Х.ЦЭВЭЛМАА: Засгийн газар “ЦАЛИН НЭМЭХ ГЭЖ БАЙНА ҮНЭ ӨСГӨӨРЭЙ“ ийм сигнал өгч болохгүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
28 минут 46 секунд

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаатай ярилцлаа.

----------------------

- Аравдугаар сарын байдлаар инфляци 7 хувь хүртэл өслөө. Төгрөгийн эсрэг валют чангарч буй нөхцөлд цаашид инфляц өсөх үү гэх болгоомжлол байна. Мэргэжлийн хүний хувьд та хэрхэн харж байна?

- Инфляци нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харуулдаг. Инфляцийг тодорхойлохдоо 410 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр хэрэглээний сагсыг бүрдүүлж байна. Гэхдээ хэрэглээний сагсанд маш их өөрчлөлт орж байгааг бид нар харах хэрэгтэй. Өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дотор хоол хүнс буюу талх, давс зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлт тийм ч их нөлөөтэй биш. Гол асуудал нь, улирлын шинж чанартай бараа бүтээгдэхүүний үнэ янз бүрээр хэлбэлзэж байна. Жишээ нь, махны үнэ. Их хэмжээгээр бэлтгэх үед үнэ нь буурдаг. Сүүлийн нэг, хоёр сарын хугацаанд махны үнэ харьцангуй бага байна. Мөн хэрэглээнд их өөрчлөлт оруулж буй зүйл нь нефть, нефтийн бүтээгдэхүүнийг импортолж байна. Суудлын автомашины хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр АИ-92 шатахууны хэрэглээ өсөж байгаа нь өрхийн хэрэглээний сагсанд шууд нөлөө үзүүлж байна.

Өрхийн хэрэглээг өөрчилж буй өөр нэг зүйл бол эм, эмийн бүтээгдэхүүн байгаа юм. Сүүлийн жилүүдэд эм, эмийн бүтээгдэхүүний үнэ нь асар их өссөн. Үүний өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг тогтоохгүй байгаа нь асуудал юм л даа.

Инфляци нь дээр өгүүлсэн 410 гаруй бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг харуулж байгаа тодорхой нэг бараа, тухайлбал, эмийн үнийн нөлөө бага тусаж байгаа тул инфляци буурч байгаа мэт харагдаж байж болно. Эндээс хэрэглээний өөрчлөлтийг нь авч үзвэл хэрэглээний сагсанд ордоггүй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт их байгаа юм биш биз гэдэг нь анхаарал татна.

ИНТЕРНЕТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, КОФЕ, ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ ЭНЭ БҮХ ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГЛЭЭНИЙ САГСАНД БАГТАХГҮЙ БАЙНА

- Өнөөдөр 410 нэр төрлийн бараанаас гадна хүмүүсийн хэрэглээнд асар их өөрчлөлт оржээ?

- Бодоод үз л дээ. Сүүлийн үед электрон барааны хэрэглээ асар их нэмэгдлээ. Компьютер, утас, таблет, интернетээр ном уншдаг төхөөрөмж, чихэвч гээд урд өмнө хэрэглээ багатай байсан барааны эрэлт хэрэгцээ ихэссэн. Энэ бүтээгдэхүүн хэрэглээний сагсанд орох уу гэдгийг судалж үзвэл ялгаатай дүр зураг харагдана. Мөн сүүлийн үед хүмүүс аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гадаадад ч, мөн дотоодод ч ялгаагүй их хэрэглэх боллоо. Ийм бараа, үйлчилгээ хэрэглээний сагсанд орвол асар их хэлбэлзүүлэх учраас үүнийг авч үзэхгүй ерөнхий хэрэглээний түвшинг илэрхийлэх үзүүлэлтийг л авч үзээд байна. Инфляцид нөлөөлж буй асуудалд:

