Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Буман жаалууд" гэх цэцэрлэгт 1 ой 2 сартай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.10.28/ гарсан. "Талийгаачийн биенд хүүрийн толбо үүссэн байсан. Цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт үзлэг хийхэд хүүхэд эндээд 2-3 цаг болсон гэж үзсэн. Бид үнэхээр гомдолтой байна" гэж ар, гэр нь мэдээлсэн.
Аргачгүй биз. Өглөөхөн цовоо сэргэлэн хүүгээ хаалгаар нь үдэж өгөөд орой нь цогцсыг нь харна гэж хэн санах вэ дээ. Үртэй хүн болгон эмзэглэмээр, хашгирмаар хариуцлагагүй нийгэм. Томчуудын хариуцлагагүй, сэтгэлгүй, анхаарал болгоомжгүй байдлаас болж өнөөдөр нэг гэр бүл амьдын тамд уналаа.
Хэрэв ангийн багш нь хүүгийн аманд юу байгааг шалгасан бол, ажилдаа хариуцлагатай хандсан бол өнөөдөр тэр хүү ээж, аавдаа эрхэлж, үе тэнгийнхэнтэйгээ хамт тоглоод гүйж байх байлаа.
Тэгвэл "Буман жаалууд" нь цэцэрлэг биш бөгөөд хүүхэд харах үйлчилгээ явуулдаг буюу 2-3 настай хүүхдүүүдийг хардаг байсан гэсэн үг. Хэрэг гардаг өдөр 11 хүүхэд ангидаа иржээ. 12:00-15:00 цагийн хооронд хүүхдүүдийн унтлагын цаг бөгөөд ингэхдээ хүүхдүүдийг өлгийдүүлж унтуулдаг байж. Талийгаач хүү өлгийдүүлж хөдөлгөөн нь хоригдсон учраас амандаа орсон зүйлдээ хахаж гаргаж чадалгүй эндсэн бололтой.
Ангийн багш эмэгтэй "Өлгийг нь задлахад хөхөрсөн байсан учраас цэцэрлэгийн хажуудах бариач руу авч ороод түргэн дуудсан" гэжээ. Тухайн багш дөрвөн жилийн туршлагатай. Дээрх өдөр өнжүүлэх төвд ажиллаад гурван сар болжээ. 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийслэлд хүүхэд харах зөвшөөрөлтэй 323 байгууллага байна.
Хамгийн гол нь тус хүүхэд харах үйлчилгээний газар нь тусгай зөвшөөрөлгүй, 2019 оноос хойш хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар өдийг хүрчээ.
Хэн хүссэн нь өдөр өнжүүлэх ажиллуулж байна
Хүний Эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн есдүгээр сард "Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн багш, чадамжийн гэрчилгээтэй эрхлэгч, хуулийн этгээд, тэтгэвэртэй гарсан ахмад багш нар, чадамжийн гэрчилгээгүй иргэд, хэн хүссэн нь өдөр өнжүүлэхийн төвийн үйл ажиллагааг явуулж байна. Хаягжилтын байдал тодорхойгүй, албан ёсны бүртгэл мэдээлэл байхгүйн улмаас өнөөдрийн байдлаар яг хэдэн өдөр өнжүүлэх төв ямар стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлох боломжгүй, итгэлцлийн үндсэн дээр тус үйлчилгээ явагдаж байгаа тул хүүхдийн эрх зөрчигдвөл хариуцах этгээд тодорхойгүй байна" гэдгийг онцолж байв.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны есдүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар тушаалын хавсралтад " Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн хүүхэд харах үйлчилгээнд хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийн хяналт тавьж хамтран ажиллана.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төлөвлөгөөт хяналт, шалгалт хийнэ" гэж заажээ.
Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас мэдээлэл өгөхгүй
Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлийг хоёр жилийн хугацаатай хорооны Засаг дарга олгодог. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар 2022 онд татан буугдаж, чиг үүрэг нь салбар яамдад шилжсэн. 800 гаруй албан хаагчид нь чиглэл, чиглэлийн яамдад ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхэд харах үйлчилгээний хяналт шалгалт нь Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай холбогдож таарна.
Тус яамнаас "Буман жаалууд"-ад хяналт шалгалтыг хийсэн эсэх талаар лавлахад "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хариуцна" гэв.
Тус газартай холбогдоход "Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас мэдээлэл өгөхгүй. Хүүхэд харах үйлчилгээ тойрсон хяналт шалгалтын талаарх мэдээллийг ч өгөх боломжгүй" гэх ам тагласан хариултыг өглөө.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Засаг дарга А.Батбаяр "Манайх хяналт, шалгалт хийх эрхтэй байгууллага биш. Тэр газар зөвшөөрөлгүй ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар татан буугдаж, хараа хяналт алдагдсан гэж боддог. Тиймээс зөвшөөрөлтэй хүүхэд харах үйлчилгээний газруудын нэрсийг гаргаж тавихаар ярилцаж байна. Бусад дүүргүүд ч мөн ил зарлавал эцэг, эхчүүдэд хэрэгтэй" гэлээ.
Хэрэв хэн нэгэн хүн ажлаа чин сэтгэлээсээ хийсэн бол, хэрэв хэн нэгэн дарга ажлаа хариуцлагатай хийхийг шаардсан бол, хэрэв нийгэм бүхэлдээ үүрэг хариуцлагаа ухамсарладаг байсан бол хэрэв, хэрэв, хэрэв? Хариуцлагагүй бүхэн харамсал дагуулсаар.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!