Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одбаяр: Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогоо баримталж, ШХАБ-д АЖИГЛАГЧ орны статусаа алдахгүй үргэлжлүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 13 секунд

ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын түвшний уулзалт энэ сарын 4, 5-ны өдрүүдэд болсон билээ. Монгол Улс цаашид ШХАБ-д ажиглагч орны статусаа хадгалж үлдэх эсэх асуудал дотоодод төдийгүй бусад ажиглагч орнуудад багагүй анхаарал татсан сэдэв болж буй. Тэгвэл бид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.

ОЛОН ТУЙЛТ хүчний бодлогоос ангид ОЛОН ТУЛГУУРТ гадаад бодлого чухал...

- ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн индрээс хэлсэн үгэндээ Монгол Улс ажиглагчийн статусаа хадгалж, цаашид олон тулгуурт гадаад бодлогоо баримталж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр далайд гарцгүй орнуудад тулгамдаж байгаа асуудлуудыг ч онцлон хөндөж гишүүн орнуудын анхаарлын төвд оруулах шиг боллоо. Том агуулгаараа ажиглагч орны хувьд ШХАБ-д төдийгүй түүний гишүүн орнуудад энэ удаад ямар агуулга, санааг илэрхийлэхийг зорьж оролцсон бэ?

- ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ үндсэн дөрвөн агуулгыг гаргаж тавьсан. Нэгдүгээрт, Монгол Улс ажиглагчийн статусаа хадгалж, цаашид ШХАБ болон түүний гишүүн орнууд, яриа хэлэлцээний түнш орнуудтай идэвхтэй олон талт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Товчхондоо ажиглагч орны байр бууриа цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Хоёрдугаарт, Дэлхийн улс орнууд энх тайван, найрамдалт харилцааныхаа төлөө тууштай явах хэрэгтэй. Улс орнуудын хооронд зөрчилт тэмцэл газар авч байгаа энэ үед НҮБ-ын дүрэм, ШХАБ-ын гол үзэл санаа болсон харилцан итгэлцэл, ойлголцол болоод энх тайван, найрамдлын харилцааг дипломат замаар буюу яриа хэлэлцээний шугамаар асуудлаа шийдэж байх ёстой гэдэг санааг илэрхийлсэн. Монгол Улсын гадаад бодлогын үндсэн санаа болох энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлого нь НҮБ-ын дүрэм болон, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үзэл санаатай нэг байдаг учраас аливаа асуудлыг энхийн замаар шийдвэрлэх нь нээн чухал гэдгийг онцолж тэмдэглэсэн.

Гуравдугаарт, анх удаа Монгол улс энэ ШХАБ-ын гишүүн орнууд болон яриа хэлэлцээний түнш орнуудын дунд илэрхийлсэн санаа нь ШХАБ-д элссэн 26 орон дотор манай улстай адил далайд гарцгүй 9 орон байгаа. Тэдгээр орнуудын худалдаа, эдийн засагт тулгарч байгаа асуудлуудыг анхаарч, бие биесээ харилцан ойлгож, байр сууриа нэгтгэж "бүлэг" байгуулан бусад гишүүн онуудтай болон олон улсын хэмжээний байгууллагуудтай олон талт хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэх нь чухал байгааг хөндөж, уриалга гаргасан.

Эцэст нь дэлхийн улс орнуудын гадаад харилцааны дэг журам өөрчлөгдөж, үл итгэлцэл, болон үл ойлголцох байдал руу хэт туйлширч яваа нь зэвсэгт мөргөлдөөн, өдөөн турхиралт руу чиглэж, энх тайван, эв нэгдлийн замаар асуудлыг шийддэг байдал хэврэгшиж байгаа энэ нөхцөлд хэрэв шинэ дэг журмыг бүтээх гэж буй бол энхийг эрхэмлэсэн, улс орнуудын олон ургалч үзлийг хүндэтгэсэн, соёл иргэншлийн ондоошлыг харилцан хүндэтгэсэн байдлыг харгалзан үзэж байх нь чухал гэдгийг онцолж олон туйлт биш олон тулгуурт гадаад бодлогоо улс орнууд баримтлах нь нэн чухал байгааг онцолсон.

Хандив тусламжаас илүү харилцан ашигтай том төслүүдэд хамтарч ажиллахыг эрмэлзэж байна

-ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр гишүүн болон түнш орнуудын зарим төрийн тэргүүнтэй хоёр талт уулзалтуудыг хийсэн нь анхаарал татаж буй. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийсэн уулзалтаар түлш, шатахууны тасалдлыг цаашид анхаарч, хэвийн түвшинд хангах асуудлыг тохиролцсон. Мөн Оросын талаас манай улсын эрчим хүчний салбарт дэмжлэг үзүүлэх агуулгаар 3-р Дулааны станцыг шинэчлэх, Улаанбаатар төмөр замын магистралыг шинэчлэх, бага оврын атомын цахилгаан станц барьж өгөх зэрэг чухал саналуудыг тавьсан байсан. Хоёр талт уулзалтуудын онцлох хэсгүүд нь юу байв?

