Төрийн албаны зөвлөл энэ оны 2-3 дугаар сард 330 суманд ажиллаж, анхан шат дахь төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Залгаад төрийн албан хаагчдын сургалт, зөвлөгөөнийг долоон бүсэд зохион байгуулж байгаа ажээ. Орон нутагт ажилласан болон бүсийн зөвлөгөөнөөр хөндөгдсөн санал, санаачилгыг Төрийн албаны зөвлөл нэгтгэж, хуулийн шинэчлэлд тусгахаар ажиллаж байгаа юм байна. Ийм зорилго бүхий “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт гурав дахь бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 21-22-нд зохион байгуулагдлаа. Говийн бүсийн уг зөвлөгөөнд Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн 600 орчим төлөөлөгч оролцов.
Төрийн албаны хууль тогтоомжийн зарим зохицуулалтын хэрэгжилт, хүний нөөц, ажиллах орчин нөхцөл хот, хөдөөд төдийгүй бүс бүсээрээ онцлог ялгаатай боловч нийтлэг саналууд байна. Тухайлбал, төрийн албыг улс төрөөс ангид байлгах, цалингийн ялгаатай байдлыг арилгах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг санал давамгайлж байна.
Бүсийн зөвлөгөөнүүдэд хууль тогтоогчид болон Засгийн газар, зарим яамны төлөөлөл, Төрийн албаны зөвлөлийн бүх гишүүн оролцож, төрийн албан хаагчдын санал шүүмжлэлийг сонсож байлаа. Тэд хуулийн шинэчлэлээр дамжуулан төрийн албанд үүсээд буй алдаа дутагдлыг засахад анхаарна гэв.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг “Бидний нэн яаралтай шийдэх асуудлын нэг нь дурын байгууллага салбарын хууль гаргаж, эсвэл дурын сайд хэн нэгэнд зориулсан албан тушаал бий болгож, үндэслэл, тооцоололгүй бүтэц, тогтолцоо нэмж, цалин олгодог байдлыг цэгцлэх явдал. Энэ шийдвэр нь нэг бол анхан шатанд ачаалал нэмж, эсвэл ажилгүй албан хаагчийг бий болгож байна. Үүнийг Төрийн албаны тухай хуулиас гадна Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар цэгцэлнэ. Энэ бол бүтээмжтэй төрийг бий болгох чухал алхмуудын нэг. Төрийн албаны шинэтгэл энэ мэт алдааг засаж, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэнэ” гэсэн юм.
Дараагийн бүсийн зөвлөгөөн Ховд аймагт болж, баруун бүсийн таван аймгийн төрийн албан хаагчдын саналыг сонсох ажээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!