  • Нэгдүгээрт, шинээр хэрэглээнд нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хэрэглээний өөрчлөлт.
  • Хоёрдугаарт, Технологи. Бид инновацийн туршилтыг янз бүрээр хийж, технологийг янз бүрийн салбарт хөгжүүлэх гэж оролдож байна. Ийм шинэ бараа бүтээгдэхүүн тэр бүр хэрэглээний сагсанд орохгүй.
  • Гуравдугаарт, шинээр хэрэглэж эхэлж буй бараа бүтээгдэхүүнүүд байна. Жишээ нь, өнөөдөр хүмүүсийн хүнсний хэрэглээнд гурил, мах, жимс, ногоо, сүү сүүн бүтээгдээхүүн зэрэг тав, зургаан бүтээгдэхүүн бол өдөр тутмын хэрэглээнд байдаг л зүйл. Гэтэл сүүлийн үед эрүүл байхад анхаарч хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагад илүү анхаарч, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэх болсон. Энэ нэмэлтээр хэрэглэж буй бүтээгдэхүүн нь цахим худалдаа, худалдааны цахим сүлжээ, импортоор ихэнхдээ ирж байна. Шууд худалдаа болон хувь хүмүүс ч өөрсдөө оруулж худалдаалж байдаг. Энэ өөрчлөлтийг инфляци хэрхэн тусгах вэ гэдэг асуулт гарна.
  • Дөрөвдүгээрт, Хүмүүсийн хэрэглээнд шинэ шинэ өөрчлөлт гарсан. Үүний нэг жишээ нь, залуус өдөр тутамдаа кофе их хэрэглэж байна. Хэрэглээнд орсон шинэ өөрчлөлт тэр бүр шууд хэрэглээний үнийн сагсанд орохгүй учраас үнийн өөрчлөлтийг тооцоход хүндрэлтэй байдаг.

ОРЛОГЫН ДАВХАРГААР ХЭРЭГЛЭЭ ӨӨРЧЛӨГДСӨН. ҮҮНИЙГ БИД СУДЛАХГҮЙ БАЙНА

- Таны ярианаас дүгнэхэд бид хэрэглээний сагсанд өөрчлөлт хийх цаг болсон бололтой. Гэтэл өнөөдөр улсын инфляци 7 хувьтай байхад магадгүй хэрэглээний үнийн сагсанд ороогүй бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, үнийн өсөлтийг тооцвол 10 хувь давах нь ээ?

- Сүүлийн үед орлогоос хамаарч хэрэглээ өөрчлөгдөж байна. Монгол Улсын хувьд орлогын бүлгийн хэрэглээг анхаарах хэрэгтэй байгаа юм. Магадгүй орлогын бүлгийг тав хувааж, үүнд тохирсон хэрэглээний үнийн индексийг тооцохоор сагс бүрдүүлбэл өөр, өөр үзүүлэлт гарна. Өнөөдөр нийт улсын хэмжээнд ерөнхий инфляцийг харуулж байна. Тиймээс орлогын олон бүлгээр ангилбал хэрэглээний сагсны өөрчлөлтийг их зөв илэрхийлэх болов уу.

Магадгүй зарим өндөр хөгжсөн улс оронд орлогын 10 бүлэгт ангилж хэрэглээний үнийн сагсыг тодорхойлдог. Бид ядахдаа 5 бүлэгт хувааж хэрэглээний үнийн сагсыг тодорхойлж үзмээр байна.

Сүүлийн жилүүдэд анзаарч байхад, орлогын тэгш бус байдал асар их нэмэгдэж байна. Хэрэглээ зарим орлогын бүлэгт эрс өсөж байна. Зарим хэсэгт сайн нэмэгдэж чадахгүй байна. Гэтэл өсөж буй бүтээгдэхүүний дийлэнх нь арилжааны үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцанд ажиглагдаж байна.

Тансаг орон сууцны эрэлт буурахгүй, стандарт орон сууц борлогдохгүй байна. Энэ хоёрын зөрүү нь орлогоор хэмжигдэж байна. Бид хичнээн ипотекийн зээлийг хөгжүүлж байгаа ч ийм ялгаатай харагдаж байна гэсэн үг.

