Тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хийх хяналт шалгалтын талаар НОК, НБОГ болон ЗӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗӨСҮТ-ийн НЭМТША-ны дарга Л.Роломжав дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"ЗӨСҮТ-ийн тандалт судалгааны мэдээллээр 15 аймгийн 75 сум тарваган тахлын өндөр идэвхтэй байна гэх мэдээлэл гарсан. Сүүлийн 10 гаруй жилд манай улсад тарваган тахлын 23 тохиолдол бүртгэгдсэнээс 9 нь нас барсан байна.
Тарваган тахал нь зөвхөн тарваганаас дамждаггүй. Үүнийг мэргэчүүд дамжуулж болдог. Жишээлбэл, Замын-Үүдээс гэрийн бор хулганаас тарваган тахлын үүсвэр илрүүлсэн байгаа. Тиймээс үхсэн тарвага, зурам, мэрэгчтэй ойртохгүй байх, хөдөө орон нутагт очихдоо тарваганы дошноос хол суух хэрэгтэй. Учир нь тарвагатай огт ойртоогүй хэдий ч тарваганы бүүрэг үсэрч халдвар авсан тохиолдол гарсан.
Мөн тарваганы түүхий шүүрхий мах хэрэглэхгүй байхыг анхааруулж байна" гэв.