Бяцхан охид галт өртөж харамсалтайгаар амиа алдсан уйтай өдөр. Үртэй бүхэн хашхирмаар энэ золгүй осол Төв аймгийн Жаргалант суманд гарч, нэгэн айлын гэрэл унтарлаа. Хэрэв сумын Засаг даргын шийдвэрээр бүх нийтийн цэвэрлэгээнд бага насны хүүхдүүдтэй эцэг эхийг дуудаагүй бол магадгүй өнөөдөр гурван бяцхан зүрх зогсохгүй, эсэн мэнд элэг бүтэн амьдрал үргэлжлэх байлаа.
Асуудал нь, нийтийн цэвэрлэгээнд дөрвөн хүүхэдтэй цэцэрлэгийн багшийг төдийгүй бага насны дүү нараа харж байсан зургаадугаар ангийн охиныг ч мөн сургуулиас нь цэвэрлэгээнд дуудсан гэх. Охин гэртээ дүү нараа цоожлоод үлдээхээс өөр аргагүй нөхцөлд оруулсан Жаргалант сумын Засаг даргын цагаа олоогүй шийдвэр, сургуулийн захиргааны мэдрэмжгүй үйлдлийн золиос нь бяцхан охид байлаа. Бас социализмын үеэсээ салаагүй төрийн хүнд суртлыг, “хүүхдийн төлөө за” гэж ярьдаг ч нидэр дээрээ үл тоомсорлодгийг бяцхан үрс амь насаараа харууллаа. Хэрэв сургуулийн удирдлага төрийн төмөр нүүрээр далайлгахаас урьтаж хүн ёсоор хандсан бол, нийтийн цэвэрлэгээнд олон хүүхэдтэй ажилтнаа “заавал ир” гэж дуудаагүй бол өнөөдөр энгэрийн зүүлт тасрахгүй байлаа.
Даанч зовлон өөрт ирэхээс нааш хүнийх хойно гэгчээр таван жилийн өмнө буюу 2020 онд нэгэн айлын танхил үрс тогонд цохиулж нас барсан золгүй ослоос хэн ч сургамж авсангүй бололтой.
Мөн л сургуулийн арга хэмжээнд дуудагдсан ээж нь гурван хүүхдээ дахин хэзээ ч эсэн мэнд хараагүй.Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс урлагийн тоглолт бэлдүүлнэ гэх нэрээр дуудсан байж таарсан. Гэвч нэг, нэгэндээ алдаагаа чихэж буруугаа тохсоор хэн ч хариуцлага хүлээлгүй тэгсхийгээд мартагдсан. Харин үрсээ алдсан ээж аав үүрдийн зовлонд унаж өнөөдрийг хүртэл бэтгэрч явааг бэртэгчин дарга нар яаж санах билээ. Магадгүй санаж байсан бол дахин гурван хүүхэд зуурдаар амиа алдахгүй эсэн мэнд байх байсан биз. Өнөөдөр “төрийн байгууллагууд “хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь бүү үлдээ”, “ганцааранг нь бүү цоочжил” гэдэг мөртлөө бодит амьдрал дээр нийтийн цэвэрлэгээ, урлаг соёл зэрэг элдэв арга хэмжээнд дууддагаас болж цаашид дахиад хэчнээн хүүхэд хохирч, элэг бүтэн амьдрал өнчрөх вэ?
Үүнийг тааж хэлэх аргагүй.
Хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр шар будаа тогтохтой адил ховор хувь заяа гэдэг ч өнөөдөр Монгол Улсын иргэн болж төрснийхөө төлөөсөнд хүүхдүүдээ дэнчинд тавимааргүй байна.
Тэр дундаа улам данхайж буй төрийн байгууллагуудын удирдлага нар олон хүүхэдтэй эцэг эхийг элдэв арга хэмжээнээс чөлөөлж, уян хатан ханддаг хүн ёсны сэтгэлтэй баймаар байна. Үнэндээ олон хүүхэдтэй ганц, хоёр ажилтнаар тэр цэвэрлэгээнд, нийтийн арга хэмжээ дутахгүй гэдгийг ойлгох ёстой. Ам, ажил нь зөрдөг байж болох ч амьдрал дээр хүүхдийн амь насыг дэнчинд тавьж айл гэр өнчрүүлдэг байх ёсгүй. Хүүхдийн эрх, эрүүл мэндээс давсан эрх мэдэлтнүүд ичиг ичиг.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!