Жишээ нь, хүмүүст зээлийн нөхцөлөөр аялах боломжийг олгож байна. Гэхдээ иргэд зээлээр аялж байна уу, эсвэл орлогоо хадгалж аялж байна уу гэдгийг ялгах боломжгүй байгаа юм. Магадгүй иргэдийн аль бүлэг, давхаргынх илүү их зээлээр аялж байна вэ гэх асуулт гарч болно. Өнөөдөр суудлын автомашины хэрэглээ импортыг асар их нэмэгдүүлж байна. Энэ мэтчилэн хэрэглээнд асар их өөрчлөлт гарсан. Нэг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж дадаагүй байхад дараагийн бүтээгдэхүүн хэрэглээнд ордог. Гэтэл үүнтэй зэрэгцээд дахиад л шинэ бүтээгдэхүүн худалдаанд гардаг.

Орлогын давхаргаар хэрэглээ их өөрчлөлтэй байгаа. Үүнийг бид сайн судлахгүй байна. Хүмүүсийн хувьд хүлээлтийг нь судалж байна. Хэрэглээний язгуур өөрчлөлтийг нь их бага судалж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН СТРАТЕГИ СУЛ, ЖИЖИГ АСУУДАЛД Л ИХ ТӨВЛӨРДӨГ БОЛЖЭЭ

- Эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

- Маш их нөлөөтэй. Жишээ нь, интернет худалдаагаар хүмүүсийн ихэнх нь хэрэглээгээ хангаж байна шүү дээ. Гэтэл хамгийн гол асуудал нь эрхзүйн орчин сул байвал хянах процесс суларна. Улмаар хүмүүс өөрсдийн зарлагад тавих хяналт тавих нь багасгаж магадгүй.

Зөвхөн зарлага тал дээрээ л илүү анхаарч хэрэглээгээ нэмэгдүүлэх хандлага элбэг байна. Үнэн хэрэгтээ, зарлага талаа хянахгүй болж байгаа юм. Гэтэл орлого ч бай, зарлага ч бай аль аль талаа хянах хэрэгтэй. Хувь хүн, аж ахуйн нэгж, улс ч хянах хэрэгтэй.

Засгийн газар ч ялгаагүй асар их хэмжээний худалдан авалт хийж байгаа шүү дээ. Энэ худалдан авалт нь зөвхөн нийгмийн, нийтийн үйлчилгээний бараа байвал хувийн хэвшлийг дэмжих орон зай багасна. Төсөөлөөд үзвэл, нийгэм-эдийн засагт явагдаж буй процесс бүгд л хоорондоо холбоотой байдаг. Энэ холбоотой байгаа сэжмийг нь бид өнөөдөр харах хэрэгтэй юм. Зөвхөн мах, шатахуун биш. Салбарууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байна уу гэдгийг харах нь чухал.

Ерөнхийдөө эдийн засгийн стратеги их сул байна. Монгол Улс өөрөө ямар хөгжлийн байр суурьтай байх юм, олон улсад ямар байр суурьтай байх юм? Энэ талаасаа харахгүйгээр өнөөдөр өөрийнхөө хэрэглэж буй бараа үйлчилгээний үнэ өсөөд байна, мөнгө нь надад хүрэлцэхгүй байна гэдэг талаас хараад байгаагаас бид “жижиг асуудалд” их төвлөрдөг болжээ.

Гэтэл манай улс үйлчилгээний орон байлаа гэхэд үйлчилгээний үйлдвэрлэлийг хөгжүүлж болно. Хэрэглээний улс болоод бараагаа үйлдвэрлэж чадаагүй юм бол үйлчилгээний орон болохдоо үйлдвэрлэлийг нь хөгжүүлмээр байгаа юм. Энэ талын асуудлыг өнөөдөр их бага хөндөж байна. Энэ нь эргээд бидэнд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгаа төрөлжүүлж, ялгаатай бүтээгдэхүүнийг хөгжүүлэхгүйгээр цөөн хэдэн бараа бүтээгдэхүүн дээр хүн амынхаа дийлэнх хувийг төвлөрүүлчихээд байгаа нь өөрөө үндсэндээ муу бодлого болж таарч байна.

