Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ариунсайхан: Арьсны замын идээт үрэвсэл болон хоолой улайдаг, өндөр халуурдаг идээт халдвар ихэсч байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
7 минут 0 секунд

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт ирэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн байна. Тэр дундаа ханиад томууны шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн Их эмч Д.Ариунсайхантай ярилцлаа.

-ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт ханиад томуугаар өвчилсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд их ирж үйлчлүүлж байна гэх мэдээлэл байна. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор ачаалал нэмэгдэж байна уу?

-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор манай яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэх хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна. Учир нь өвчтэй болон эрүүл хүүхдүүд нэг дор олноор цугласантай холбоотойгоор нэг төрлийн бөөгнөрөл үүсэж, үүнээс шалтгаалан амьсгалын замын цочмог халдварт өвчнүүд ойрын хугацаанд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Мэдээж зуны улиралд ханиад томууны шинж тэмдэг бага илэрч байсан. Гэвч сүүлийн үед халуурсан, гүйлгэсэн, суулгасан, ханиалгасан шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирж байгаа.

-Жил бүр л хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор ханиад томуу нэмэгддэг. Гэвч эцэг эхчүүд төдийлөн хүүхдийнхээ дархлаанд, эрүүл мэндэд анхаарч чадахгүй байна. Иймд эцэг эхчүүд хамгийн түрүүнд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн эхний алхам бол халдвар хамгааллын дэглэм сахих. Ковид-19 цар тахлын үед яаж халдвараас урьдчилан сэргийлж байсан яг түүнтэй ижил арга хэмжээг гэрийн нөхцөлд авах хэрэгтэй.

Тухайлбал, Хүүхдийнхээ хоолойг тогтмол зайлах, гарын ариун цэврийг маш сайн сахиж, байнга гараа савандаж угаах, олон хүнтэй газар маск сайн зүүх зэрэг хамгийн анхан шатны халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Хүүхдүүддээ ч бас зааж өгөх нь чухал.

-ЕБС-ийн сурагчдын хувьд эцэг эхчүүдийн зүгээс зааж, сургаж болох юм. Цэцэрлэгийн насны хүүхдүүддээ хэрхэн анхаарвал тохиромжтой вэ?

-Мэдээж өглөө болгон гар, нүүрийг нь тогтмол угааж, хоолойг нь зайлж, амны хөндийн ариун цэврийг нь сахих хэрэгтэй. Амьсгалын замын халдварт өвчин нь агаар дуслын замаар халдварладаг учир гэр болон сургууль, цэцэрлэгийн агаарыг цэвэр байлгах хэрэгтэй. Тиймээс вирус болон бохирыг ариутгаж байх, халдваргүйжүүлэх нь тун зөв.

-Зарим тохиолдолд ханиад томуу хэт удаан хугацаанд үргэлжлээд байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл эдгэрэх явц нь уртасдаг. Энэ юутай холбоотой байдаг юм бэ?

-Энэ нь тухайн хүүхдийн халдвар авсан вирусын үүсгэгчтэй холбоотой. Томуу томуу төст өвчний хүнд үед 1-2 хоногийн дотор л уушгины хатгалгаа болох эрсдэлтэй байдаг.

Харин энгийн ханиадны үед үүсгэгч бүрээс шалтгаалаад мөн хүүхдийн биеийн эсэргүүцэл, дархлаанаас шалтгаалан урт, удаан хугацаанд буюу эдгэрэх явц нь харьцангуй өөр өөр байдаг.

-Идээт үрэвсэл болон корона вирусын халдвар гадуур тархаж байна гэх мэдээлэл байна?

-Идээт үрэвслийн тухайд арьсны замын идээт үрэвсэл болон хоолой улайдаг, өндөр халуурдаг идээт халдвар ихэсч байна.

-Тэдгээрийн үүсгэгч нь юу вэ. Мөн л амьсгалын замаар халдварладаг уу?

-Мэдээж хэрэг амьсгалын замаар халдварлана.

