
20 гаруйхан настай Ерөнхий сайдын хүүгийн "тансаглал"-ын шуугианы хажуугаар саарал ордонд Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр өрнөж байна. Тодруулбал, Ардчилсан намын бүлгээс 2027 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн гол өрсөлдөгчийн таамагт зүй ёсоор бичигдэж буй одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дахин нэр дэвшүүлэхгүй байх гаргалгааг аль хэдийнэ гаргаад амжив.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр "авторлогдож" буй эл санаачилга нь товчхондоо, Ерөнхийлөгчийг дахин сонгогдох нөхцөлийг Үндсэн хуульд хийж болохгүй гэх санаачилга юм. Түүний санаачилгад УИХ-д суудалтай Ардчилсан намын 42 гишүүний 37 нь дэмжиж гарын үсэг зурсан бол үлдсэн таван гишүүн татгалзсан байдаг. Сонирхолтой нь, дэмжиж гарын үсгээ зурсан хүмүүсийн дунд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга байгаа бөгөөд ирэх сонгуульд АН талаас түүнийг өрсөлдөнө гэх таамаг хөвөрч буй билээ.
Нөгөө талдаа гарын үсэг зураагүй гишүүд анхаарал татаж байна. Эдгээр таван гишүүн бол УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар, Д.Батбаяр, С.Одонтуяа, Р.Сэддорж, О.Амгаланбаатар нар юм. Эл таван гишүүний хувьд Х.Тэмүүжин гишүүний санаачилгад гарын үсэг зураагүйгээрээ Ерөнхийлөгчид нэг хүн дахин нэр дэвших боломжийг бий болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээд явах боломжтой гэдгээ илэрхийлж байгаа нь энэ бололтой.
Өнөөдөр өрнөж буй улс төрийн цаад учир шалтгааныг ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж улс төрийн хүрээнийхэн ярилцаж буй юм. Тэгвэл эдгээр гишүүдийг яагаад гарын үсэг зураагүй болохыг өнөөдөр бид өөрсдөөс нь албан ёсоор тодруулан эргэж мэдээлэх болно.