Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Метроны төслийн менежер Мөнхдалайтай ярилцлаа.
УЛААНБААТАР МЕТРОГ 2030 ОНЫ 9 САРД АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ
-Улаанбаатар метро төслийн ажил сүүлийн үед нэлээд намжмал байдалтай болчихлоо. Өнгөрсөн зургаадугаар сард хотын дарга менежментийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерт шалгарсан компанийг зарласнаас хойш тодорхой мэдээлэл гарсангүй. Ажлын явц ямар шатанд явж байгаа вэ?
-2023 оны Арваннэгдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх буюу метро барих төслийг дэмжиж шийдвэрлэсэн байдаг. Метро маань Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17,7 км үргэлжлэх бөгөөд 14 буудалтай байхаар төлөвлөгдсөн.
Анх нэгдүгээр шугамын ажил болох урьдчилсан төсөл, ТЭЗҮ 2009-2013 оны хооронд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА, БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилт, дэмжлэгээр хийгдчихсэн байсан төсөл. Бидний хувьд уг ТЭЗҮ-г үндэслэж энэ оны хоёрдугаар сараас эхлэн тухайн ТЭЗҮ-д шаардлагатай суурь судалгааг хийж байна.
Том төсөл гэдэг утгаар эхний ээлжид төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх компанийг шалгаруулах олон улсын тендерийг хоёрдугаар сард зарлаж, БНСУ-ын төрийн өмчит компани болох "Dohwa Engineering" компани шалгарч саяхан буюу долоодугаар сарын 05-ны өдөр гэрээгээ байгуулсан. Цаашид энэ өдрөөс эхлээд нийт 75 сарын хугацаанд метроны төсөл хэрэгжиж 2030 оны есдүгээр сар гэхэд үйлчилгээнд нэвтрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Япон Улсын Жайка байгууллагын хийж өгсөн ТЭЗҮ-г БНСУ-ын КОЙКА байгууллагын гаргасан ТЭЗҮ-тай нийлүүлж шинэчилсэн төслөөр хийгдэнэ гэсэн үг үү?
-2009 онд БНСУ-ын компани орж ирж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх ажлын хүрээнд ТЭЗҮ хийсэн байдаг. Тухайн ТЭЗҮ-ний үр дүнд суурилж 2013 онд олон улсын Жайка байгууллага өөрсдийн урьдчилсан ТЭЗҮ, суурь судалгааг гаргаж өгсөн юм билээ. Тиймээс энэ хоёр зураг төсөл, суурь судалгаа нь нэгнээсээ түвшин ахиад л яваад байсан гэсэн үг.
ЭНЭ ЗУНДАА БАГТААЖ МЕТРО БАРИГДАХ ГАЗРЫН ГЕОЛОГИЙН СУДАЛГААГ ХИЙНЭ
-Нийслэлийн 2024 оны төсөвт тодотгол хийсний гол жинг энэ төсөл дарсан. Зөвхөн менежментийн зөвлөх үйлчилгээг авахад 54 тэрбум төгрөг зарцуулж байгаа шүү дээ. Ер нь дан метро барьснаас түгжрэл буурахгүй гэж судлаачид ч шүүмжилдэг. BRT, дүүжин тээвэр зэрэг олон жил яригдаад өнгөрдөг төсөл, төлөвлөгөөнүүд зэрэгцэж хийгдэж байж замын хөдөлгөөний түгжрэлийг бодитоор бууруулна гэж үздэг. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг ганцхан метро барихаар мэдээж хэмжиж болохгүй. Олон төрөлт нийтийн тээврүүдийг хөгжүүлэх шаардлагатай болно. Таны хэлдгээр BRT, дүүжин тэврийн төслүүдийг амь оруулах нь чухал. Мөн хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн амьдарч буй суурин газарт нь ойртуулж, хэрэгцээ шаардлагыг нь хангасан бүтээн байгуулалтуудыг хийж шаардлагатай. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээ гэх мэт. Эдгээр цогц арга хэмжээнүүдийг авсны үр дүнд хотын түгжрэл бодитоор буурах юм.
Метроны нэг онцлог нь авто замын түвшинд явахгүй. Газар доогуур, нөгөө хэсэг нь авто замын түвшний дээгүүр явах болохоор метрогоор зорчиж байгаа иргэд замын хөдөлгөөний түгжрэлээс үл хамааран А-Б цэгт зорчино гэсэн үг юм.
-Төслийн зөвлөх үйлчилгээг хариуцаж буй БНСУ-ын "Dohwa Engineering" компани ажлаа юунаас эхэлж байгаа вэ? Мөн метро баригдах газрын суурь судалгааг хэрхэн явуулж байна?
-Тус компани одоогийн байдлаар 5-7 хүнтэй төлөөллийн багаа Улаанбаатар хотод суурин ажиллуулж эхэлсэн. БНСУ-даа хориод хүний баг гарчихсан өдөр тутамдаа хоорондоо харилцаж, чиглэлээ өгч ажиллуулж байна.
Бид нэн тэргүүнд метро барих газартаа геологийн хөрсний судалгааг хийх гэж байна. Гүүр, түнелэн байгууламж барих гэж буй учраас газрын нөхцөл байдлыг сайн шинжилж судалснаар бүтээн байгуулалтаа чанартай төлөвлөж чадна. Нөгөө талаараа Манай улсын цаг уурын байдлаас шалтгаалж ихэвчлэн зуны улиралд л газар шорооны ажил хийх боломжтой байдаг учраас энэ зуныг дуусахаас өмнө геологийн судалгаагаа эхлүүлэхээр болж Үндэсний геологийн төвтай харилцаад явж байгаа.
