
Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд нийслэлийн прокурорын газраас "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 5 хүн хүнд, 1 хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ.
Уг хэрэгт "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн юм.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн нь энэ.
Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.