-Эдийн засгийн мөчлөгийг дагаж төсвийн орлогыг өндөр төсөөлдөг жишиг аль ч Засгийн газар, УИХ-д байсан. Гэтэл зарлагаа тооцож чадаж байна уу. Ирэх жил төсвийн урсгал зарлага гэхэд л 3.5 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. 2025 онд улсын төсөв 40 их наяд төгрөг шүргэж данхайлаа. Жил бүр л төсвийн том тоонууд яригддаг, иргэддээ наалдаж байна уу?

-Засгийн газрын үйл ажиллагааны хяналт хаана байна вэ гэдэг асуулт гарч байгаа юм. Урсгал зардлыг яагаад нэмж байгааг бод доо. Энэ нь нийгмийн хөгжилд тийм ч нөлөөтэй биш болоод байна. Жишээ нь, хүүхдүүдийг ваучераар үзвэр үйлчилгээ үзүүлье. Энэ нь үзвэр үйлилгээний байгууллагын орлогыг нэмэх юм уу, эсвэл эцэг эхийн өмнөөс үзвэр үйлчилгээний зардалд татаас үзүүлээд байгаа юм уу.

Яагаад хүүхдүүдийн өмнөөс сонголт хийгээд байгаа билээ? Энэ сонголт нийгэмд тийм нөлөөтэй биш. Энэ мэт Засгийн газар “олонд нийцэхгүй мэргэн ухаан” гаргаж байгаа юм биш үү.

Яамны зүгээс сайхан санаа байж болох ч хүмүүсийн хүлээж буй зүйл мөн болов уу. Үндсэндээ гаргаж буй санаачилга ба хүүхдүүдийн хүлээлт хоёр зөрж байна. Үүнээс болж эдийн засгийг зөв удирдаж чадаж байна уу гэж асууя даа.

ТӨВ БАНКНААС ГАДНА ББСБ-УУД МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ ГҮЙЛГЭЭНД ХҮЧТЭЙ БАЙР СУУРЬТАЙ ОРОЛЦОЖ БАЙГАА НЬ ИНФЛЯЦИЙГ ХӨӨРӨГДӨЖ БАЙНА

-Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагаас ирэх онд инфляци дунджаар 7.3 хувьтай байхаар төсөөлж байна. Эсрэгээрээ Монголбанк 5 хувьтай байхаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах” үндсэн чиглэлд тусгаад байна. Эдийн засагчийн хувьд та ямар байр суурьтай байна?

-Олон улсын байгууллагууд дэлхийн ерөнхий чиг хандлагыг харж ерөнхий таамаглалыг гаргаж байгаа. Харин Монголбанкны таамаглалд би итгэлтэй байна.

Гэхдээ Төв банк мөнгөний нийлүүлэлт болон инфляцийг зэрэг хянах боломж зах зээлд бүрдэж чадах уу гэдэгт л асуудал бий. Яагаад гэвэл, төв банкнаас гадна банк бус санхүүгийн байгууллагууд мөнгөтэй холбоотой гүйлгээнд асар хүчтэй байр суурьтай оролцож байна шүү дээ.

Энэ нь инфляцийг тодорхой хэмжээгээр хөөрөгдөж байгаа бус уу. Цаашид инфляци 4 хувьтай байх уу, 6 хувьд байх уу гэдэг нь аж үйлдвэржилтийн сэргэлт, барааны ч байна уу үйлчилгээний ч байна уу үйлдвэрлэлийн өсөлтөөс хамаарах болно.

Ерөнхийдөө аж ахуйн нэгж компаниуд өсөлтийн шугам руу орлоо. Үүнийг дагаад үнийн халалт эхэлбэл эдийн засаг халах болно. Тиймээс инфляцийг бага байлгах арга хэмжээг авах талд зогсож байна л даа. Хөгжлийн талаас нь харвал бид үргэлж дээрээс доошоо буюу төрөөс доош буусан чиглэлд хөгжиж ирсэн. Харин өнөөдөр хувийн хэвшлийнхэн доороос дээш чиглэлтэй хөгжих гэж байна.

Одоогийн хөгжлийн хандлагыг харвал Монгол Улс зах зээлийн либерал тогтолцоог хөгжүүлмээр байвал хувийн хэвшил цөм нь байх ёстой.

