Өнгөрөгч лхагва гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг шинээр томилсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хандаж “Эрүүл мэндийн даатгалаас олгогдож байгаа группын тэтгэмжийг тусгайлан шалгах хэрэгтэй. Халамжийн сангийн үйл ажиллагаанд ямар хяналт тавих вэ“ гэж асуув. Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Зарим аймгуудын иргэдийн 60 хувь нь группт орчихсон халамжийн мөнгө авдаг” гэж УИХ-ын хариуцлагатай индэр дээрээс мэдэгдэл хийсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Хэрвээ тахир дутуугийн тэтгэмжийг ингэж хавтгайруулж аймаг, суманд бөөн бөөнөөр нь хяналтгүй олгож байгаа бол энэ маш ноцтой асуудал.
Нийгмийн халамжийн санд хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн групп тогтоож, халамж олгосон асуудлаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмч 514 иргэнийг АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл бүхэл бүтэн аймгийн иргэдийн 60 хувийг ийм маягаар хуурамчаар бүртгүүлж халамж авсан асуудлыг хууль хяналтын байгууллага яагаад шалгахгүй байна вэ?
Статистик баримтаас харахад Монгол Улсад 111 мянга гаруй иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан гэж бүртгэгдсэн байдаг бол үүнээс 58 мянга нь нийгмийн даатгалаас тэтгэвэр авдаг ажээ. Харин 43 мянган иргэн бидний нэрлэж сурснаар “халамж” буюу тэтгэмж авдаг юм байна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд группийн тэтгэмж авч байгаа хүний тоо Завхан аймгийн нийт иргэдийн 60 хувьтай тэнцэж байгаа юм. Хамгийн их хүн амтай Өмнөговь аймаг 160 мянган хүнтэй. Үүний 60 хувь нь групп тогтоолгож тэтгэмж авч байна гэвэл 96 мянга буюу улсын хэмжээнд группийн тэтгэмж авч байгаа хүмүүсээс 2 дахин давсан тоо болно.
Төрийн сайд хүн тодорхой тоо баримт, тооцоо судалгаатай мэдээлэл хийсэн байх ёстой. Эрхэм сайдын мэдэгдснээр бол Монголчууд Улсаараа халамжийн сангаа тонон дээрэмдэж, тал нь групп тогтоолгосон болж таарахаар байгаа юм. Халамжийг хэт хавтгайрсан гэж дээр дооргүй шүүмжилж, янз бүрийн л улс төржилт явдаг. Гэхдээ энэ удаагийн Засгийн газар нь улс төржилтөөс хол, мэргэжлийн Засгийн газар гэсэн тодотголтойгоор сайд нараа бүрдүүлсэн. Олон нийт ч тийм хүлээлттэй байгаа. Тиймээс ямарваа асуудлыг ярихдаа "попорч" болохгүй. Ялангуяа хүн ардын эрүүл мэндийг хамгаалах онцгой үүрэгтэй яам удирдсан сайд ийм мэдээллийг хариуцлагатай хийсэн гэж ойлгож байгаа. Яг аль аймаг, ямар суманд халамж ингэж хууль бусаар хавтгайраад байна вэ? энэ асуултанд Эрүүл мэндийн сайд маань хариулт өгч олон нийтэд ойлгомжтой тайлбар өгөх ёстой.
Хэрвээ тоо баримтгүй үнэнд нийцэхгүй зүйл ярьсан бол манай улсын эрүүл мэндийн салбарыг ийм л мэдлэг, мэдээлэлтэй хүн удирдаж байна гэсэн үг. Тийм бол энэ сайдаа эртхэн солиод ажлаа мэддэг хүнээр нь салбараа удирдлуулах шаардлагатай. Ажлаа аваад 100 хоносон сайд салбарынхаа талаарх гол тоо баримтуудыг гартаа оруулаагүй, эсвэл худал мэдээлэл, баримт дээр тулгуурлаж ажиллаж байгаа бол дараа дараагийн шийдвэрүүд бодитой зөв гарах уу? гэдэг асуулт эргэлзээтэй хэвээрээ үлдэнэ.