Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас 74 жилийн /1950-2024/ дараа нэрт найрагч Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ” найрагт мөнхөрсөн үлэг гүрвэлийн мөрийг судлаачид баталжээ. Тодруулбал: 1990-ээд оны дунд үе хүртэл үлэг гүрвэлийн чулуужсан мөртэй нэг л газрын мэдээлэл байдаг. Энэ нь Улаанбаатараас баруун зүг 250 орчим км-т Сайжрах уулын бэл дэх доод Цэрдийн элсжингийн үеэс 14 ширхэг гурван сарвуут болон 20-иод зууван дугуй хэлбэртэй үлэг гүрвэлийн мөрний илэрцийг олсон тухайгаа “Природа” сэтгүүлд О. Намнандорж (1957) хэвлүүлсэн гэсэн бүдэг мэдээ байсан.
Энэ талаар ШУА-ын Палеонтологийн хүрээлэнгийн Палеозологийн салбарын эрхлэгч Үлэг гүрвэлийн мөр судлаач Б.Майнбаяр хэлэхдээ
Бид энэ жилийн хээрийн судалгааны ажлыг Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт 7 хоног явуулсан бөгөөд судалгааны үр дүнд 37 ширхэг үлэг гүрвэлийн мөрийг шинээр олж хэмжээ дардасыг цуглуулж ирэв. Цаашид тус үргэлжлүүлэн нарийвчилсан судалгаа хийхийг зорилго болгон ажиллана. Мөр олдсон хурдаст эртний нуурийн үүсэл гаралтай байж болох буюу цэнгэг уссанд амьдардаг дун хясаа, зэрэг микро амьтдын үлдвэр дардас хамт олдсон.
Бид хээрийн судалгааны ажлын үеэр 2X3 харьцаатай талбайд илрүүлэлт, малтлага хийж 20 орчим см зузаан хурдас хуулахад 3 өөр төрлийн үлэг гүрвэлийн мөр олдсон. Яах аргагүй О.Намнандорж гуайн тухайн үед бичиж байсан 3 сарвуутай мөр бөгөөд одоогийн зааны мөртэй ижил мөр гэж тодорхойлсныг нотолсон.
Одоогоор ямар амьтны мөр вэ гэдгийг нь тогтоож амжаагүй ч цаашдын судалгаагаар тодорхой болно. Үр дүнг нь олон улсад танилцуулна. Энэ бол үлэг гүрвэлийн мөрийг Монгол орноос Монгол хүн анх удаа олсныг баталж байгаа юм” гэлээ. Түүний хэлснээр мөр олдсон газар үлэг гүрвэлийн яс олдох ч магадлалтай юм байна.
Мөрний тухайд ойролцоогоор 50-55 см хэмжээтэй бөгөөд 3 хуруут болон зуйван дугуй хэлбэртэй өөр өөр төрлийн үлэг гүрвэлийн мөрний нэг нь бидний мэдэх завроподынх байж болзошгүй юм. Дашрамд дурдахад, энэхүү олдсон гурван мөр нь ойролцоогоор 150 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийнх байх магадлалтай гэнэ.