Засгийн газар, яамд, агентлаг, эрдэм шинжилгээ, санхүүгийн байгууллага болон салбарын холбоод бүгд хувийн хэвшлийг бойжуулж өсгөх чиглэл рүү хөдөлмөөр байна. Гэвч үүнд бид шууд биш үргэлж тойруу замаар очиж байна.

- Хувийн хэвшлийг цөм болгож дэмжих сонирхол байна уу?

-Эргэлзээтэй. Шууд очихгүй, үргэлж тойрч байна. Дэлхий хөгжилтэй орнууд супер инновацийн кластеруудыг хөгжүүлж, хөгжлийн дараагийн шатны шилжилтийг хийгээд эхэлчихсэн. Харин бид өнөөдөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд л салбарыг хөгжлийн ахиц дэвшил, үр дүнг харуулахгүй “хуучин, хэвшчихсэн” аргаараа л яваад байна. Энэ хуучин арга нь одоогийн өөрчлөгдөж буй орчинд зохицохгүй. Иймээс л асуудал үүсээд байна.

ЗАСГИЙН ГАЗАР "ЦАЛИН ӨСГӨХ ГЭЖ БАЙНА ҮНЭ ӨСГӨӨРЭЙ" ИЙМ СИГНАЛ ӨГЧ БОЛОХГҮЙ

- Инфляцийн тухай яриандаа эргэн ороход, төрөөс төсвийн зарлагыг тэлэх байдлаар цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэх боллоо. Энэ нь иргэдээ дэмжих биш эсрэгээрээ импортыг өдөөж инфляцийн дарамт нь татвар төлөгчдийн нуруун дээр л ирэх бололтой. Ер нь цалин нэмэх сургаар л үнэ өсдөг бичигдээгүй хууль манайд бий. Та ямар байр суурьтай байна?

- Засгийн газар “цалин нэмлээ” гэж яримааргүй байна. Зах зээлийн тогтолцоотой аль ч улс орны төрийн байгууллагуудыг харахад “цалин өслөө” гэж зарладаггүй. Бид өнөөх л хоцрогдсон сэтгэлгээгээрээ явж байна. Засгийн газар өрхийн орлого өссөнийг хувиар нь хэлэх хэрэгтэй. Өрхийн орлого гэж яривал цалингаас бусад орлого болж таарна. Үндэсний тооцооны системд хөтлөгддөг дансуудыг гүйцэд хөтөлж, хувийн орлого болон зарцуулагдах орлого гэсэн үзүүлэлтийг ЗГ мэдээлдэг баймаар байна. Зах зээлийн тогтолцооны үндсэн ойлголтыг иргэд, олон нийтэд хүргэх ажлаа л хиймээр байна.

-Төрөөс инфляцитай уялдуулж цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэдэг. Энэ нь магадгүй төр төвбанкны бодлогын эсрэг шийдвэр гаргаж байгаа харагдаж байна?

- Засгийн газар өөрсдөө сигнал өгөөд байна шүү дээ. “Цалин өсгөх гэж байна, үнээ өсгөөрэй” ийм л сигнал өгч байна. ЗГ цалин өслөө биш өрхийн орлогын өсөлтийн хувийг л зарламаар байна. Энэ нь бизнесийнхэн орлогоо өсгөх ёстой гэж бодохоос биш цалингийн өсөлтийн сургаар барааны үнийг нэмэгдүүлье гэх сигналыг зарчмын хувьд ЗГ өгч болохгүй. Жишээ дурдвал, өнөөдөр инфляци 5 хувьтай байхад миний цалинг 5 хувиар нэмэгдүүллээ. Гэтэл зарим хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20, 30 хувиар өссөн бол яах вэ? Энэ тохиолдолд цалингийн 5 хувийн өсөлт худалдан авах чадварт нөлөөлөхгүй шүү дээ. Зөвхөн инфляцийн хэмжээгээр цалинг өсгөнө гэдэг нь нөгөө талаас, хэрэглээний зардлын өсөлт ямар байгааг шууд илэрхийлэхгүй. Өнөөдөр орлогын өсөлт ба зарлагын өсөлт хоёрын зөрүү ямар байгааг талаар хүмүүст мэдээлэл хүргэх нь тэдний сонголт, шийдвэр гаргалтанд тустай.

