Дараагийн 126 гишүүнтэй парламент дахь намуудын хувь заяаг дэнслэх сонгуулийн өдөр хаяанд тулж ирээд байна. Намууд энэ сарын 14-нөөс сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ маргааш буюу тавдугаар сарын 20-нд АН, МАН, ХҮН зэрэг намууд хурлаа хийж, нэр дэвшигчдээ эцэслэх юм. Хугацаа ч тулсан тул улс төрийн намууд дотооддоо нэлээн хөл хөдөлгөөнтэй байгаа нь дамжиггүй.
Эрх баригчдын зүгээс нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангасан жагсаалтыг иргэдэд танилцуулна гэх амлалтыг ч өгөөд буй. Нөгөөтэйгүүр тэд төрд хадагдсан ах нар болоод энэ парламентын хугацаанд чих халууцуулсан улстөрчдөө нэр дэвшүүлэх үү гэдэгт олон нийт анхаарал хандуулж байна. Харин МАН-ын зүгээс поп ах нараа болоод анти рейтингтэй яваа улстөрчдийг нэр дэвшүүлэхгүй гэх бодлого барьж байгаа аж.
Үүнд Засгийн газар кабинетын зарчмаар ажиллаж чадахгүй байна гэх шүүмжлэлд өртөхөд хүргэсэн сайд нарын нэг болох ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, дахин нэр дэвших хүслээ далдхан илэрхийлээд амжсан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ багтжээ. Түүнчлэн эл листэд УИХ-ын гишүүн Сү.Батболд ч багтаад байна.
Харин олон нийтийн дунд анти рейтингтэй байгаа улстөрчдийн нэрс дунд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор нар багтаж магадгүй байна. Ч.Ундрамын хувьд гэр бүлийн асуудлаасаа болж олон нийтээс багагүй шүүмжлэл хүртээд буй. Харин Д.Өнөрболорын хувьд өнгөрсөн хугацаанд газартай холбоотой асуудлаар чих халууцуулж ирсэн бөгөөд сүүлд л гэхэд Хотын дарга Х.Нямбаатар түүнийг "Д.Өнөрболор өөртөө 50 зогсоолтой байх ёстой юм уу, Улаанбаатар хотын хоёр сая иргэн тайван орчинд хүүхдийн парк дээрээ алхах уу гэдгийг хэдүүлээ сонгоё. Сонгууль дөхөж байна, эмэгтэй хүнд хэдэн үг хэлээд яршиг даа л гэж бодож байна. УИХ-ын гишүүн гээд хотын даргыг дарамтлах, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр тулгаж болохгүй. Би харин хэлээ хазаад өнгөрье" гэж байв.