-Олон талт дипломат үйл ажиллагааны нэг онцлог нь олон улсын хуралдаанд гишүүн, түнш, ажиглагч орнууд асуудлаа дундаа тавиад ярьдаг. Гарц шийдлээ тойрч суугаад зөвлөлддөг учраас богино хугацаанд хоорондоо ойлголцох, зөвшилцөх боломж бүрддэгээрээ давуу талтай.

Тиймээс энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр манай улсын Ерөнхийлөгч хоёр талт уулзалтуудыг ч мөн амжилттай хийлээ. Тодруулбал, БНТУ, БНКУ, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа урд нь хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийнхээ үр дүнгийн талаар ярилцаж, цаашдаа мөн хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, санал солилцсон байгаа.

Энэ үеэр БНКаУ болон БНТУ-тай ойрын хугацаанд дээд хэмжээний айлчлал хийхээр тогтсон бөгөөд айлчлалаас өмнө ямар баримт бичгүүд байгуулахаа тохиролцлоо. Гадаад түншлэлийн шугамаар хэрэгжүүлдэг тусламжийн шугамын бодлогоо цаашид зайлсхийх зарчмыг манай талаас баримтлахаар болсон. Энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч гурван жилийн өмнөөс тууштай хэрэгжүүлж байгаа.

Бид гадаад бодлогодоо тулгуурлаж зөвхөн харилцан ашигтай хамтын ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн хоёр орны билэг тэмдэг болохуйц том хэмжээний болон дунд хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм.

Тухайлбал хоёр улсын бизнес форумыг тогтмол зохион байгуулж хувийн хэвшлийн худалдааны зах зээлийг өргөжүүлэх, хүмүүнлэг болон соёл урлагийн чиглэлд хамтрах, харилцан бие биесээ ойлгож ажиллахаа эрхэм зорилго болгож байна.

АЖИГЛАГЧ улсын байр сууриа үргэлжлүүлэн хадгална

-Монгол Улс ШХАБ-ын анхны ажиглагч орон. 2004 оноос хойш ШХАБ-ын жил бүр зохион байгуулж ирсэн дээд хэмжээний уулзалтуудад ажиглагчийн статусаар тогтмол, идэвхтэй оролцож ирсэн. Гэхдээ тус байгууллагын шугамаар манай улсад хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд юу байдаг юм бэ?

- Аливаа нэг байгууллагат гишүүнээр элсэж болдог. Ялангуяа ШХАБ-д яриа хэлэлцээний түншээр, эсвэл ажиглагчаар орж болно. Одоогоор тус байгууллагад Монгол Улс, Афганистан улс хоёр ажиглагчийн статустай оролцож байна.

Ажиглагчийн статустай байх гэдэг маш чухал ойлголт. Тухайн улс орны тусгаар тогтнол, засаглалын тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн бие даасан байдлаас эхлээд хамаарах өргөн агуулга энд бий. Монгол Улс бол ШХАБ-ын ажиглагч орон хэвээр байна. Цаашид ч энэ статусаа хадгалах ёстой.

Ажиглагч байх нь энэ байгууллагын үйл ажиллагааг бүрэн хөндлөнгөөс ажиглаж, аль үйл ажиллагаа нь манай улсын язгуур эрх ашигт нийцэж байна гэдгийг анхаарч үздэг. ШХАБ-д манайх ажиглагчаар оролцохоос өмнө бид нэг зарчмыг баримталж тохиролцсон. ШХАБ яваандаа яаж хөгжих юм. Байгууллагын хүрээнд дэд бүтцийн болон эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих эсэх, хэрэв хэрэгжвэл бид яаж оролцож болох талаар, анхнаасаа ажиглагчийн статустай улс ч гэлээ төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж, оролцоно гэдгээ илэрхийлсэн байдаг.

Хэдийгээр ШХАБ цар хүрээгээ тэлж, олон улсын хэмжээнд улам нөлөө бүхий болж байгаа ч өнөөдрийн байдлаар бидний харж байсан том төслүүд манай улсад ашигтай байдлаар хэрэгжээгүй байна.

Манай улс ШХАБ-ын гишүүн орнууд болон түнш орнуудтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар идэвхтэй ярилцаж байгаа. Ялангуяа Төв Азитай холбосон эдийн засгийн коридорын асуудал зэрэг олон чухал төслүүдийг хамтарч хэрэгжүүлье гэсэн байр суурьтай байгаа.

Тиймээс ШХАБ-д гишүүнчлэлээр элсэх эсэх асуудлыг цаашид дотооддоо олон нийтээрээ хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг хүртэл өрнүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр ШХАБ өргөжиж, үйл ажиллагаа нь улам идэвхжиж байгааг ажиглахад анзаарагдсан нэг чухал зүйл нь тус байгууллагын хуралдааныг НҮБ анхаарч ЕНБД Антонио Гутерреш ирж оролцож байгаа нь ШХАБ-ын нэр хүнд олон улсын тавцанд хэрхэн өсөж байгааг харуулж буй. Учир нь ШХАБ өөрөө НҮБ-ын ажиглагч байгууллага. Тиймээс энд олон улсын харилцааны томоохон механизм ажиллаж байна гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу.

Ярилцсанд баярлалаа

ФОТО: Үндэсний их баяр наадмын хүүхдийн сур, шагайн харваа эхэллээ
ФОТО: Үндэсний их баяр наадмын хүүхдийн сур, шагайн харваа эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.