Ubn.mn сайт энэ удаагийн "Story" булангийнхаа удаах зочноор жүжигчин Б.Хунцэнгүүнийг урин оролцууллаа. Түүний урлагийн амьдрал болоод уран бүтээлийн сонин хачнаар уншигч та бүхнийг аялуулж байна.
"Хүнийг аз жаргалтай болгодог мэргэжил сонгохыг хүссэн"
-Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Уншигч, үзэгч түмэндээ өөрийгөө танилцуулбал?
-Ubn.mn сайтыг үзэж байгаа үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баттулгын Хунцэнгүүн гэдэг. Залуу уран бүтээлч байна. 2021 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн.
-Яагаад заавал жүжигчний мэргэжлийг сонгосон бэ?
-Би ямар нэгэн байдлаар хүнийг аз жаргалтай болгодог мэргэжил сонгохыг хүссэн. Дуулж, бүжиглэх авьяасгүй гэж хэлэхэд болохоор. Тиймээс “чи чадахгүй байхаа” гэдэг үгийг ээж маань хэлдэг байсан. Гэхдээ урлагийн багшид танилцуулаад хэрэв тэнцвэл миний сонголтыг хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн. Тэгээд хамгийн анх багшдаа очиж шалгуулсан. Багш маань надад хэлэхдээ “жүжигчний мэргэжил гэдэг чинь дуулахыг хэлэхгүй. Дуучин хүн л дуулдаг. Бүжигчин хүн бүжиглэдэг. Харин жүжигчин хүн гэдэг чинь хүн судлалын мэргэжил учраас чи чадна гэж хэлж урам өгсөн. Түүнийг сонссон манай ээж намайг хоёр гараа өргөөд дэмжсэн байдаг. Мөрөөдлийг минь дэмжиж, биелүүлж өгсөн ээждээ маш их баярлалаа гэж хэлье.
"Бүтээсэн дүр дүрээсээ өөрөө суралцаж явдаг"
-Аливаа уран бүтээлийн дүр бүхэн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой шүү дээ. Өөрт оногдсон дүрийг урлаж гаргахын тулд нэлээд хөдөлмөрлөдөг байх. Өөрийн чинь хувьд дүр дээрээ хэрхэн ажилладаг вэ?
-Яг сая асуухаар нь бодсон чинь би кино бүрийнхээ л өмнө сандардаг. Ямар ч дүр байсан бүгд хэцүү санагддаг. Би энэ дүрд яаж ажиллавал зүгээр юм бол гээд судалгаа хийх ч юм уу, эсвэл багшаасаа зөвлөгөө авдаг. Заримдаа хэд хоног ч гэсэн өөртөө цаг гаргаад бодохыг хичээдэг.
Би дараагийн уран бүтээлдээ яг үүнийгээ бодоод үсээ тайрчихсан байгаа. Аливаа нэг уран бүтээлд дүрийг амилуулахдаа сэтгэл зүйгээ бэлтгэхээс гадна гадаад дүр төрхөө ч мөн өөрчлөх шаарлдагатай болдог. Өнгөрсөн ихэнх уран бүтээлдээ би дандаа мөрнөөс доош ургасан урт үстэй тоглосон. Үзэгчид маань тэр төрхөөр минь хараад дассан байдаг байх. Үсээ тайрчхаад өөрийгөө хараад хувьдаа ч бас шинэчлэл хийчихсэн мэт санагдаад дүрдээ ч хичээж ажилласан даа.
-Ер нь эсрэг дүрд тоглож байгаагүй байх. Эсрэг дүрд тоглоё гэсэн бодол төрж байв уу?
-Би ирэх сард нээлтээ хийх шинэ кино уран бүтээлд эсрэг дүрийг бүтээсэн. Эсрэг дүрд тоглосон анхны кино маань гэж хэлж болно. Өөрөөсөө тэс өөр дүрийг бүтээсний дараа тэндээсээ гарч чадахгүй өөрийн гэсэн техниктэй болчихсон байсан. Ямар ч байсан арай өөр өнгө төрх гаргаж чадсан болов уу гэж найдаж байна.
"С.Удвал гуайн дүр хамгийн өвөрмөц ертөнц санагдсан"
-Хамгийн их сэтгэлд тань хоногшсон уран бүтээл чинь юу вэ?
-Нэг киног энд онцолж яримаар байна. С.Удвал гуайн намтарчилсан “Улаан цэцэг” УСК-нд Г.Ундармаа эгчийнхээ залуу насны дүрийг бүтээсэн. Манай эмээ, өвөөгийн үед байсан бодит хүний дүр учраас бүгд мэддэг, дүр төрхийг нь харж байсан учраас дүрдээ судалгаа хийж ажилласан. Тэр хүний бичсэн зохиол, тэмдэглэлүүдийг хүүтэй нь уулзаад явж байхад өөр төрлийн нэг сонирхолтой сорилт шиг санагдсан.
