Гадаадад тэтгэвэрт гарах нь диваажин бол манайд там. Гадныхан залуу насандаа завгүй ажилласныхаа үр шимийг насны эцэст мэдэрч хосоороо эсвэл найз нөхдөөрөө дэлхийг тойрч байхад Монголд эсрэгээрээ. Тэтгэвэрт гарсан л бол хүний тооноос хасагддаг гашуун хувь заяа ахмадуудыг хүлээдэг. Тэтгэвэрт гарах сургаар "Залуу үедээ зай тавьж өг" гэх бичигдээгүй хуулиар хүссэн хүсээгүй ажлаа өгөх нь ч байна. Харин гэрт гараад юу хийх вэ? гэх бодол ээрнэ. Юун аялал зугаалга, амар тайван амьдрах. Тэтгэврийн мөнгө гэх өчүүхэн бага мөнгөө банканд барьцаалж үр хүүхдэдээ өгдөг эсвэл цагаан сарын "ууц" болгодог нийтлэг дүр зурагтай ихэнх нь ядруухан амьдарч байна. Төр бодлогоор жил бүр тэттгэврийг нэмэгдүүлсээр өнөөдөр тэтгэврийн дундаж хэмжээ 848 мянган төгрөг болж, доод хэмжээ нь 572.400, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг болсон. Гэсэн ч тэтгэвэр авагчдын 57 хувь нь хамгийн доод хэмжээг авч байгааг Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тайлбарласан удаатай. Хаа нэгтэй гудамжны үзүүрт тамхи, бохь зарж суугаа эсвэл жин үзэж амьжиргаагаа залгуулж буй хөгшид үүний нотолгоо биз ээ. Хэрэв тэтгэвэр нь амьдралд хүрэлцээтэй байсан бол тэд гудамжинд тамхи бохь зарж суухгүй байлаа.
ГЭРТ СУУХАД ХЭН Ч СҮҮ, ТҮЛЭЭНИЙ МӨНГӨ "ӨГӨХГҮЙ"
Тэдний төлөөлөл болох 80 гарч яваа н.Долгор юм. Тэрбээр сард 800 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ч гар дээрх нь хүрэлцдэггүй. Аяга цай чанах сүүнээс авхуулаад дулаахан хонох түлээний мөнгөө олохоор өвлийн хүйтэн, хаврын хавирга жиндүү өдрүүдийг үл ажран суудаг. Гэхдээ заримдаа өглөөнөөс орой хүртэл суусны эцэст гар хоосон харих үе бий. Гэсэн ч гэртээ зүгээр суухаас илүү гадаа ингээд чихэр, бохь ч болтугай зараад суух нь түүнд сайхан байдгийг ярьж байлаа. Тэрбээр "Хүүхдүүд ажил битгий хий л гэдэг. Гэртээ байхад хэн надад тав, арван төгрөг өгөх вэ дээ. Гадаа нарлаж суухдаа л мөнгөтэй болж байна шүү дээ" гэж байв. Хүмүүс зөрж өнгөрөхдөө хааяа нэг кофе, хатуу чихэр, цаасан салфетка авдаг гэнэ. Түүний адил ахмадууд автобусны буудал бараадан чулуугаар мэргэлж, жин үзэж байгаа нь цөөнгүй таарна.
ГАДААДАД ЗАЛУУ БОЛ МОНГОЛД ХӨГШИН ГЭЖ ГОЛОГДООД АЖИЛ ОЛДДОГГҮЙ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ "Хүний нөөцийн хомсдол үүссэн энэ цаг үед ахмадуудын хувь нэмэр чухал" онцолсон нь анхаарал татаж буй. Түүний тодорхойлсноор ахмадуудын ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, ажлын туршлагатай. Ахмад настны тухай хуульд зааснаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй ахмад настан гэж тодорхойлдог. Харин манайд "хүний тооноос хасагдсан ахмад"-ууд гадаадад бол идэр насныхан. Ид хийж бүтээх үе гэж гадныхан үздэг бол манайд хөгшин гэх ганц үг, үзэмжээрээ голж ажилд авах нь төвөгшөөх албан байгууллага цөөнгүй. Өнөөдөр захын дэлгүүрт бараа өрөгчөөр ахмад настан ажилд оръё гэхэд авахгүй гэж татгалзах нь нийтлэг байна. Уг нь бараа өрөгч, кассын ажилтны орон тоо байгаа мөртлөө ахмад гэж сонссон даруйдаа л хувьсхийж "Хөгшин хүн дэмий биз дээ, удаан хөдөлгөөнтэй" гэх зэргээр хоорондоо гялс шийдэх. Харин ажилд авахгүй шалтгаанаа тайлбарлахдаа "Ахмад хүмүүсийг ажиллуулахад эрүүл мэндийн асуудлууд гардаг. Хэрэв ажилд авах бол заавал суурь эмгэгтэй эсэхийг нь харна" гэх хариултыг дэлгүүрийн менежер эрсхэн хариулахтай ч таарсан юм. Наад захын жишээ нь л энэ. Ахмадууд аз нь болбол танил талаараа дамжуулж ажил олж аль эсвэл ажиллаж байгаа газартаа тэтгэврээ тогтоолгосон ч үргэлжлүүлэн ажиллана. Үгүй бол ёстой л гэрийн мухар сахиж лааз өшиглөхөөс өөр сонголтгүй гэж үү.
