Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг яллагдагчаар татжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 45 секунд

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдод нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс НПГ-т хүргүүлжээ. Улмаар тухайн санал нь үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталжээ. Түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж буй юм.

Монгол Улсын Засгийн газар 2015 онд “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банктай хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Тус банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Олон улсын аудитын байгууллагууд “хангалтгүй” гэж үнэлсэнтэй холбоотойгоор тус банк төслийг зогсоож, манай Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Тиймээс Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, БНСУ-ын “Taihan Cable & Solution” компаниас дээрх төлбөрийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасан. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг мөрдөн шалгаж эхэлсэн.

Энэ хүрээнд АТГ-ын Гүйцэтгэх ажлын болон Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Дэлхийн банктай мэдээлэл солилцож, төслийн гүйцэтгэгч, БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлж, “Цахим эрүүл мэнд” төслийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгаран, хөрөнгийг нь үр дүнгүй захиран зарцуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон юм. Уг нь АТГ-ынхан өнгөрсөн өвөл ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг, Б.Эсболд, Ж.Мөнгөнсүх тэргүүтэй хүмүүсийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн.

Эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх, цахим шийдлүүдийг нэвтрүүлэх замаар энэ салбарын үйлчилгээг сайжруулах зорилготой эл төслийг хэрэгжүүлэхэд Ж.Мөнгөнсүх, Я.Энхчулуун нарын хөрөнгө оруулалттай, компьютерын программ болон техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Аксиссистемс” ХХК голлон оролцсон байдаг. Я.Энхчулууны хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай “Эрдэнэт медипас” эмнэлгийг ямар ч үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан хэрэгт холбогдож, хилээр гарч явсан нэгэн.

Ингэж шалгаж байхдаа өнгөрсөн өвөл С.Энхболдыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурорууд хүлээж аваагүй. Харин өнгөрсөн есдүгээр сард яллагдагчаар татах санал дахин хүргүүлснээр ийнхүү С.Энхболдыг Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтыг үндэслэн үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Лам нарыг ШУТИС-д  IT, аялал жуулчлалаар сургаж, мэргэшүүлнэ
Лам нарыг ШУТИС-д IT, аялал жуулчлалаар сургаж, мэргэшүүлнэ
 
Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ
Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!