-Ялангуяа 2024 оны сонгууль угтсан төсвийн тэлэлт, өнөөдөр эдийн засагт хэр дарамт болж байна. Төрөөс цалинг хоёр удаа нэмэгдүүлнэ гэж байсхийгээд л мэдэгдсэн. Энэ сигнал өөрөө үнийн өсөлт, инфляцийн дарамтаар иргэдэд ямар нөлөө үзүүлсэн бол?

-Засгийн газрын зарлаж буй сигнал нь өрхөөс илүү бизнест их дарамт болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, цалинг өсгөж байгаа нь тэр бараа бүтээгдэхүүнийг хангаж нийлүүлдэг хувийн хэвшлийн зардал өсөх дам шалтгаан болно.

Зардал өсөхөөр бодит цалингийн өсөлт харагдахгүй. Худалдан авах чадварын дээшлэлт гэдэг нь бид хэдий чинээ бага үнээр их зүйл худалдаж авна, тэр хэмжээгээр худалдан авах чадвар хурдтай дээшилнэ. Орлого өссөн ч өндөр үнэтэй зүйл худалдаж аваад байвал худалдан авах чадварын хувьд өөр эрэлт үүснэ. Гол асуудал үнэ буурснаар өрхүүдэд хэрэглэж байсныгаа орлуулж өөр бараа хэрэглэх, үнэ буурсны улмаас орлогын хэмнэлт гарч, шинэ бараа авах буюу худалдан авах чадварт эерэг нөлөө гарна.

Үйлдвэрлэгчид энэ тал руу харах гэхээр л сигналыг нь дандаа “зардлаа өсгө” гэдэг рүү хандуулаад байна. Үйлдвэрлэл эрхэлж ашиг олж чадахгүй болохоор хувийн хэвшлийнхэн гол төлөв импортын худалдаа хийж байна.

Ийм байдлаар л өөрсдийнхөө нөхцөл байдлыг муутгахгүйгээр хэрэглэгчдийн сайн сайхан байдлыг хангахыг зорьж байгаа. Эргээд тэр бизнес 10, 20 жилийн дараа хаана хүрэх нь тодорхойгүй.

ДУНДАЖ ДАВХАРГА ХҮЧТЭЙ БОЛ ИНФЛЯЦИД ӨРТӨХ ЭРСДЭЛ БАГА. ӨНӨӨДӨР ИНФЛЯЦИД БАГА ОРЛОГОТОЙ ДАВХАРГА ХАМГИЙН ИХ ӨРТӨЖ БАЙНА

-Гэхдээ цалин тэтгэврийг нэмэгдүүлсний үр дүнд өрхийн орлого өсөж, хэрэглээний импорт 28 хувиар нэмэгдсэн нь инфляцийг эрчимжүүлж байна гэх тайлбарыг төрийн байгууллагууд өгөх боллоо. Угтаа бол төр өөрөө инфляцийг хөөрөгдүүлж буй гол хөшүүрэг нь болж байна уу гэж харагдаж байна. Гэтэл энэ дарамт нь иргэдийн нуруун дээр ирж байх шиг?