АЖИЛ ОЛГОГЧ НАРЫН АНХААРЛЫН ГАДНА ҮЛДСЭН АХМАДУУД АЖИЛЛАХ ХҮЧИЙГ АШИГЛАХ БОЛОМЖ УУ?
Асуудлын цаана... Мэдлэг, туршлага ур чадвар ч нөлөөлж байна. Жишээ нь, Их сургуулиудад ахмад багш нар тэтгэвэр тогтоолгосон ч зөвлөх багшаар ажилладаг дотоод зохицуулалт бий. Тэгвэл мэдлэг туршлагагүй бол яах вэ? Ажил олгогч нарын яриад байгаа "гуйгаад ч олдохгүй ажилтнууд" нь угтаа бол ахмадууд. Харамсалтай нь дээрх шиг ахмадуудад нээлттэй ажлын байр ховор бололтой. Тухайлбал, орцны жижүүр цэвэрлэгч. 60 орчим насны дөрвөн эмэгтэй найз орцны жижүүрээр ажиллаж байгаа найзынхаа өрөөнд буу хална. Нэг нь "Чи ч бас биднийгээ бодвол ажилтай. Тэтгэврийнхээ хажуугаар шал угаагаад мөнгө олж байгаа юм" гэж цаашлуулангаа "Бид нарт ч одоо ажил олдохгүй байх өө, шал угаахыг хүссэн ч ажилд тоож авахгүй хөгшин гэж голоод эсвэл хүүхдүүд ажил битгий хий зүгээр л гэртээ байж бай гэдэг боллоо" гэж зовлонгоо уудлав. Найзуудын ярианаас "ажил олдохгүй" гэх зовлон нийтлэг байлаа. Уг нь ажил хийх, тэтгэврийн мөнгө харалгүй амьдрахыг хүсэвч хясна гэгчийн үлгэр болжээ. Харин ганц ажилтай гэх жижүүр найз нь танилтай учраас л ажилтай болсон тухайгаа ярьж байсан юм. Түүнийг Н.Цэрэндолгор /нэр өөрчлөв/ гэдэг. Тэрбээр "Би ажил хайж зовоогүй ээ. Манай орон сууцны СӨХ-д таньдаг хүн маань энэ ажилд холбож өгсөн юм. Ажилтай байх шиг сайхан зүйл хаана байх вэ" гэсэн юм. Түүний хувьд тэтгэврийн мөнгө 679 мянган төгрөг авдаг ч зээлээ төлдөг тул амьжиргаанд нь хүрэхгүй болохыг ч хэлж байсан юм. Тийм болохоор ажил хийж байгаа нь түүний амьдралд том дэм болохыг онцолсон. Энэ тухай хэлэхдээ "Хүн хөдөлж чадаж байвал ажил хийх хэрэгтэй гэж боддог. Тэтгэвэртээ гараад 10 гаруй жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл би зүгээр сууж үзээгүй " гэсэн юм.