- Метро барих ажил дүүжин тээврээс авхуулаад олон төслүүд шиг зарцчих юм биш биз гэсэн эргэлзээ нийгэмд төрж байна. Төслийн менежерээр ажиллаж байгаа хүний хувьд уг төсөл хэрэгжинэ гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ?
-Мэдээж том төсөл. Хэрэгжиж дуустал дахиад зургаан жил хүлээж байна. Энэ хугацаанд ямар үйл явдлууд өрнөхийг таашгүй. Миний хувьд сарын өмнө энэ ажилд томилогдсон. Өмнө нь Япон улсын метро барих зөвлөх үйлчилгээний компанид ажилладаг байсан. Тэр үедээ мөн л нийгмийн ерөнхий хандлага, ойлголттой нэгэн адилаар хардаг байсан. Олон ч төсөл хөтөлбөрүүд яригддаг хэр нь хэрэгждэггүй байсан нь үнэн. Шүүмжлэх үедээ шүүмжлээд л явдаг байлаа.
Харин энэ метроны төсөлд яагаад итгэл төрөх болсон гэхээр хэн нэгэн даргын мөрөөдөж хэлсэн зүйл биш. Аль 2009, 2013 онд урьдчилсан ТЭЗҮ-нь хийгдчихсэн байсан учраас мэргэжлийн хүний хувьд төсөл хэрэгжих боломжийг нь судалсан. ТухайлбалТЭЗҮ-г хийсэн ЖАЙКА байгууллагын хувьд Азийн олон улс оронд метро барих зураг төслийг хийсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том байгууллага учраас энэ чухал төлөвлөлтийг тоосонд даруулаад байлгана гэдэг харамсмаар зүйл. Энэ утгаараа сайн төслүүдийг амь оруулж, хэрэгжүүлэх нь чухал гэдэг байр суурьтай байдаг. Тиймээс ч үүнийг хот төлөвлөлтийн хамгийн оновчтой төсөл гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Хоёр дахь баталгаатай зүйл нь төслийн менежментын зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын "Dohwa Engineering" компанийн хувьд 100 хувь төрийн өмчит, Солонгос улсын төмөр замын оператор компани юм. Мөн хамтран ажиллаж байгаа хоёр компани нь олон улсад маш амжилттай том төслүүдийг хэрэгжүүлж буй төслийн менежментын компани. Тэгэхээр метроны төсөл бодитоор урагшлах үндэс суурь нь бүрдсэн гэж хэлмээр байна.
МЕТРО 30 МВТ-ЫН ЭРЧИМ ХҮЧЭЭР АЖИЛЛАХ УЧРААС ЦАХИЛГААН ЗАРЦУУЛАЛТАД ХЭТ АЧААЛАЛ ӨГӨХГҮЙ
-Метро барих нэг хэрэг. Барьсан метрог хэрхэн саадгүй ажиллуулах вэ гэдэг нь мөн л анхаарал татна. Эрчим хүчний хангамж, хүртээмжийн асуудал эмзгээр яригддаг болсон энэ үед дээрх төслийг нэг их сайшаахгүй байгаа хэсэг бий шүү дээ? Эрчим хүчний хүчин чадлыг хэрэглээтэйгээ хэрхэн уялдуулна гэж харж байгаа вэ?
-Мэдээж метронд цахилгаан маш чухал. Гэхдээ метро маань цахилгаан эрчим хүчийг их ачаалахгүй. Ойролцоогоор 30 мВт-ын эрчим хүч шаардагдана. Энэ хэрэгцээ манай одоогийн эрчим хүчний хоёр хувьд ч хүрэхгүй.
Харин эрчим хүний хүрэлцээ хангамжийг сайжруулахын тулд нийслэлээс олон ажлуудыг төлөвлөөд хийж байгаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу эрчим хүчний шинэ эх үүсгэврүүдийг байгуулах ажил хийгдэж эхэлсэн.
Төлөвлөгөөний дагуу ирэх 10 дугаар сард 15 мВт-ын суурин хүчин чадлыг, 2025 онд дахин 150 мВт-ын эрчим хүчний үүсгэврийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингээд 2028 он гэхэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг бүрэн ажиллуулснаар 600 мВТ-ын эрчим хүчний нэмэлт хангамж бий болох юм.
Үүнээс гадна 50 мВт-ын батерэй станц барих тендер зарлагдчихсан явж байна. Энэ ондоо амжиж ашиглалтад оруулахаар төсөл хэрэгжиж буй.
Гэхдээ бид эрсдэлийг мэдээж тооцоолсон байгаа. Тухайлбал метро ажиллаж байх үед гэнэт эрчим хүчний сааталд орох тохиолдолд шуурхай авах арга хэмжээг төслийн судалгааны хүрээнд тодорхойлсон. Ингэхдээ эрчим хүчний нөөц үүсгэврийг байнгын бэлэн байдалд байлгаснаар зорчигчдыг аюул саадгүй зорьсон газар нь хүргэх юм.
Эцэст нь төсөл маань зургаан үе шатаас бүрдэж байгаа учраас барилгын ажил маань ирэх зунаас эхлэхээр байна.
Ярилцсанд баярлалаа