- Инфляцитай холбож ярихад хүн амын дундаж орлоготой давхарга хүчтэй бол инфляцид өртөх эрсдэл харьцангуй бага байна. Өнөөдөр инфляцид бага орлоготой давхарга л хамгийн их өртөж байна. Тиймээс нийгмийн сайн сайхан байдлыг хангахын тулд Засгийн газар өнөөдөр өөрийнхөө үйл ажиллагааны үр ашигт өөрөө хяналт тавимаар байна. Мөн хөндлөнгийн хяналт чухал. Зөвхөн аудитын үндсэн дээр шийдвэр гаргаж байгаа гэх өрөөсгөл тайлбартай явмааргүй байна. Зүйрлэвэл, айл өрх хэрэглээгээ хянаад орлого, зарлага тэнцүүлдэг шүү дээ. Орлогоос зарлага давах тохиолдолд хэрэглээг танах шийдвэр гаргадаг. Гэтэл Засгийн газарт орлогын харьцангуй олон сурвалж байгаа. Эх сурвалж нь олон мөртлөө бүртгэлээрээ бүрэн хянаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Шулуухан хэлэхэд Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн стратеги тодорхойгүй гэж харагдахаар байна. Стратеги байхгүй болохоор ар араасаа гарч буй олон бодлого шийдэгдэхгүй байна. Нэг бодлогыг нь шийдэж байтал дахиад л нэг асуудал гарч ирнэ. Олон бодлогыг зангиддаг эдийн засгийн стратеги хэрэгтэй байгаа юм. Дутагдаж байгааг харуулбал, бид үргэлж жижиг асуудлыг ярьдаг болж. Инфляци миний амьдралд нөлөөлж байна уу, ажилгүйдэл миний амьдралд нөлөөлж байна уу, нийгмийн даатгал төлөхгүй байгаа нь миний амьдралд нөлөөлж байна уу, эрүүл мэндийн даатгалаас эм авах нь амьдралд нөлөөлж байна уу зэрэг амьдралын өдөр тутмын жижиг сажиг асуудлыг л хүмүүс илүүтэй хардаг болсон. Гэтэл тухайн хүний аж амьдралын хувьд 20, 30 жилийн дараа хүрэх төлөвлөгөө, аж ахуйн нэгж мөн адил урт хугацааны стратеги, төлөвлөлтөө бодмоор байгаа юм.

- Угтаа бол бодлогын олон баримт бичгийг нэгтгэж Засгийн газар “Алсын хараа 2050” хөтөлбөрийг боловсруулсан шүү дээ. Үүн дээр таны ярьж буй бодлогуудыг зангидаагүй гэж үү. Бас хаана хүрэхээ тусгаагүй бэлгэдлийн шинж тэмдэг төдий байна гэсэн үг юм уу?

-“Алсын хараа-2050” 6 асуудалд төвлөрч байгаа нь чиглэл гэсэн үг. Үнэн хэрэгтээ чиглэл зааж байгаа болохоос биш тэнд хүрнэ гэсэн гүйцэтгэл, үр дүн биш. Чиглэлийг нь заасан ч зорин очих газар нь тодорхой болох хэрэгтэй. Чиглэл буруу биш л дээ. Ерөнхий 6 чиглэлийн дараагийн алхам буюу гүйцэтгэл нь юу байх вэ гэдэг нь тодорхойгүй. 6 чиглэл тус бүрдээ өөр цэгт очих юм уу, эсвэл нэгдэж нэг цэг дээр очих юм уу гэдэг нь асуудал.

МЕГА ТӨСЛҮҮДИЙН ЗАРДАЛ, ҮР АШИГ ЯРИГДАХГҮЙ ДАНДАА "ХИЙНЭ, ХЭРЭГЖҮҮЛНЭ" ГЭЖ БАЙГАА НЬ ТӨРИЙН БОДЛОГЫН АЛДАА!

-Эрх баригчдын зүгээс мега төслүүдийг хөдөлгөж дэд бүтцээ хөгжүүлбэл улс хөгжинө, иргэд сайхан амьдарна гэх ойлголтыг л өгөөд байна. Нөгөө талаас, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан шиг 14 мега төсөл нь импортыг нэмэгдүүлэх замаар инфляцийг хөөрөгдүүлж магадгүй байх. Бид төгрөгөө валют болгож л гаргана. Мэргэжлийн хүний хувьд та энэ эрсдэлийг хэрхэн харж байна вэ?

-Эрсдэл үнэхээр байна. Төрийн менежментийн эрсдэл гэдгийг их нарийн үнэлдэг байх хэрэгтэй. Судлаачийн зүгээс харахад, Засгийн газрын үйл ажиллагааны мониторинг болон УИХ-аас баталж гаргасан хуулиудын мониторингийн талаар одоо хүртэл мэдээлэл хомсхон байдаг.

