УИХ-д суудалтай МАН, ХҮН, АН-ын хамтралаар байгуулагдсан Засгийн газар цаг ирэх тусам мордохын хазгай гээч болж, дотроо ч, гадна талд ч багагүй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулж буй.
Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч төсөв тодотгож, төслүүдээ танахгүй гэж гүрийсэн Засгийн газар Биржийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д яаралтай горимоор хуулийн төсөл оруулж ирж донгодуулсан билээ. Түүний араас Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулах агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийн төслийг оруулж ирсэн нь гал дээр тос нэмж, засагт хамтарсан АН-ынхан бүлэг дээрээ эсрэгцэж эхэлсэн.
Тодруулбал, өчигдөр хуралдсан хоёр намын бүлэг шийдвэрээ гаргахдаа нэгнийгээ анхааралтай ажигласан буюу эхэлж УИХ дахь АН-ын бүлэг агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, төслийг сайжруулахыг Ц.Туваан сайдаар дамжуулж Засгийн газарт анхааруулсан бол мөн Биржийн тухай хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Үүний араас бүтэн долоон цаг хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаан дуусаж, хэлэлцээрийн төсөлд бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг судалж, нарийвчилсан зохицуулалтыг тусгах мөн Гадаад харилцааны яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай гэж үзсэн бол харин Биржийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эргүүлэн татаж сайжруулах чиглэлийг ЗГ-т гаргасан байдаг.
Дээрх үйл явдлаас харвал Засагт хамтарсан Ардчилсан нам бүлэг дээрээ Засгийн газрын бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, УИХ-ын бусад гишүүдэд хэлэлцээрийн төслийг Байнгын хороодоор дэмжихгүй байхыг уриалаад амжсан. Товчхондоо Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг АН-ын бүлэг эсэргүүцэж, шүүмжлэл дагуулсан хэлэлцээрийн төсөл, хуулийн төслүүдийг МАН дангаар бүлэг дээрээ дэмжих боломжгүй болсон нь эндээс харагдаж буй юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!