Шатахуун бага зарцуулдаг тоёота приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын замаар "урсаж" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой. Гэтэл, Засгийн газар ард түмний хөл залгуулдаг, зарим талаар амьжиргааны эх үүсвэр болсон унаа болох приус унах эрхийг нь "хориглох" нь гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөж эхэллээ. Учир нь хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан.
Уг тогтоолын дагуу өнөөдрөөс /2024.11.08/ эхлэн импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган автомашин бий. Үүний 70 гаруй хувь нь приус. Тэгвэл ийм хэмжээний машин Монголын зах зээлээс шахагдана гэсэн үг. Тиймээс энэ талаар сурвалжлахаар “Да хүрээ” захыг өглөө эрт зорилоо. Тус захын нэг цэгийн үйлчилгээний төвөөр орвол харьцангуй хүн багатай байв.
Өчигдөр хотын дугаар зарах сүүлийн өдөр байсан учраас иргэд ихээр дугаарлаж, зарим нь бүр хоорондоо зодолдож хана хүртэл цөмөлжээ. 13:00 цагийн үед гэхэд 100 гаруй хүн байсан гэдгийг ажилтан нь хуучлав.
Улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцахаар болсон. Тус алба нь удахгүй "Да хүрээ” захын нэг цэгийн үйлчилгээний төвд ирэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
Тус захын зогсоолын талбайд автомашинууд төрөл төрлөөрөө ярайна. Өглөө эрт болоод ч тэрүү нам жим байх. Удалгүй 11:00 цагтай уралдан тус зах “амь орж” эхлэх нь тэр. Ганц хоёр ченжүүд машин дээр тогтсон тоос, шороогоо унагангаа, машинаа халаана. Харин зарим нь тамхилах зуураа “буу халцгаана”. Тэдний ярианы сэдэв нь ерөөсөө л дугаар олголтын асуудал байх аж. Тухайлбал, "Тяньжинаас ирэх 20 автомашины тал нь он "хөгшин" приус. Нийслэлээс тавьсан "Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх" гэх шаардлагыг яагаад ч хангахгүй. Одоо энд зарахаар хүлээгдэж байгаа машинуудын ихэнх нь он хөгшин. Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь болж байна. Одоо хөдөөний иргэдийг аваасай л гэж залбирахаас" гэж ярилцацгаах аж.
Ченжүүдийн хувьд уг шийдвэрийг эсэргүүцээгүй гагцхүү хугацааг нь тулгасанд бухимдалтай байгаа юм.
Дээрх яриаг эхлүүлсэн бүдүүн баараг эрийг С.Өлзийсайхан гэдэг. Тэрбээр “Да Хүрээ” захад автомашины худалдаа эрхлээд таван жил болж байна. Түүний хувьд өнөөдрөөс эхлэн импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй гэх НИТХ-ын шийдвэрийг хувь хүний өмчтэй байх, бизнес эрхлэх эрхэнд халдсан, хөрөнгө чинээгээр нь ялгаварласан шийдвэр гэж үзэж буйгаа онцолсон юм.
Тяньжин дээр гацсан машинуудын ихэнх нь он "хөгшин" приусууд. Үүнийг бид зарах ямар ч боломжгүй болчихлоо
Тэрбээр " Уг шийдвэр гэнэтхэн аравдугаар сарын 23-нд гарсан. Гэвч Тяньжин дээр 5-6 сар гацсан олон машин дунд НИТХ-ын журамд нийцэхгүй 10-аас дээш жилийн насжилттай приус 20,30,41-үүд бий. Энэ шийдвэр гарснаар зарж борлуулах ямар ч боломжгүй болчихлоо. Гааль дээрээс тээвэр, татвар зэргийг төлөөд авлаа гэхэд худалдан авалт байхгүй учраас бид санхүүгийн хүнд байдалд орох нь. Дээрх журамд "Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх" гэж заасан.
Энэ шаардлагын дагуу иргэд хамгийн багадаа 50-60 саяын машин худалдаж авна. Ер нь Хятад машин зах зээлд орж ирэх төлөвтэй байна.
Өнөөдөр Монголчуудын амьдрал ямар байгаа билээ. Урьдчилгаа 2-3 сая төгрөг төлөөд банк бус санхүүгийн байгууллагаас зээлээд машин авдаг. Тэгэхээр дундаж болон дунджаас доош орлоготой иргэд дундаж үнэтэй машин худалдаж авах боломжгүй болж байна" гэв.
Хотын автомашины дугаарын үнэ өсөж 1 саяд хүрсэн. Цаашид машины үнэ ч өснө
Автомашины худалдаа эрхлэгч Т.Сайханбаяр "Өчигдөр гааль дээр буусан машиныг хүн авах гэхээр дугаар байхгүй. Дугаар нь ченжүүдийн гараар ороод үнэд орчихсон. Өчигдөр 200-300 мянган төгрөгөөр зарагдаж байсан машины дугаар 1 саяд хүрэх жишээний. Иргэд 35 саяар машин авах байсан бол 36-37 саяар авч байна. Цаашид ч машины үнэ өснө.
Миний захиалсан 60 гаруй машин Тяньжин дээр гацсан. Ихэнх нь буюу 60-70 хувь нь он "хөгшин" приусууд байгаа бол 10 хүрэхгүй хувь нь он залуу машинууд. Одоо яах учраа мэдэх юм алга.
Бид энд машинаа зарсан мөнгөөрөө дараагийн машинаа Японоос захиалдаг. Одоо гааль дээр ирсэн хар мянган машиныг авч өрийн дарамтанд орох хүн байхгүй. Зарах гэхээр хориглочихсон. Бид мөнгөө төлсөн үү төлсөн. Манай төрийн бодлого үнэхээр уруудаж байна.
Бид НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцээгүй. Гэхдээ хугацааг нь тавьж өгсөн бол нэмж он "хөгшин" приус захиалахгүй байсан
Автомашины худалдаа эрхлэгч Э.Лхагвадорж "Одоо бидний ганц найдвар нь хөдөө орон нутгийн иргэд л болчхоод байна. Тэднийг машин аваасай гэж найдаж байна. Хотын дугаарыг өнөөдрөөс эхлээд олгохоо больчихлоо. Орон нутгийн иргэд бэлэн мөнгөөр машин худалдаж авахаа больсон. Малчид бүгд малчны зээлтэй, зээлээс зээлийн хооронд л амьдарч байгаа.
Малчид хотод ирээд банк бус санхүүгийн байгууллагаас машин авлаа гэхэд банк бус нь заавал хотын иргэдэд автомашины дугаар олгоно гэхээр худалдан авагч бараг л байхгүйтэй адил.
Бид НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцээгүй. Гэхдээ хугацааг нь тавьж өгсөн бол нэмж он "хөгшин" приус захиалахгүй байсан" гэдгийг онцлов.
Олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн энэ асуудлыг цэгцлэхийг зарим иргэд таатай хүлээн авч байгаа бол зарим нь хүчтэй эсэргүүцэж байна. Тухайлбал, “Замын хөдөлгөөний дүрэмдээ таарсан автомашин оруулж ирэх хэрэгтэй. Тиймээс баруун талдаа жолооны хүрдтэй машин оруулахыг хязгаарлах нь зүйтэй” гэж хэлэх хүмүүс байхад “Монголчууд өөрсдөө автомашин үйлдвэрлэдэггүй, тиймээс төрөл бүрийн хязгаарлалт тогтоох нь буруу. Хятад автомашин оруулж ирж худалдаалдаг хүмүүсийг далдуур дэмжиж байна” гэх мэтчилэн шүүмжилж байна.