Энэ мониторинг хэр хийгдсэн, хийгдэж байгаа, хэрхэн хийгдэх вэ гэх асуулт гарна. Ийм үед 14 мега төслийг хөдөлгөе. Болно. Энэ төслөөр хаана хүрэх, эхлэл нь эргэлзээтэй байгаа болохоор гүйцэтгэл нь анхнаасаа тодорхойгүй байгаа нь өөрөө асуудал. Эндээс юу гэж хэлэх вэ гэхээр: “төсөл хэрэгжихээр нэг хүнд ногдох ДНБ өснө”; “Амьжиргааны түвшин өснө” л гэх байх даа. Магадгүй мега төслүүдийн тодорхой хувь эзэмшигч нь эхнээсээ ард иргэд байж, хувьцааны ашиг нь тодорхой хугацаанаас эхлэн хуваарилагдахаар бол өрхийн амьжиргааны түвшинд дэмжлэг болно.

Мега төслүүдийн зардал, үр ашиг, хэрэгжих хугацаа, хүлээгдэж буй үр дүн яригдахгүй байгаа учраас өнөөдөр дандаа хийнэ, хэрэгжүүлнэ гэж яваад байгаа нь өөрөө төрийн бодлогын алдаа.

Харин үүний оронд аж ахуй нэгж байгууллага, ард иргэддээ “хийсэн, ийм алдаа байлаа; онолоо, бидний амжилт хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд нөлөөлсөн” гэж ярьдаг бол энэ нь зөв. Үүнийг хяналт нь хэлж өгөх ёстой. Гэтэл энэ хяналт нь байхгүй учраас л хүмүүс ийм их бухимдалд хүрч байгаа юм. Хүмүүсийн бухимдал, аж ахуйн нэгж байгууллагын бухимдлыг бид зөв харах хэрэгтэй. Тиймээс өмнөх алдаагаа давтахгүйгээр одоогийн мега төслүүдээ зөв уялдуулж удирдах хийгээд гүйцэтгэлээ хянан ажиллах чиг үүрэг нь Засгийн газарт байгаа.

-Мега төслүүдийг хөдөлгөх нь буруу гэж үү?

-Мега төслүүдийг хөдөлгөх нь буруу биш. Мега төслүүдэд өөрийнх нь техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник эдийн засгийн үндэслэл тооцоо дутуу дулимаг, эсвэл байхгүй төслүүдийг хэрэгжүүлэх гээд байгаа бол асуудал ноцтой, яагаад гэвэл, ямар ч төслийг хэрэгжүүлэх үед нийт хэдий хэмжээний зардал, үр ашигтай байхыг мэдээлэх нь зөв болов уу.

Үр ашиггүй, хэт их зардалтай бөгөөд эрсдэлтэй төслүүдийг хэрэгжүүлдэггүй баймаар байна. Тухайлбал, төсөвт урсгал зардал гэж зөвлөх үйлчилгээ авна, ТЭЗУС, ТЭЗҮ боловсруулна гэж бодит үр дүн багатай үйл ажиллагааг тусгадаг. Энэ нь үр ашиггүй. Энэ талаас нь харвал Засгийн газар данхайж томроод байгаа юм шиг харагдаж болно.

Энэ утгаараа Монгол Улс өнөөдөр хэрэглээний улсаас үйлчилгээний улс болж, Засгийн газар өөрөө үйлчилгээний салбаараа тэлээд байгаа юм биш үү. Ашиглалтын зардал болоод өнгөрөх ийм их хэмжээний үйлчилгээнээс болоод хувийн хэвшлийн алдагдсан боломж л ихсэх болно.

Үр дүнд хөгжил удааширна. Тиймээс мега төслүүдийн үр ашиг, хүрэх дүнгийн талаарх мэдээллээ иргэддээ ойлгомжтой, ил тод хүргэх нь зөв болов уу.

Сэлэнгэ аймагт цас орж  зам тээврийн дөрвөн осол гарчээ
Сэлэнгэ аймагт цас орж зам тээврийн дөрвөн осол гарчээ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!