"Нас барж буй дүрд ажиллахад хамгийн их энерги шаардсан"
-Хамгийн хэцүү, ажиллагаа шаардсан дүр нь ямар дүр байв?
-Хоёр кинонд нас бардаг дүрд тоглож байсан. Заавал тэр хүний оронд би шүү гэж бодож наалдахгүй бол болдоггүй юм билээ. Би тухайн дүрд тоглохдоо зүрхэн тушаа микрофоноо байрлуулсан байсан. Манай дууны найруулагч маань нэг удаа чиний зүрхний цохилт текстээсээ давж сонсогдоод байна гэж хэлэхэд нь тухайн үед нас барж байгаа хүний дүр бүтээх ямар хэцүү болохыг мэдэрч хичээсэн.
Тийм хэцүү дүрийг бүтээхдээ биеэрээ гэхээс илүү сэтгэлийн бэлтгэлээ хангах нь бас маш чухал юм билээ. Зургаа авхуулж дууссаны дараа маш их ядарсан байдаг. Аль болох гэр бүл, найз нөхөд, багш нартайгаа ярилцаж байж тайтгарлыг мэдэрдэг. Түүнээс биш ууланд алхаад ч юм уу, бусад шиг спортоор хичээллэж байж эрч хүчээ авдаг төрлийн хүн биш л дээ. Хүмүүс болохоор нам гүм орчинд ганцаараа байх нь амралт болдог гэдэг бол би эсрэгээрээ ярьж байж эрч хүч авдаг. Хүмүүс надаас ядрахгүй байна уу гэж гайхаж асуудаг /инээв/.
"Миний амьдралын гол зарчим бол ЦАГ БАРИМТЛАХ"
-Хүн бүрд ямар нэгэн байдлаар амьдралдаа баримталдаг зарчим, дадал гэж байдаг шүү дээ. Чиний хувьд хамгийн сайн баримталдаг зүйл нь юу вэ?
-Миний хүүхэд нас эмээ, өвөөтэйгөө өнгөрсөн байдаг. Эмээ маань намайг өглөө 08 цагт хичээлтэй бол 6:20 цагт босгодог байсан. Тухайн үед манай сургууль, гэр хоёр ойрхон зайтай байсан л даа. Очиход 20 минут л зарцуулдаг. Өдөр болгон хичээлдээ 07:20 цагт очдог байсан. 10 жилд байхдаа би нэг ч удаа хичээлээсээ хоцорч, тасалж үзээгүй. Чөлөө авч өвдөж ч үзээгүй. Энэ дадал миний амьдралын явцад хэвшил болсон. Түүнээс хойш би аль болох цагаа барьж хоцрохгүй байх, бусдын үнэтэй цагийг хий дэмий үрэхгүй байх зармыг мөрддөг. Ер нь цагаа барьдаг хүн бүх зүйлийг баримталж чаддаг гэж боддог.
-Тун удахгүй нээлтээ хийж, үзэгчдэд хүртээл болох гэж байгаа “Өв залгамжлагч” ОАК-нд сонирхолтой нэгэн дүрийг бүтээсэн гэж сонссон. Тэр тухайгаа яривал?
-“Өв залгамжлагч” ОАК маань START UP буюу гарааны бизнесийг эхлүүлж байгаа залуусын тухай өгүүлдэг. Миний хувьд Болороо гээд охины дүрд ажилласан. Кинонд долоон сайн найзын долоон өөр ертөнцийн тухай гардаг. Болороогийн хувьд найзууд дундаа эв нэгдлийг эрхэмлэгч, өөрөө ч сайн охины дүр. Надад Болороогийн юм бүхэнд эерэг ханддаг зөөлөн чанар нь маш их таалагддаг. Тэр дүрээсээ маш их суралцмаар санагддаг. Миний хувьд бүтээсэн дүрүүдээсээ суралцаж явдаг болохоор Болороогийн дүр миний хувийн зан чанарт маш олон эерэг өөрчлөлтүүдийг авчирсан гэж хэлмээр байна.
Эцэст нь хэлэхэд “Өв залгамжлагч” ОАК маань өнөөдөр нээлтээ хийнэ. Үзэгч та бүхэндээ өөрийн өөр нэг дүрийг бүтээсэн уран бүтээлээ толилуулах гэж байгаадаа таатай байна.