Тэд одоо дурсамжаа хэнд хуваалцах вэ...
Нар ээсэн намрын улирал хаяанд ирж, сурагчийн дүрэмт хувцас шинэхэн хичээлийн хэрэгсэл үнэртүүлсээр сургуулийн зүг алхах бяцхан үрсийн баяр хөөртэй зураглалыг тун удахгүй харах нь. Тохой залган суух найзуудаас нь эхлээд ангийн багш ч тэднийг тосон авч уулзахдаа зуны амралтаараа бүтээсэн дурсамжийг нь асуухаар хоног тоолон хүлээнэ. Харамсалтай гэлээ ч хариултаа хүлээх энэ асуултад хэчнээн хүүхэд хариулж чадахгүйгээр энэ хорвоог орхиж яваа бол гэдгийг бодох төдийд гол зурна. Найзууддаа "гайхуулахыг" хүссэн тэрхүү дурсамжуудаа одоо тэд хэнтэй хуваалцаж байгаа бол...
Нэг үеэ бодвол ажлаас ажил хоорондох хэмнэлдээ өөрийн эрхгүй дадсан эцэг, эхчүүд маань зуны дэлгэр цагаар үр хүүхдэдээ цаг зав гаргаж, тэдэндээ сайхан дурсамж бүтээж өгөхийг хүсдэг болжээ. Учир нь хүүхэд бүрийн хувьд гэр бүлийнхэнтэйгээ цугтаа өнгөрүүлсэн мөч бүр насан туршийн дурсамж болж ой тойнд нь үлддэг болохоор тэр болов уу. Гэвч аялал зугаалга эхэлсэн энэ цагаар хүүхдийн осол, гэмтэл нэмэгддэг байдал арилахгүй байна. Хайрлаж хамгаалах ёстой үрсээ хэнэггүй, тоомжиргүй байдлаасаа болж бид хэдхэн минутад алдаж байна.
Тэр тусмаа найр наадам, аялал зугаалга гэх цагаар бага насны хүүхдүүдийн амиа алдах шалтгаанд тэргүүлж буй хэдхэн зүйлийг энд нэрлэж болно. Усны осол, зам тээврийн осол. Саяхан тоон мэдээлэл эргүүлдлээ. Он гарсаар зам тээврийн ослын улмаас 28 хүүхэд амиа алджээ. Амиа алдсан эдгээр хүүхдүүд өөрсдөө жолоо атгаж яваагүй нь лав. Жолоо атгах эрхтэй хүн бол насанд хүрсэн хүмүүс та бид. Товчхондоо, тэднийг хамгаалах хүн нь бид гэсэн үг. Хариуцлага дагалдах энэ үгийг хэрэгжүүлэхэд бидэнд хуяг, дуулга аль эсвэл үлгэр дээр гардаг шиг ид шид шаардлагагүй. Энгийн дадлууд л хамгийн их тус болно. Согтуугаар жолоо барихгүй байх, суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг аюулгүй зориулалтын суудалд тээвэрлэх гэх мэт. Жишээлбэл, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэвэл амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг 70 хувиар бууруулах боломжтой гэж үздэг байна.
Жолооч та санаж байгаа бол, Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах ёстой. Хүүхдийг жолоочийн болон зорчигчийн өвөр дээр авч явахыг хориглодог бол суурин газарт насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрдөг.
Гэтэл орон нутгийн замд эцэг, эхчүүд хүүхдийнхээ тав тухыг бодож байна гээд автомашины арын суудлыг ор болгон засаж, хүүхдээ зориулалтын бус байдлаар тээвэрлэх дүр зураг түгээмэл харагдах болжээ. Зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн дунд ийм байдлаар зорчиж яваад осол болох үед цонхоор шидэгдсэн гэх кейс олон бий. Тиймээс үр хүүхдийнхээ тав тух, аюулгүй байдлыг хангая гэж бодож л байгаа бол энэ буруу дадлаас татгалзаж, зориулалтын суудалд тээвэрлэх нь ямагт аюулгүй байдлын баталгаа болж өгөх юм.
Зориулалтын бус тээвэрлэлтэд автомашины урд суудалд буюу жолоочийн дэргэд ямар ч хамгаалах бүсгүйгээр хүүхдийг суулгах явдал ч багтаж байна. Магадгүй та эргэн тойрондоо ийм дүр зургийг олон харсан болов уу. Энэ үйлдлээ үр хүүхдээ хайрлаж байгаатай бүү андуураарай. Начир дээрээ амь насыг нь л эрсдэлд оруулж байгаа хэрэг шүү дээ. Ялгаагүй өгөх зөвлөгөө бол зориулалтын суудлаа л хэрэглэ, худалдаад авчих. Угтаа зориулалтын суудал таны хүүхдийн амь наснаас үнэтэй зүйл гэж үү. Үгүй. Илүү үнэ, цэнтэй зүйл нь амь нас.
Ингэж л бид зөв дадал, энгийн хэдхэн үйлдлээрээ бяцхан үрсийнхээ насан туршдаа дурсаж явах, гайхуулж ярих дурсамжийг нь ХАМГААЛЖ өгч чадна