ҮСЧИН, ГОО САЙХАНЧ, НЯРАВ, БАРИЛГЫН ТУСЛАХ ЗЭРЭГ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭХ МЭРГЭЖИЛД АХМАДУУДЫГ СУРГАЖ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАХ ХЭРЭГЦЭЭ ИХ БАЙНА
Монголд мэдлэгтэй чадвартай залуус нь гадагшаа гарч үлдсэн нь ажил хийхгүй эсвэл өндөр цалин шаарддаг болсон тухай сүүлийн жилүүдэд ажил олгогч нарын зүгээс байнга шахам ярих болсон. Ажиллах хүчний хомсдолтой үед залуус "өндөр цалин шаарддаг", "ажиллаж эхлээгүй байж цалингийн хэмжээ асууна", "цалингаа голоод ирдэггүй" эсвэл "өндөр цалин амласан ч ажиллах хүн олдохгүй" тухай ажил олгогч нар ярьдаг нь ч оргүй биш.
Харин төрдөө, үрдээ "гологдоод" буй ахмадуудын хувьд цалин голдоггүйн зэрэгцээ эрхэлж буй ажилдаа үнэнч, нямбай байдаг нь тэдний давуу тал болж залуусыг орлож эхэлсэн байна.
Ялангуяа туслах мэргэжил буюу үсчин, гоо сайхан, барилгын туслах, засал чимэглэл, нярав зэрэг туслан гүйцэтгэх ажлын байранд ахмадуудыг сургаж ажлын байранд зуучлах хэрэгцээ шаардлага их байгааг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Санжсүрэн хэлж байлаа.
Тэрбээр "Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадуудын тоо жил ирэх бүрт нэмэгдэж байна. Ахмад настны тухай хууль шинээр батлагдсантай холбоотой ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжиж байгаа. Жишээ нь, 50-иас дээш ажилтантай байгууллага заавал 1-2 ахмад настан ажиллуулна гэсэн зохицуулалт нэмэгдсэн. Мөн тодорхой мэргэжилгүй, ажлын байр хайж буй ахмадуудыг туслан гүйцэтгэх мэргэжилд ахмадуудыг танхимын сургалтад хамруулж мэргэжлийн үнэмлэх олгож ажлын байранд зуучлах ажлууд зохион байгуулагддаг.
Энэ ажлыг анхан шатны нэгж буюу харьяа аймаг, сум, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага буюу анхан шатны нэгжүүд дээр өдөр тутамдаа хийгдэж байгаа" гэсэн юм. Мөн түүний мэдээлснээр хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ч бас сүүлийн жилүүдэд нэмэгджээ.
Тухайлбал, 2024 онд улсын хэмжээнд 1414 ахмад 8.6 тэрум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ. Тэд нийт 1557 ажлын байрыг бий болгожээ.
Энэ талаар Л.Санжсүрэн мэргэжилтэн хэлэхдээ "Хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхолтой ахмадууд маш их байдаг. Зөвхөн 1414 хүний цаана төсөл хөтөлбөрөө өгсөн маш олон ахмад санхүүгийн дэмжлэг авах хүсэлтэй байдаг. Ахмадуудын хувьд хариуцлагатай зээлдэгч нар байдаг учраас санхүүгийн дэмжлэг олгох төсөл ч амжилттай хэрэгжиж байна" гэсэн юм.
Мөн түүний мэдээлснээр ахмадуудын түр ажлын байранд 1197 ахмад өнгөрсөн онд хамрагдаж 1.2 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Энэ нь тэтгэвэр тогтоолгосон ч мэргэжлийн өндөр ур чадвартай ахмадууд залуу үеийнхэнд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь энэ юм байна. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон түр ажлын байранд хамрагдаж буй ахмадуудын хувьд эмэгтэй нь дунджаар 55-65 орчим насных бол эрэгтэй 60-73 орчим насныхан байдаг. Харин өндөр настай ахмадууд цөөн хувийг эзэлдэг аж.