-Хүүхдийн дархлаа муу байвал амархан өвчлөх магадлалтай байх?

-Тэгэлгүй яахав. Хүүхдийн дархлаа муудсан үед болон нойр, хоол муу байвал амархан өвчилнө. Мөн дээр нь гарын ариун цэвэр сахиагүй буюу бохироос үүдэлтэйгээр өвчлөх тохиолдол бий.

-Эмчилгээний хувьд мэдээлэл өгөхгүй юу?

-Сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв гээд ямар ч эмнэлэг дээр нэг төрлийн эмчилгээг хийдэг. Илэрч буй шинж тэмдэг болон ямар өвчин гэдгээс нь хамаарч эмчилгээ бүгд ижил байдаг гэсэн үг.

Вирусын халдварын эмчилгээ, дархлаа дэмжих эмчилгээ, бүр шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээг ч хийдэг.

-Томуугийн товлолт вакциндаа заавал хамрагдах шаардлагатай юу. Зарим эцэг эхчүүд хайхрамжгүй байдлаас болж орхигдуулах нь их байдаг?

-Мэдээж томуугийн вакцин бол ханиад томуунаас сэргийлж байгаа хамгийн зөв арга. Учир нь ДЭМБ-аас жил бүр өөр, өөр үүсгэгч зонхилно гэдгийг судалж гаргадаг. Тийм ч учраас томуугийн вакциныг 30-40 төрлийн /хүнд/ томуу үүсгэгчээс сэргийлэх зорилгоор гаргаж, олон улсад хэрэглэдэг байгаа.

Түүнээс гадна томуугийн вакцин хийлгэсэн ч гэсэн энэ нь ханиад хүрэхгүй гэсэн үг биш. Харин эсрэгээрээ хүнд хэлбэрээр тусахаас л урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг. Тиймээс ханиад томууны вакциндаа идэвхтэй хамрагдах нь зүйтэй.

-Томуу, томуу төст өвчин, ханиад зэрэг нь өвлийн улирал илүүтэй нэмэгдэж, эмнэлгүүд ч ачаалал ихтэй болдог шүү дээ. Үүнд танай эмнэлэг хэр бэлэн байна?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэл, орон нутгийн бүхий л эмнэлгүүд бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа. Тухайлбал, орны тоог нэмэгдүүлэх, эмийн хүрэлцээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

-Яаралтай тусламжийн тасагт ирж буй хүүхдүүдийг насны хувьд авч үзвэл хэдэн насныхан илүү зонхилж байна?

-0-5 насны хүүхдүүд харьцангуй их ирдэг.

-Оргил ачааллын үед нийт хэчнээн хүүхэд яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлдэг юм бол?

-Хоногт дунджаар 250-400 хүүхэд ирдэг. Урд шөнийн байдлаар 300-аад хүүхэд ирж үйлчлүүлсэн байна.

-Сүүлийн жилүүдэд хөрсний бохирдлын асуудал маш их яригдах болсон. Үүнээс шалтгаалан ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Хөрсний бохирдлоос үүдсэн гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн хүүхдүүд их ирдэг. Тэдгээр хүүхдүүд маань ихэвчлэн гүйлгэсэн, бөөлжсөн шинж тэмдэгтэй байдаг. Гэдэсний халдварт өвчний үед халуурах, бөөлжих, суулгах, хоолны дуршилгүй болох, унтаа байдалтай болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

-Ярилцсанд баярлалаа.

Нүүдлийн соёлд тохирсон сургуулийг бий болгоход Боловсролын яам Дэлхийн банктай хамтран ажиллана
Нүүдлийн соёлд тохирсон сургуулийг бий болгоход Боловсролын яам Дэлхийн банктай хамтран ажиллана
 
Э.Бат-Үүл: АН сүүлийн 7 сонгуульд ялагдсан байдлыг харвал МАН-ын “дагуул” нам болчихсон байна
Э.Бат-Үүл: АН сүүлийн 7 сонгуульд ялагдсан байдлыг харвал МАН-ын “дагуул” нам болчихсон байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.