солонгон бүрхүүл” төслийн архитектор М.Уламсайхан
Зургийн тайлбар: “Солонгон бүрхүүл” төслийн төслийн архитектор М.Уламсайхан. Улаанбаатар хот 2020.10.10.гэрэл зургийг Б.Амарбаясгалан
Би архитектор мэргэжилтэй “ORD Design” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал М.Уламсайхан байна. Солонгон бүрхүүл төсөлд хашааны дизайн тал дээр хамтран ажилласан байгаа. Тухайн орон нутгийн өнгө онцлогийг харуулсан уламжлалт хээг хашаан дээр нь хийж өгсөн. Жишээ нь Хөвсгөлийн тайгын ногоон өнгийг бэлгэдэн түүндээ гурвалжин дүрс оруулсан. Мөн далайг бэлгэдэн цэнхэр өнгө оруулж хээ угалж хийсэн. Өмнө нь солонгон бүрхүүлээс өөр төсөлд оролцож байсан ч хүүхэд рүү чиглэсэн иймэрхүү төсөлд анх удаагаа оролцож байна. Архитектор хүмүүс нийгэмд нөлөөлөгч байдаг. Тэр утгаараа энэхүү төсөлд оролцож гийнэмд эерэг нөлөөлөл авчирсандаа баяртай байгаа. Анх төсөөлж байснаас өөрөөр хүмүүс их найрсаг хандаж, бидний үйл ажиллагааг сайшааж байсан нь сайхан санагдсан. Эхэндээ бүх хашааг нь нураагаад шинээр хашаа төлөвлөж өгнө гэж бодож байсан ч “Солонгон бүрхүүл” төслийг маань хугацаа бага байсан учир тухайн нутгийн онцлогийг шингээсэн хээгээр жигд хээлж өгөхөөр болсон.
- АРХИТЕКТОР ХҮМҮҮС НИЙГЭМД НӨЛӨӨЛӨГЧ БАЙДАГ -
Энэхүү ажилд бүгд хоорондоо ярилцаж байгаад тухайн орон нутгийн онцлог болон ямар үндэстэн ястан амьдардаг талаар судлаад, нийт зургаан ястан холимог байдлаар оршин суудаг болохыг мэдсэн байгаа. Ийнхүү хээгээ гаргаад өөр өнгүүдээр будсан. Миний хийсэн хээ Хөвсгөлийн байгалийг илэрхийлсэн бол нүүдэлчний аж амьдралаас санаа авах, Дархад дээлхий энгэрээс санаа авах гэх мэтээр өөр өөр хээнүүд зохиосон. Хээний загвар дизайн гаргахын тулд долоон хоног ажиллаж, хээний хэлбэрээ лист дээр гагнаж хийсэн. Түүнийгээ явахдаа аймгийн гэр бүл хүүхэд хөгжлийн газарт үлдээсэн учир яваандаа бүгд хашаандаа хээтэй болох байх. Маш сайн уран бүтээлчидтэй хамт явсандаа баяртай байна.
Зургийн тайлбар: “Солонгон бүрхүүл” төслийн хамт олон. Хөвсгөл аймаг 2020.09.20.гэрэл зургийг Gz Miimaa
С.Хонгорзул
Д.Цэрэнчимэг
Гэрэл зургийг: Б.Амарбаясгалан
www.ubn.mn