ТЭТГЭВЭРТ ГАРСАН Ч АЖИЛТАЙ БАЙХ НЬ АХМАДУУД САНХҮҮГИЙН ХУВЬД ХАРААТ БУС, АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОЖ БАЙНА
Мөн л тэтгэвэрт гараад 11 жил болж буй Т.Алтанцэцэг 61 настай. Оюутан хүүгийнхээ хамт хотын нэгэн орон сууцанд амьдардаг. Хэдий тэтгэвэртээ гарсан ч Худалдаа хөгжлийн банканд үйлчлэгчээр ажиллаж буй. Түүний хувьд одоогийн ажлаа үргэлжлүүлэн ажиллаж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр "Би банканд 11 жил ажиллаад 50 настайдаа тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэрт гараад юу хийх вэ, өөр газар ажил олох байхдаа л гэж боддог юм билээ. Харин манай байгууллагаас намайг ажиллах боломжтой бол үргэлжлүүлэн ажиллах санал тавьсан. Ерөнхийдөө ажлаа хийж чадаж л байвал ажилла гэдэг л зарчимтай. Миний хувьд өдрийн долоон цаг ажиллаад хийх ёстой зүйлээ хийсэн байхад илүү ачаалал авч ядрах зүйл байдаггүй" гэсэн юм. Түүний хувьд "ажилтай байх нь өөрөө аз жаргал" гэж тодорхойлсон юм. Энэ тухай хэлэхдээ "Тэтгэвэрт гарсан ч ажлаа хийх нь аз жаргал шүү дээ. Залуустай ажиллана, хөгжилтэй сайхан шүү дээ.Ажил хийж байгаа болохоороо үеийнхнээсээ санхүүгийн хувьд ч илүү давуу л санагддаг. Тэтгэврээс гадна цалингийн орлогоороо амьжиргаагаа хүргэж л байна. Өнөөдөр ахмадууд тэтгэврийн мөнгөөрөө амьдарч чадахгүй шүү дээ. Сард 678 мянган төгрөгөөр амьдарна гэдэг бэрх. Хөдөлмөрийн чадваргүй бол ахмадуудад чанга шүү дээ" гэсэн юм. Түүний хувьд тэтгэвэр 689 мянган төгрөг гар дээр авдаг бол сарын цалин 1.5 сая төгрөг авдаг байна. Зээлтэй ч цалингийн орлогоороо амьдарч байгаа ахмадуудын төлөөлөл ийнхүү ярьж байсан юм.
МОНГОЛ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТ НЭМЭГДЭЖ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ИДЭВХТЭЙ БОЛЖ БАЙГАА УЧРААС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ АХМАДЫН ТОО НЭМЭГДЭНЭ
Монгол Улсад өнгөрсөн онд 388300 ахмад настан хүн амын 10.1 хувийг эзэлж байна. 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь ахмад настан болно гэсэн тооцоолол бий. Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг түвшинг харвал 20.7 хувь нь л ажил, хөдөлмөр эрхэлж байна. Ахмадын холбооны судалгаагаар, нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхөд, 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн 184 мянган ахмад настан бусдын байнгын асрамжид байна гэх дүгнэлт гарсан. Тэгвэл ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг үнэхээр бодитоор дэмжиж байгаа юу, бодлогын хувьд хэрхэн анхаарч буй талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дараах тайлбар мэдээллийг өгсөн билээ.
Энэ талаар тус яамны Хүн амын бүлгүүдийн Хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч Г.Наранбаяр: Аж ахуйн нэгж байгууллагууд сүүлийн жилүүдэд ахмадуудыг ажиллуулах сонирхолтой болсон. 2024 оны долоодугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуульд өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад настан ажил хөдөлмөр эрхлэх нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь өөрийнх сонголт болсон. Энэ нь ажил эрхэлж буй өндөр настнуудад том дэмжлэг болж байна. Өөрөөр хэлбэл, ахмад настныг ажил хөдөлмөр эрхлэхэд ажил олгогч нарт болох ахмадуудад олгож буй төрөөс олгож буй дэмжлэг гэсэн үг. Хоёрт, ажиллах хүчний хомсдолд бид орсон. Тиймээс туршлагатай, нарийн мэргэжлийн ур чадвартай ахмадууд эргээд зөвлөхийн болон үндсэн ажилтнаар ажиллуулах нь хөдөлмөрийн бүтээмжид сайнаар нөлөөлж байгааг ажил олгогч ярьж байгаа юм. Яагаад гэвэл, ахмадууд татлаа түтлээ байхгүй. Ар гэр хүүхэд гэх асуудал байхгүй учраас бүтэн цагаар ажиллах боломжтой. Цаашид ахмад настны хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Ахмадуудын тоо нэмэгдэж, Монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байна. Мөн хүмүүс тэтгэвэрт гарахыг хүсэхгүй болж эхэлж байна. Тэтгэвэрт гарсан ч ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна. Нэг үгээр хэлбэл, хүмүүсийн амьдралын хэв маяг идэвхтэй болж эхэлж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!